1931 онд Х.В.Хейнрих “Үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх нь” номондоо 300 осол гарахад 1 жижиг гэмтэл учирдаг, 29 хөнгөн гэмтэл гарахад 1 хүнд гэмтэл гардаг ослын сонирхолтой хамаарал байгааг анх олж тодорхойлжээ.
Үүнээс хойш 1969 онд Хойд Америкийн Даатгалын Компанийн Инженерингийн хэлтсийн дарга Франк Э.Бөрд энэ дээрхи хамаарлын асуудлыг сонирхон судалж, 1,750,000 гаруй ажилтан ажиллагсадтай 21 салбарын 297 компанид гарсан 1,753,498 ослуудад судалгаа хийж үзээд дараах үзүүлэлтүүдийг гарган авав.
9,8 хөнгөн гэмтэл (зөвхөн анхны тусламж авсан тохиолдол) гарахад 1 хүнд гэмтэл (нас баралт, тахир дутуу болох, хугацаа алдсан гэмтэл эсвэл эмнэлгийн тусламж авсан тохиолдол) гарч байна. Хүнд гэмтэл гарсан 95 компанийг үргэлжлүүлэн судлахад 1 хугацаа алдсан гэмтэлд 15 эмнэлгийн тусламж авсан тохиолдол оногдож байна. 30,2 өмчийн эвдрэл гарснаас 1 нь хүнд гэмтэл болж байлаа. 600 гаруй осол (incidents) гарснаас 1 нь хүнд гэмтэл байжээ.
Хийсэн судалгаандаа тулгуурлаад тэрээр 1-10-30-600 гэдэг хамааралыг пирамид хэлбэрт оруулан анх тодорхойлсон бөгөөд өөрөөр хэлбэл 600 осол гарахад нь 30 өмчийн эвдрэл гарна, 30 өмчийн эвдрэл гарахад 10 хүнд гэмтэл гарна, 10 хүнд гэмтлээс 1 нь үхэлд хүргэдэг гэсэн үг юм.
Энэ хамаарал нь бид зөвхөн хүнд гэмтлүүдийг судлаад, түүнээс урьдчилан сэргийлж болох байсан хичнээн их боломжуудыг алдсан/тоохгүй орхиж байгааг харуулжээ. Судалгаанд оролцсон компаниудын удирдлагууд өмчийн эвдрэлүүдийг осолд дөхсөн тохиодолд ангилалд оруулан бүртгэж байсан нь их сонирхол татсан бөгөөд өмч эвдрэхэд тэрбум тэрбум долларын алдагдал учирч байсан боловч тэд үүнийг “осолд дөхсөн тохиолдол” байлаа гээд хайхрахгүй орхиж байсан байна...
Уг пирамид загвар бүх байгууллагууллагад тохирох ёсгүй ч жижиг ослыг судлан бүртгэж, тэдгээрийн эрсдэлийг арилгах нь том осол гарахаас урьдчилан сэргийлэх нэг алхам юм байна гэдэг дүгнэлтэнд хүрэв. Өөрөөр хэлбэл хүнд гэмтэлд хүргэж болохуйц жижиг гэмтлүүдийг анхаарч, судлах нь ирээдүйд үүсэх томоохон хохирлуудаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг олж тодорхойлжээ.
Сүүлд 2003 онд ConocoPhillips Marine компани ослын судалгааг улам боловсронгуй болгоод, осол гарах анхдагч хүчин зүйл нь хүний “эрсдэлтэй үйлдэл хийдэг зан” (at risk behavior) бөгөөд үүнийг бууруулснаар үхэлд хүргэх хүчин зүйлсийг арилгаж болно гэж үзсэнээр пирамидын доод суурин хэсэгт at risk behavior гэдэг хүчин зүйл нэмэгдсэн байдаг.
Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК