Үгүй ээ. Тэд бид нар шиг л хүн, мэдээж үзсэн харсан зүйл болон туршлага арвин байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг толгойтой, хоёр гартай, хоёр хөлтэй, хүн гэдэг адилхан амьтан тул яг л ижил эрсдэл хийдэг. Автомашины ослоор л жишээ авахад харагдана. АНУ, Канад, Австрали, Их Британийн аль ч статистик мэдээг харсан бидэнтэй адил ослыг гаргаж байгааг харж болно.
Гэхдээ тэд биднээс бага осол гаргадаг уу?
Би тийм гэж хэлэхгүй. 2 компаниар жишээ авья: Оюу толгойгоор жишээ авахад тэнд ажиллаж байгаа нийт ажиллах хүчний 90 гаруй хувь нь Монголчууд. Тэдний LTIFR = 0.08 байхад Австралийн дундаж нь 200,000 цаг ажиллахад 0.84 байна, өөрөөр хэлбэл Монголчууд ажиллаж байгаа уурхайн ослын хэмжээ Австралийн уурхайнуудын дунджаас 10,5 дахин бага байна. Трансвест компани нь KOMATSU брэндийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлдэг, засварладаг компани, энэ салбарт ажиллаж байгаа Австралид үйл ажиллагаа явуулж буй компаниудын LTI ослын давтамж дунджаар 1,68 байна, гэтэл Трансвестийнх 0,00. Харамсалтай нь хоёр улсын дунджыг харцуулах боломжгүй байна, учир нь манайх салбар салбараараа ослын давтамжийг гаргаж амжаагүй байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт Монголын статистикийг гаргасан ч үл ялиг их осол гаргадаг байхыг үгүйсгэхгүй, харин зарим хүний хэлдэгчлэн хэд дахин их осол гаргадаг байх боломжгүй.
Монголын ХАБЭА соёл өөр, гадаадынх бол тусдаа
ХАБЭА-н соёлын тухайд жич ярихад – Яг адил, учир нь бид дахиад хэлэхэд нэг толгой, хоёр гар, хоёр хөлтэй адилхан хүмүүс. Өөр өөр хэлээр ярьдаг боловч амь насаа хамгаалахын тулд юу хийх ёстой вэ гэхэд хэлж буй зүйл нь ижил, хийж буй corrective action нь ч (засах арга хэмжээ) ижил. Шар, хар, цагаан арьстай ухаантай хүмүүс ч байна, ухаан муутай хүмүүс ч байна, бүх нийгэмд ижил. Шар арьстай Ази нөхөр ХАБЭА-н сайн ном бичиж байна, Хар арьстай Энэтхэг ч хүн ч байна, Цагаан арьстай Австрали, Америк хүн ч байна. Цагаан нь хүртэл Шараасаа, Хараасаа суралцаж л байдаг хорвоо юм даа. Өөр жишээ авахад йогийг хар л даа, Азиас үүсэлтэй.
Монголчууд хөх толботой, тэнгэр заяат болохоороо илүү ухаалаг, ХАБЭА-г амархан ойлгодог
Үгүй юмаа, яг л ижилхэн. Харин илүү байхыг хүсвэл бусад үндэстэн ажлаа тараад пиво ууж байхад, бид үргэлжлүүлэн суралцаж, бясалган, туршлага хуримтлуулж, амьдралд хэрэгжүүлдэг болсон байх хэрэгтэй. Хожим хойно илүү болчихсон бол олсон туршлага, мэдсэн мэдлэгээ тархины авдрандаа хийж хав дарахын оронд бусдад түгээж, хамтдаа хөгжвөл энэ нийгэм, хорвоо ертөнц маань илүү сайхан болно. Үүгээрээ мөнгө хийнэ үү, үнэгүй тараана уу, таны л сонголт.
Б.Ганжигүүр
HSCT ХХК