Хэрэв Байгууллагын соёл, түүний эрэг, араа, боолтуудын тохиргоог нарийн нягт хийгээд, өөрийн түвшинд тохирсон соёлыг хөгжүүлдэг механизм (алсын хараа, бодлого, стратеги)-тай болоод, бүрэн хэрэгжсэн үед үйлдвэрлэлийн осол тэртээ тэргүй 0,00 болдог.
Ингээд таны ажил дуусч, багасна гэж бодож байна уу? Харин эсрэгээрээ улам нэмэгддэг юм. Жишээ нь: Үйлчилгээний ажилтан хүртэл долоо хоног бүр аюулыг мэдээллэх хуудас, ажлын байрны үзлэгээ бариад ороод ирнэ. Баасан гаригт бол ачаалал ихтэй. Хүний нөөц, Санхүү, Хангамж, IT, Худалдаа гээд оффист байрладаг хэлтсүүдийн ажлын байрны ХАБЭА үзлэг хийлээ, Бүртгэлийн системд оруулна уу гэдэг э-мэйл хүсэлт цуврана. Гэнэт Захирал эсвэл нөгөө хэлтсийн газрын дарга орж ирээд энд тэнд ийм аюултай үйлдэл (unsafe behavior) олж харлаа, Жигүүрээ нэг анхаараарай гэж байнга мэдээлэл өгнө сүүлд гэхэд л гадаа манай хөрш байгууллага хогоо цэвэрлэж байна, хажуугаар нь манай сэрээт өргүүр зөрж байна, нэг л аюултай санагдлаа, чамд заавал хэлэх учиртай гэж бодлоо гээд л ороод ирнэ. За ийм төсөл эхэллээ, нөгөө эрсдэлийн үнэлгээ хийнэ биз дээ? Тендерт оролцохоор боллоо, ХАБЭА-хан энэ хэсгээ бөглөөрэй, хөдөө явахаар боллоо, онцгой байдлын цүнх, мышокоо авья, өмнө явж байсан машинаас жижиг чулуу үсрээд манай машины цонхонд 10мм сэв суулгачихлаа, ослын судалгаа хийх үү? (маш жижиг асуудал дээр хүртэл осолд дөхсөн тохиолдол, осол, өмчийн эвдрэлийн судалгаанууд хийгээд эхлэхээр хавтас хурдан дүүрээд ирнэ), 10 хоногийн дараа ийм шинэ ажилтан орж ирнэ, ХАБЭА-н газраас шинэ ажилтны зааварчилгаагаа өгөөрэй, тэдний хийсэн аудитаар ийм үр дүн гарсан байна, ХАБЭА-н баг эдгээрийг хэзээ хийх вэ?, танай дээр очиж туршлага судлья, эсвэл ганц сургалт зохион байгуулья бичиг явууллаа шүү, гадаа өргөлт хийхээр кран ирчихлээ...
Тийм болохоор нэг зүйлд та бэлэн байх ёстой: ХАБЭА-н соёл хөгжсөн цагт манай баг ачаалал даахад бэлэн үү? ХАБЭА-н удирдлагын тогтолцоо нь тогтчихсон, Соёл нь төлөвшсөн үед танд юу хийхийг тань бараг хүн болгон заана, хүн болгон аюул + аюултай үйлдэл хараад ямар нэг зүйл заавал хийх ёстой доо гэж бодоод л... өөрөө засаж дөнгөхгүй бол хөл нь ХАБЭА-н баг рүү чиглээд алхана. Чамайг сайн дэмжээд байхад яагаад энэ аюул арилахгүй байна? гээд л таны Босс ороод ирнэ, үүнд та бэлэн үү?
“Амьдрал 40 насанд эхэлнэ” гэдэг шиг, Байгууллагын ХАБЭА-н соёл бүрэн хэлбэржиж, төлөвшөөд, үйлдвэрлэлийн осол 0,00 болсон үед “Ажил эхэлж байгаа мэт” санагддаг болов.
Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК