Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай олон компаниудад 2008 оны 5-р сарын 22-нд анх батлагдан, 2015 оны 5-р сарын 14-ний өдөр өөрчлөлт оруулсан Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн (ХАБЭА) тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ. Гэтэл ХАБЭА-н нэршилийг “Аюулгүй Ажиллагааны Ажилтан – ААА”, “Эрүүл мэнд, Аюулгүй Ажиллагаа, Байгаль орчны ажилтан – ЭМААБО”, “Эрүүл Ахуй, Хөдөлмөрийн Аюулгүй Байдлын ажилтан - ЭАХАБ”, “Хөдөлмөр Хамгааллын Инженер - ХХИ” зэрэг маш олон өөр өөр байдлаар нэрлэх хандлага ажиглагдаж байна. Өнөөдөр гэхэд 30 жил уул уурхайн салбарт ажилласан “хашир бурхи” надаас ЭМААБО-ны ажилтан гэж юу хийдэг хүн бэ? ямар утгатай нэршил вэ? гэж асуув. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 6-р бүлгээс улбаалан, бүхэл бүтэн хууль гаргасан нь 2008 онд болсон процесс бөгөөд үүнээс өмнө 2000 онд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Эрүүл ахуй. Нэр томъёо, тодорхойлолтийн тухай MNS 4967:2000 стандарт батлагдан гарсан байсан болохоор үүгээр тодорхойлогдсон нэр томъёог хуучнаар нь ашиглаад сурчихсан байж магадгүй юм. ХАБЭА-н нэр томъёог сонирхвол ХАБЭА-н тухай хуулийн 3-дугаар зүйлийг уншаарай.
2000 оны стандартын дараа 2008 онд ХАБЭА-н тухай хууль гарсан болохоор хэрэглэгдэх нэр томъёо өөрчлөгдсөн юм. Хууль нь том уу? Стандарт нь том уу? Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс хуулийг нь хэрэгжүүлэх үү? Стандартыг нь хэрэгжүүлэх үү? аль нь зөв бэ гэдгийг захын хүн хэлээд өгнө.
Яагаад Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн тухай хууль гэж нэрлэж болоогүй юм бэ? гэж зарим хүмүүс надаас асуудаг. Эрүүл мэндийн тухай хууль (эрүүл мэндийн бүх асуудлууд өргөн хүрээгээр тусгагдсан) Монгол улсад бий бөгөөд хэрэгжүүлэгч нь Эрүүл Мэндийн Яам, энэ хуультай зөрчилдүүлэхгүйн тулд ХАБЭА-н тухай хууль гэж нэрлэгдсэн билээ. Гэхдээ дотоод агуулгын хувьд ХАБЭА-н тухай хууль нь гадны Occupational Health and Safety хуулиудаас нэг их дутахгүй ба хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудлуудыг орхигдуулалгүй тусгагдсан. Хэрэв зөв санаж байгаа бол уг хууль дотор 38 удаа “хөдөлмөрлөх үеийн эрүүл мэнд”-ийн тухай орж өгсөн байдаг.
Тэгвэл зөв нэршил нь юу вэ?
ХАБЭА-н ажилтан гэх нь Монгол улсын хуульд нийцнэ. ААА, ЭМААБО, ЭАХАБ, ХХИ гэх ийм стандарт нэршил Монгол улсад байхгүй тул, энгийн иргэд ЭМААБО-г Эрүүл мэндийн ажилтан эсвэл Эмнэлгийн аюулгүй ажиллагаа хариуцагч, эсвэл Байгаль орчны ажилтан гэж ойлгох байх, ямар сайндаа л надаас хүмүүс ямар учиртайг нь асуугаад байх юм. Хуучин бол хөдөлмөрийн хамгаалал гэдэг стандарт нэршил байсан юм шүү дээ, одоо уг нэршил нь ХАБЭА болон өөрчлөгдсөн. Яг л Сэргийлэх гэдэг үг Цагдаа болж өөрчлөгдсөнтэй л адил, Район гэдэг үг Дүүрэг гэж өөрчлөгдсөнтэй ижил, Ажилчдын районыг Хан-Уул дүүрэг болгосонтой агаар нэг буй за.
Би ч бас гадны хөрөнгө оруулалттай (Канадын) компанид ажилладаг, гэхдээ зөв орчуулга болон хуульд нийцэхийг (law compliance) эрхэмлэдэг. Жишээ нь: Secretary гэдэг үгийг бид эх орондоо Нарийн бичгийн дарга эсвэл Нарийн бичиг гэж орчуулдаг бөгөөд иргэд нь уг үгэнд дассан байдаг. Түүнээс биш Secret гэдэг үгнээс нь улбаалан Нууц хадгалдаг бүсгүй (наргиан болгож модон орчуулга хийв) ч гэж орчуулах юмуу, өөрөөр нэрлэвэл энгийн иргэд юу гэж ойлгох бол?
Хуулиа эрхэмлье. Хэрэв стандарт нэршлээ ХАБЭА-н салбарт ажилладаг бид эхлээд төлөвшүүлж чадахгүй, өөр өөрөөр нэрлээд яваад байвал та амьдралынхаа туршид бусдад ямар ажил хийдэг тухайгаа өдөр болгон тайлбарлах шаардлага тулгарна гэсэн үг. ХАБ – Хөдөлгөөний Аюулгүй Байдлын ажилтан уу? Тэгэхээр та зам дээр зогсоод автобус зохицуулдаг хүн үү? 8 настай хүү тоглоомын талбай дээр надаас ингэж асуусан юм даа.
Б.Ганжигүүр
HSCT ХХК