Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын төвүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг том том сургалтуудыг оруулж ирээсэй. IOSH-ийг Монгол хэл дээр явуулбал бүр янзтай, олон ХАБЭА-н мэргэжилтнүүдэд ч хэрэгтэй. CSP-д зуучилж өгдөг газар байвал ч бас хэрэгтэй байж болох юм.
Миний судалж харснаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн 5 том сертификат байна.
1. NEBOSH – 1979 оноос хойш дэлхийн 120 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн Их Британиас гаралтай ХАБЭА-н сургалт (9 модультай – Барилга, Газрын тос, Эрүүл мэнд, Галын аюулгүй байдал гм). Хамгийн өргөн хүлээн зөвшөөрөгдсөн уг сертификатын сургалтанд жилдээ 50,000 гаруй хүн сууж, шалгалт өгдөг. 120 гаруй орны 600 гаруй сургалтын төвүүд уг сургалтыг явуулдаг. Монголд орж ирээгүй. Сургалт дунджаар 10 хоног + 1 хоногийн шалгалт, төлбөр нь 3000 доллар – General Certification гэдэг модуль нь. Шалгалтын материал нь Их Британид очиж хянагдаад, сертификат олгох эсэхийг шийддэг. www.nebosh.co.uk
2. IOSH – Мөн Их Британиас гаралтай ХАБЭА-н сургалт. Жилд 160,000 гаруй хүн уг сургалтанд суудаг. Дотроо мөн 9 модультай – ХАБЭА-г удирдах, Ослын судалгаа, Өндөрт болон хязгаарлагдмал орчинд ажиллах гэх мэт. Нэг модулийн сургалт 5 орчим цаг. Төлбөр модуль бүрт 200 доллар. www.iosh.co.uk
3. Certified Safety Professional – Мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтэн – АНУ. 1969 оноос хойш Хойд Америк болон нилээд олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн. Гэхдээ тархалтаараа NEBOSH, IOSH-ийг гүйцэхгүй. 4-өөс дээш жилийн туршлагатай, бакалаврийн зэрэгтэй бол сургалтанд суухгүй (АНУ-аас өөр улсын бакалаврын зэргийг заавал тэдний орны боловсролын системтэй дүйцэх эсэхийг хөндлөнгийн байгууллагаар шалгуулсан байна), мөн NEBOSH-той байх ёстой бөгөөд 510 доллар төлөөд шалгалтаа өгнө. 54,86% зөв бөглөвөл тэнцэнэ. Жил бүрийн сунгалт 100 доллар. www.bcsp.org
4. OSHA – АНУ-ын сургалт, ихэвчлэн хойд Америкийн бүс нутагт хүлээн зөвшөөрөгддөг. Монгол ороод ирсэн байгаа бөгөөд ОШМИ хичээлийг нь зааж, сертификатыг нь олгодог. www.oshmi.mn
5. Cert IV – Австралийн сургалт. Монголд ороод ирсэн байгаа бөгөөд International Technical College (ITC) сургалтыг нь явуулдаг. Ихэвчлэн Австрали болон зүүн өмнөд Азийн зарим оронд хүлээн зөвшөөрөгдсөн.
Миний харж байгаагаар Солонгос, Герман, АНУ-ын өөр сургалтууд явагдаад байгаа боловч сертификат нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдлаараа дээрхи 5-ийг даанч гүйцэхгүй. LinkedIn, Infomine, Indeed, Monster гээд ажлын байрны сайтуудыг судлаад үзвэл ихэвчлэн NEBOSH, IOSH эсвэл CSP-тэй байх гэдэг шаардлага л тавьдаг юм даа. Ганц хүсэж байгаа зүйл нь Монголд NEBOSH болон IOSH биечлэн заадаг сургалтын байгууллага бий болоосой. Хэрэв та дээрхи 2-ыг сурахыг хүсэж байвал ойрхоноор нь Хятад (5 байгууллага), Сингапур (10 байгууллага), Филиппин (1 байгууллага), Энэтхэг (43 байгууллага)-д очиж суралцаж болохоос гадна... e-learning буюу алсын зайн сургалтууд мөн байна.
Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК