ХАБ-ууд бид өөрсдийгөө хязгаарладаг

17 жил ХАБ-аар ажиллахад миний хувьд туршлага, мэдлэгээс минь гадна төсөв хамгийн их анхаарлаа хандуулдаг ажил байлаа. Учир нь мөнгөгүй бол ХАБ-ууд маань сайн НБХХ олгож чадахгүй, ажилтнуудаасаа талархал хүлээж авахгүй, аливаа дүрэм журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хэрэгслүүдийг (өндөрт ажиллах журмаа хэрэгжүүлэхэд өндрийн бүс авна, хязгаарлагдмал орчинд ажиллах журмаа хэрэгжүүлэхэд хий хэмжигч авна, тоног төхөөрөмжийн хийлгэхэд үзлэгийн хуудас хэрэгтэй болно, хүн бүрийг аюулыг таньдаг болгож осол болохоос нь өмнө аюулыг устгана гэвэл аюулыг мэдээлэх хуудас, зөрчил бүрийг яаралтай арилгаж засна гэвэл зөрчлийг мэдээлэх хуудас – нэг л өдөр нөгөө зөрчил чинь осол болчихдог... эсвэл энэ бүхнийг програм хангамжаар шийднэ гэвэл түрээсийн төлбөр гэх мэт...) авахад төсөв мөнгө маш их хэрэгтэй болж байдаг.

Миний хувьд 2008 онд SouthGobi Sands нүүрсний уурхайд байхдаа анх төсөв хийж билээ. Мэдээж олигтой хийгээгүй ээ, 13 төрлийн зүйл худалдаж авна гэж оруулсан юм. Бүр гутал, хувцас, малгай, шилээ төсөвлөөгүй байж билээ. 2009 онд Уурхайн Канад даргаасаа бүтэн жилийн туршид мөнгө гуйж, гутал хувцас авч, өөрийгөө залхааж, нүүрээ барсан юм. Ганц малгай авахад гадаад дарга дээрээ орно, мөнгө гуйна... 1 жилийн туршид ингэж ажиллахад “Төсөв бол Маш Чухал” гэдгийг ойлгож авсан бөгөөд хожим цонхон дээр тавих цэцгийг хүртэл төсөвтэй оруулж өгдөг болсон билээ.

ХАБ-ууд бид бүх зүйлийг мэдэх боломж үгүй байдаг. Заримдаа HSE гээд эрүүл мэнд, байгаль орчны ажлуудыг бидэнд хамаатуулах нь их. Ингэсэн тохиолдолд надад эрүүл мэнд талыг сайн мэддэг хүнээс зөвлөгөө авах, ажил зохион байгуулах хэрэгцээ тулгардаг. Би байгаль орчны талаар сайн мэддэггүй бол зөвлөх хөлсөлж, хийх ажлуудаа тодорхойлно. Мод тарихад хүртэл мөнгө хэрэгтэй болдог. Хогоо түүх, байгаль орчныг цэвэрлэхэд хүртэл ажилтнууддаа бээлий, хогны уут бариулаад явуулна, мэдээж бээлий хогний уутаа дэлгүүрээс авахад бас л мөнгө хэрэгтэй болдог. Ямар л ажил хийнэ, зохион байгуулна, хойно нь заавал төсөвтэй байх шаардлага тулгардаг.

2010 онд Энержи Ресурс-д ороод эхний өдөр хийсэн зүйл бол Төсөв байсан юм. Надад ийм том төсөл дээр ХАБ-г зөв зохион байгуулахад 4 тэрбум төгрөг хэрэгтэй байсан учраас 8 тэрбумын төсвийг 7 цагийн дотор бичиж билээ. Санхүү дээр 30%, Удирдлагуудын түвшин 20% нь танагдаад, 4 тэрбум төгрөг үлдсэн. 2 тэрбумаар нь хувцас, хамгаалах хэрэгслээ зохицуулаад, 2 тэрбумаар нь зарим ажилтнууддаа гадаадаас сургалт авах, гадаад руу сургалтанд явуулах, шинэ технологиудыг ажилдаа нэвтрүүлэхэд ашигласан юм. Үр дүн нь: 2012 оны байдлаар маш амжилттай, Хөдөлмөрийн чадвар алдалтын түвшин (LTIFR) 200.000 цаг ажиллахад 0.11 болсон юм. 2022 онд Оюу толгойн LTIFR 0.19 байсан...

Удирдлагаараа хэрэгтэй төсвөө батлуулахад:

  1. ХАБЭА-н тухай хуулийн 26.2-г ашигладаг. Үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1,5%-иас багагүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулна. Төсөв байхгүйгээс осол гарвал ХАБЭА-н тухай хуулийн 27.1-т заасны дагуу Ажил олгогч (эзэн) хариуцлага хүлээдэг.
  2. Төсөв гаргаад төсвөө хамгаалж, батлуулахын тулд Удирдлагадаа ямар зорилгоор юу хийх гэж байгаагаа сайн тайлбарладаг. Жишээ нь: Осол бол том зардал. Энэ зардлыг гаргахгүйн тулд, өөрөөр хэлбэл осол гаргахгүйн тулд манай бүх ажилтнууд ослын үндсэн шалтгаан болох аюулыг олж, таньж, арилгаж чаддаг байх ёстой. Үүнийг бүх хүн хийж чаддаг болсон тохиодолд манай байгууллагад ХАБЭА-н соёл тогтоно. Бүх хүнийг оролцуулахын тулд тэдэнд хэрэгсэл (tool) хэрэгтэй, яг л механик хүнд түлхүүр, газар ухаж байгаа бол хүрз хэрэгтэй байдаг шиг... Аюулыг мэдээлэх хуудсыг хүн бүртээ өгье, эсвэл Гар утасны аппликэйшн ашиглаж хүн болгон гар утсаараа мэдээлэх боломжийг өгье... Өндөрт ажиллах ийм журам батлагдсан, манай өндрийн ажил гүйцэтгэдэг 20 хүнийг ийм ийм хамгаалах хэрэгслээр тоноглож, амь насыг нь хамгаалахын тулд... Дарга намайг “байгаль орчны асуудал хариуц” гэсэн, байгаль орчин дээр миний мэдлэг дутагдах тул би энэ чиглэлийн ийм мэргэжлийн компаниас зөвлөгөө авч ийм ажлуудыг ийм төсвийн хүрээнд ингэж зохион байгуулах хэрэгтэй байна...
  3. Төсөв Санхүү дээр 25%, Дарга дээр 25% хувь танагдана гэдгийг анхнаасаа тооцож байх ёстой. Тиймээс хэрэгтэй мөнгөнөөсөө 2 дахин ихээр төсөвлөж оруулдаг. Ажилтнуудын тоог өөрчилж болдоггүй тул бүтээгдэхүүний нэгжийн үнээ нэмэх аргыг би ашигладаг байсан. Монгол улсын инфляцийн улмаас дараа жил үнэ 10-20%-иар өснө гэдгээ ч тооцож төсвөө хийдэг байлаа.
  4. Энэ жил төсөв батлагдсан бол миний зарцуулалт 110% байдаг байлаа. Төсвөөсөө бага зарцуулах л юм бол ирэх жил ХАБ-ын төсөв өсдөггүй. Би илүү ажил хийх боломжоо би өөрөө хязгаарлана гэсэн үг. Тиймээс төсвөөсөө арай илүүг зарцуулж, ирэх жил яагаад төсөв өсөх болсноо тайлбарладаг байв.
  5. Ханган нийлүүлэлтийн байгууллагаа сургаж, манай хэрэгцээг хангаж чаддаг чадавхитай болгох нь миний гол зорилгуудын нэг байлаа. 2016 онд Трансвестэд байхад Санхүүгийн газрын Австрали дарга надад үнэтэй зөвлөгөө өгсөн юм: “Хямдханыг хэзээ ч бүү сонго, хамгийн үнэтэйг нь ч бас бүү ав, дундаж үнэтэй манай ажилтнуудын хэрэгцээг хангаж чадах, чанартай бүтээгдэхүүнээ л ав. Хамгийн гол нь чиний шаардлагын дагуу хөгжиж чадах 3 компанитай холбогдоод, олон жил тэднийг хөгжүүлээд яв. Чиний ханган нийлүүлэлт тасрахад манай компани дээр ажил зогсоно, тиймээс бүтэн жилээр юу юу авахаа Нийлүүлэлтийн компаниуддаа эртхэн хэлж өгөөд, гэрээ байгуулчих, цаадуул чинь хэрэгтэй үед нь агуулахдаа бэлэн байлгаж чадна, бид ч худалдан авна. 4-р сард Монголчууд зуны хангалтаа хийдэг юм байна лээ, тэгвэл Ханган нийлүүлэлтийн компаниуддаа 4-р сарын 15-нд бэлэн байлгана гэж гэрээ байгуулаад, дор хаяж 6 сарын өмнө захиалгаа өгчих. Энэ нөхцөлд чи дэлгүүрүүдээр гүйж, үнэтэй ажлын цагаа хоосон үрэхгүй. Өвлийн хангалт чинь 10-р сард бол чи 4-р сард нь гэрээ байгуулсан байх ёстой, манайд ханган нийлүүлэлдэг байгууллагуудад ч бас бэлтгэж амжина. Зах зээл дээр чамд хэрэгтэй бүтээгдэхүүн үргэлж бэлэн байдаггүй тул чи түрүүлж төлөвлөх ёстой” гэж билээ...
  6. Санхүүгийн Австрали дарга бас нэгэн үнэтэй зөвлөгөө өгсөн юм: “Хэзээ ч битгий хямдруулж ав. Та нар Азиуд болохоор үнэ дээр дандаа хэлэлцээр хийдэг юм байна. Гэтэл ханган нийлүүлэгчид чинь ашиг олж, хүн хүч болон агуулахаа тэлж, сайн ажиллаж чадах үнээ (price) аль хэдийн тооцсон байгаа. Хэрэв чамд ханган нийлүүлэлт хийдэг, сонгосон 3 компани чинь ашиг олж чадахгүй бол чамтай харилцахаа болино. Бид жижиг компани биш, тиймээс “жижиг компани” шиг зан гаргах хэрэггүй... Чи ашиг олох боломж өгөхгүй, ханган нийлүүлэгчидээ алдвал чи дахиад 3 шинэ компанийг олж сургах шаардлагатай болно, өөрөөр хэлбэл 2-3 жилийн өмнөх үе рүүгээ ухарна, дахин дахин ингэх бүрт чи л хохирно. Бид маш их хүч, цаг, хөрөнгө гаргаж тэр ханган нийлүүлэлтийн компаниудыг чинь сургаж байна. Бидэнтэй хамт хөгжиж чадах, мэргэжлийн (potential and professional) компани сонго. Бид мөнгөө төлөөд л байдаг, тэд хөгжихгүй бол бидэнд эргээд үнэ цэнэ (value – илүү дээр үйлчилгээ, сайн бүтээгдэхүүн, шинэ санаа, ханган нийлүүлэлтийн богино хугацаа, тохирсон цагтаа агуулахдаа бэлэн байлгах боломж) өгч чадахгүй... Өөрөөр хэлбэл бидний хөрөнгө оруулалт тэдний захирлын том байр машин болж хувирах болно, энэ бол маш муу хувилбар. Ийм муу компаниудаас зүгээр л зайгаа барь, чи амжилтанд хүрэхийг хүсэж байгаа бол чамд шилдгүүд хэрэгтэй”.
  7. Худалдан авалтын нэгэн гадаад дарга бас сургаж байж билээ: “Чи бол ХАБ, чамд юу хэрэгтэйг надад ядаж 1 сарын өмнө хэлж бай. Чамд хэрэгтэй бүтээгдэхүүн зах зээл дээр бэлэн биш байж магадгүй, бид өчнөөн олон компанитай холбогдож, маш их цагаа үрж, захиалга өгөн, бөөн юм болж байж авч ирдэг. Төлөвлөхийн тулд бусад хэлтсүүдтэйгээ сайн ярилц. Тэд юу хийхээр төлөвлөж байна гэдгийг олж мэдээд, тэдний хүмүүст юу юу хэрэг болохоо урьдчилан тооцож байх хэрэгтэй. Яаралтай гэж аль болох битгий хэлж байгаарай, чи төлөвлөж чадаагүй болохоор ингэж сандардаг. Байнга авдаг бараагаа өөр дээрээ нөөц үүсгэсэн ч болно. Болж өгвөл байнга харилцдаг ханган нийлүүлэгчдээсээ авбал Санхүүгийн ажилтнууд олон жижиг гүйлгээ олон данс руу шилжүүлэхгүй – тэдэнд ч амар байх болно...”

Б.Ганжигүүр

HSCT ХХК