Ийм яриа одоо ч гардаг. Би хувийн зүгээс бодохдоо, урьд нь:
- Аж ахуйн нэгж болгон дээр очиж хяналт тавьдаг, юу шалгах нь мэдэгдэхгүй байж байгаад баахан торгууль бичээд өгдөг байсан гэдэгтэй санал нийлнэ.
Харин одоо бол шалгах хуудас гэж хуулийн заалтууд дээр үндэслэн гаргаад, аж ахуйн нэгжүүдэд урьдчилан мэдэгдсэний дараа очиж шалгадаг болсон. Торгууль бичихээсээ илүүтэйгээр зөвлөгөө өгч, тавьсан шаардлагыг биелүүлснээ эргэж мэдэгдэхийг даалгадаг болжээ. Бүх аж ахуйн нэгж гэхээсээ илүүтэйгээр эрсдэл өндөртэй аж ахуйн нэгж байгууллагууд дээр очиж шалгадаг болсон. Өөрөөр хэлбэл илүү уян хатан болон хүнд суртлыг багасгах хэлбэр лүү шилжсэн гэж ойлгож болно.
Гэтэл 10-аад хоногийн өмнө МХЕГ-аас нэг ах маань залгадаг юм байна. Ганжигүүрээ, Англиас ийм төслийн хүрээнд ийм хурал дээр ийм доктор хүн ирээд:
- Англид МХЕГ-ыг зөвхөн зөвлөгөө өгдөг жижиг байгууллага болгосны үр дүнд ослыг ТЭГ болголоо гэх юм. Энэ үнэн үү? Гэтэл нөгөө доктор Германд одоо хүртэл хяналтын чанга тогтолцоо байдаг учраас одоо хүртэл ажлын байран дээрхи осол нь буурахгүй байна яриад байна, хэр үнэн бэ? асуув. Хурал дээр мань хүн Монголд МХЕГ гэж ер нь байх шаардлагагүй гэж хэлж байна гэж байна – сонсоод л ам гацсан гэж жигтэйхэн. Монголчуудыг тэнэг гэж бодоод байгаа юм байх даа гэж дотроо их дургүйцэв.
Учир нь нэгдүгээрт: Нэгдсэн Вант Улсад (United Kingdom) осол ТЭГ болоогүй (2014 - 2015 оны байдлаар 142 хүн нас барсан, 1,2 сая хүн мэргэжлээс шалтгаалсан өвчинтэй, 76,000 хүн үйлдвэрлэлийн ослоор гэмтсэн, 611,000 осол гарсан – эх сурвалж: http://www.hse.gov.uk/statistics/), одоо хүртэл хамгийн эрсдэлтэй салбаруудад (далайн тээвэр, төмөр зам, цөмийн станцууд, зарим химийн бодисны үйлдвэрүүд, тэсрэх бодисны үйлдвэрүүд) хяналт тавьсаар байгаа. Тэдэнд бас шалгах хуудас байдаг, түүнийхээ дагуу үздэг. Томоохон ослууд дээр очиж судалгаа хийдэг. Товчоор хэлэхэд яг л манайх шиг системтэй байгааг хэлсэн юм. Зөвхөн Нэгдсэн Вант Улс төдийгүй, АНУ-д бол OSHA, Австралид бол Safe Work, Солонгос-т бол KOSHA, Норвегид бол Arbeidstilsynet гэх мэт улс орон бүрт өөр өөрийн гэсэн хяналтууд системүүд, байгууллагууд байдаг бөгөөд эдгээр нь улс орныхоо хууль, бодлого, стандартуудыг ажлын байруудад бүрэн нэвтрүүлж, иргэдийнхээ эрүүл аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэхийн төлөө ажилладаг билээ. Гэтэл яагаад тэр хүн Монголд МХЕГ байж болохгүй гээд яриад яваад байна вэ? Үүн дээр тодорхой хардлага төрснийг ч нуух юун. Хэн гэдэг хүн, хаанаас, ямар журмаар ирчихээд Монгол Улсад хяналтын байгууллагыг нь бүрэн устгах зөвлөгөө өгөөд яваад байна? Хяналтын системгүй улс орны системийг хэн нэг нь Монгол дээр туршиж үзэх гээд байна уу? Эсвэл Хяналтын системийг устгаж байгаад дараа нь төлөвлөсөн зүйл байна уу? МХЕГ-ын татан буулгья гэж ярьдаг улс төрчид ч бий, тэд хэний амнаас ямар үг сонсчихоод ийм бодолтой болсныг нь ч би гайхдаг.
Би бол Либерал хүн, минималист (төрийн оролцоог хамгийн бага түвшинд байлгах) системийг дэмждэг, гэхдээ минималист байна гээд Хяналтын систэмээ (хүний биеэр бол дархлааны систем, гаднаас орж ирдэг халдваруудтай тэмцдэг, дотооддоо ч өвчин үүсэх шинж тэмдэг илрэхэд дарж байдаг) гэмтээж болохгүй гэж боддог.
Цаашид МХЕГ яаж хөгжих вэ?
Одоо байгаа системээ төгөлдөршүүлнэ. Эрсдэлтэй өндөртэй ажлын байрууд дээр шалгах хуудсаар шалгадаг систем нь хөнгөн бөгөөд сайн арга. Торгуулиас илүү зөвлөгөө өгөх арга барилаа үргэлжлүүлнэ. Харин зөвлөгөө өгөөд ч шаардлага биелүүлэхгүй байгаа газруудыг торгоод, болохгүй бол хаах нь зөв. Зөвлөгөө өгдөг шугамаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Жишээ нь: Утсаар, Мэйлээр, Вебсайтаар, Фэйсбүүкээр, Твиттерээр ч юмуу, одоо ч боломж их болжээ.
Яагаад хяналтын систем алга болж болохгүй?
Зөвхөн хүнсний асуудал дээр жишээ авья. Та төсөөлөөд үз дээ, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн Монгол улсын хилээр чөлөөтэй орж байна гээд... АНУ-ын үр тарианы зах зээлийн 95 хувийг Монсанто корпорацийнх нь генийн өөрчлөлттэй улаан буудай эзэлж байна, эрдэнэ шишийнх нь бараг 100 хувь, эрдэнэ шишээр зөвхөн гурил биш кетчуп, жигнэмэг хүртэл хийн, фермерийн үхрүүдээ борддог – одоо хүртэл генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээс хүний эрүүл мэндэд тусах хохирлыг бүрэн тооцож чадаагүй байна. ОХУ гэхэд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн импортлохыг бүрэн хориглосон. БНХАУ-аас янз бүрийн шавьжтай будаа орж ирлээ гээд л шуугидаг. Үүнд ямар ч хяналт байхгүй болно, хэн дуртай нь оруулж ирээд зарна. Зарсан компанид хяналт тавих, хариуцлага хүлээлгэх ямар ч байгууллага Монголд байхгүй болно. Миний охид алим, банана их иддэг, гэтэл идэж байгаа жимс нь аюулгүй (өтгүй, хугацаа нь дуусаагүй, хортой бордооны элемент агуулаагүй), шинжилгээнд ороод Монгол улсын хилээр орж ирсэн гэдэгт би хэнд итгэх вэ? Чанаргүй цемент улсын хилээр орж ирээд, тэрүүгээр нь барьсан барилга насжилтгүй, нэг л өдөр нураад өгөх боломжтой болно.
Хөдөлмөрийн аюулгүй байдал дээр жишээ авахад ажлын байрууд эрүүл, аюулгүй байгаа эсэхэд Төрийн хяналтыг хэрэгжүүлдэг МХЕГ байхгүй боллоо гэж бодьё. Үнэнийг хэлэхэд та ажилгүй болно, учир нь захирлууд гарч байгаа ослуудад анхаарал хандуулах, урьдчилан сэргийлэх шаардлагагүй болчих юм. Бидний аав, ээж, эхнэр, ирээдүй хойч үе болсон хүүхдүүдэд маань арай дээр хөдөлмөрийн орчин бүрдэхгүй. Хүүхдүүд маань бидэн шиг л цемент, тоос бужигнасан, хамар амаараа шороо үмхсэн орчинд л ажиллана. Би ийм ирээдүйг үр хойчдоо үлдээмээргүй байна, тэд биднээс илүү дээр орчинд ажиллаж амьдрах ёстой.
Ирээдүйд (10-20 жилд) магадгүй МХЕГ зөвлөгөө өгдөг, хялбар бүтэцтэй байгууллага болон төлөвших бүрэн боломжтой. Гэхдээ өнөөдөр биш, учир нь манай бизнес эрхлэгчид (өтгүй алим оруулж ирэх ёстой, гадаадад авч байгаа алимаа шинжилгээнд хамруулсан бичгээ үзүүлбэл Монгол руугаа импортлоно гэдэг гэсэн ёс суртахуунтай) болон хэрэглэгчид (ямар хүнсийг яаж зөв хэрэглэх вэ гэдэг ойлголттой болтлоо) бүрэн төлөвшөөгүй байна. Цаг нь ирэхээр хяналтыг багасгаж бололгүй яахав, гэхдээ хэзээ ч устгаж болохгүй.
Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК