Шүүхээр шийдэгдсэн хэргүүдийн судалгаа

"Трансвест Монголиа" компанийн ХАБЭА-н ажилтан Рэнцэнгийн Гансүхийн хийсэн 2014 онд Эрүүгийн тухай хуулийн 138 болон 183-р зүйл ангиар Шүүхээр шийдэгдсэн хэргүүдийн судалгааг эндээс татаж авна уу.

Түүний дүгнэлтийг нь оруулав:

2014 онд Эрүүгийн хуулийн 138.1, 138.2, 183.1 р зүйл ангиудаар шүүхээр ял шийтгүүлсэн хэргүүдийн судалгаа хийж үзээд доорх дүгнэлтэнд хүрсэн болно.

Нэгдүгээрт- Эрүүгийн хэргийн зүйл ангиар ял төлөвлөгдсөн боловч, оноосон ял нь ихэнх тохиолдолд тэнсэн харгалзах ял оноож байгаагаас /42 хэрэг 85 хүн холбогдон шүүхээр шийдэгдсэнээс 32 хэрэгт 48 хүн тэнсэн харгалзах ял оноосон/ ХАБ тай холбоотой хэрэг зөрчил буурахгүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Хоёрдугаарт- Хохирогч талд нөхөн олговор сайн дураар олгосон нь шүүхийн шийдвэрт нөлөөлж байгаа нь - /”Шүүгдэгч нар оршуулгын зардал 13.500.000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтад заасан ял хөнгөрүүлэх нөхцөл болж байна”.- 201301070223 дугаартай эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоос / хэргийн цаашдын хор уршигыг тодорхойлоход төвөгтэй байдал үүсгэж байна.

Гуравдугаарт- Хувиараа уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч нарт тавих ХАБ ийн хуулийн хяналтыг чангалах шаардлагатай нь 7.627.000 төг, 8.487.400 төг , 8.300.000 төгрөгүүдийг амь үрэгдсэн иргэний ар гэрт төлснөөр хохирлыг барагдуулсан, гомдолгүй гэж хэлүүлж чадаж байгаагаас харагдаж байна.

Дөрөвдүгээрт- Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилчны амь нас эрүүл мэнд хохирсон тохиолдолд тухайн ажил олгогч байгууллагад хатуу хариуцлага, торгууль оногдуулах шаардлагатай болох нь дээрх шүүхийн шийдвэрүүдээс харагдаж байна. Үүнд оршуулгын зардал, сайн дураараа багахан хэмжээний нөхөн олговор олгосон болоод тэнсэн харгалзах ял, хэргийг хэрэгсэхгүй болгох зэргээр ял завшиж байна.

Тавдугаарт- Зарим хэргийг шийдсэн байдлыг харахад хүний амь хөнөөсөн гэмт хэрэг үйлдэгдээд байхад ар гэрт нь нөхөн олговор олгосон төдийд тэнсэн харгалзах ял өгч байгаа нь 183 дугаар зүйл нь Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг буюу “Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-үйлдсэн гэх зүйл заалтад харшилж байна гэж харагдаж байна. Жишээ нь Тэнгис кинотеатрын дэргэд иргэн Ч амь насаа алдсан хэрэг, Нарны титэм ийн урд зам дээр иргэн Б амь насаа алдсан хэрэг. Тухайн хэргүүд нь олон нийтийн газарт, олон хүнийг хамарч болох байрлалд болсон ослууд бөгөөд санамсаргүй тохиолдлоор цөөн хүн оносон болохоос, хэд дахин олон хүнийг хамарч амь нас хөнөөж болзошгүй, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг байсан гэж үздэг.

Зургаадугаарт-Ихэнхи хэрэгсэхгүй болгосон хэрэгт хохирогчид хохиролын мөнгийг тухайн осол гарсан аж ахуйн нэгж, компаниар төлүүлсэн мөртлөө тухайн аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан эрх бүхий этгээдийг гэм буруугүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу практик болж байна. Гэм буруу , учирсан хор хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх ёстойг анхаарах хэрэгтэй байна.

Долоодугаарт- ХАБ ийн хуулийн заалтуудыг биелүүлээгүйгээс олон тооны хувиараа ажил эрхлэгчид, байгууллагын ажилчид, энгийн иргэд нь амь насаа алдах, тахир дутуу болох байдал багасахгүй байгаа одоогийн нөхцөлд эдгээр хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах хууль эрх зүйн заалт, шаардлага зайлшгүй гарч ирж байгааг харуулж байна. Үүний тулд жишээ нь гэнэтийн ослын даатгалыг барилга, уул уурхайн салбарт албан журмын болгох / одоогоор сайн дурын үндсэн дээр явагддаг /, шимтгэлийн хувийг нэмэгдүүлэх замаар нийгмийн даатгалын сангаас олгодог нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх, ар гэр нь хүч бололцоогүй нөхцөлд хохирогчийн талаас гаргах нэхэмжлэл, бичиг баримтыг бүрдүүлж өгөх боломж бололцоог зохих байгууллагад даалгах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК