ХАБЭА-н сайн туршлага бүрийг хэрэгжүүлэх нь үргэлж ЗӨВ байдаггүй

Бид ч CTRL+C & CTRL+V хийх дуртай. Пөөх, тэднийд ХАБЭА-н гоё загвар, философи, элемент, хөтөлбөр (эрсдэлийн үнэлгээ, өндөр эрсдэлийн менежмент системийн загварууд, хандлагад суурилсан ХАБЭА-н хөтөлбөр, аюулыг таних сургалт, төрөл бүрийн зөвшөөрлүүд...) байна гэж ирээд л заримдаа шууд аваад компанидаа хэрэгжүүлэхийг хүсдэг – ингэснээр бид “бусдын гутлыг өмсөх гэж улайрч байгаа хүүхэд” шиг үйлдэл гаргадаг.

Ингэхэд бид хэр том хөлтэй вэ гэдгээ мэддэг билүү?

Миний охин ээжийнхээ өндөр өсгийтэй гутлыг өмсөж тоглох үнэхээр дуртай. Охин маань өндөр өсгийт дээр алхаж сурах гэж байгааг нь хараад инээмсэглэнгээ ганц л зүйл захьдаг "Миний охин шагайгаа мултаваа, болгоомжтой байгаарай". Яг үүн шиг 8 жилийн өмнө би “туршлагатай шагайгаа мултлагч” байсан юм. Харсан тэргүүн туршлага болгоныг компанидаа хэрэгжүүлэх гэж улайраад л. Хөөх, тэдний зочны зааварчилгаа үнэхээр гоё юмаа, яг ийм зүйлийг компанидаа бас хийе, 6 сарын дараа дахиад өөр туршлага нэвтрүүлэх гэж оролдох жишээтэй. Нэг харсан хэд хэдэн зөвшөөрөл, төрөл бүрийн эрсдэлийн үнэлгээний системтэй, нилээд олон журам боловсруулагдсан байдаг байгаа, ажилчид маань ч толгой нь эргэж гүйцсэн. Үүнд хэн буруутай вэ? Мэдээж би, юм болгоны туршиж үзэх, өөрийгөө том болсон мэт сэтгэж, ээжийнхээ гутлыг өмсөн ээж шигээ харагдах гэсэн миний төлөвшөөгүй хандлагаас болсон билээ. Тоглосны дараа мэдээж гэрээ цэвэрлэх ёстой, хэрэггүй зүйлсийг хогийн саванд хаяна, ялгана, энэ ч цаг авна даа...

Ер нь энэ гутлыг өнөөдөр өмсөх нь тохиромжтой юу?

Тэргүүн туршлага хэрэгжүүлэхээс өмнө манай байгууллагын ХАБЭА-н соёлын түвшин энэхүү шинэ элементийг хүлээн авахад бэлэн үү? гэдгийг юун түрүүнд удирдлагуудтайгаа ярилцах нь дээр байдаг билээ. Жишээ нь: Хандлагад суурилсан ХАБЭА-н систем хэдийгээр сайн ч гэсэн бид үүнийг нэвтрүүлж чадах уу? Хүн болгон оролцох боломжтой юу? Удирдлагууд маань ойлгож, дэмжих үү? гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. ХАБЭА-н соёл дөнгөж “нахиалан эхэлж” байгаа газарт шууд OHSAS18001 стандартыг хангах ажлыг эхлүүлж байгаа хэд хэдэн гадаад, дотоодын компаниудыг харлаа, цаасан дээр бүх зүйл хэвийн мэт харагдавч, ажилчид нь юу болоод байгааг ойлгохгүй байв. Сертификат “худалдан авч” болох ч, энэ нь үйлчлүүлэгчийн талбай дээрхи ослыг бууруулж чадахгүй. Тендерт ялах боломжийг 18001 сертификат 10-15%-иар нэмэгдүүлдэг ч гэсэн, осол гаргаад гэрээгээ цуцлуулж байгаа компаниудыг ч харлаа. Удахгүй OHSAS18001 нь ISO45001 болох гэж байгаа тул одоо стандартыг хангасан гэж сертификат аван, дараа нь дахин шинэчлүүлж 2 удаа мөнгө төлөх шаардлагатай юу? Өөрөөр хэлбэл Өвөл ирж байна, Зуны шаахай худалдан авахаа хойшлуулж болох уу л гэдэгтэй адил.

Дээрхи асуудлууд дээр үндэслээд, тэргүүн туршлага бүрийг компанидаа нэвтрүүлэх нь үргэлж зөв байдаггүй юм байна гэж би боддог боллоо. Аливаа тэргүүн туршлагыг бий болгохын тулд тэр компани маш их зүйл үзэж, ойлгон, өөрийн философи, алсын хараа, бодлого, стратеги, арга барилаа хөгжүүлж, боловсруулснаар бий болгосон зүйл шууд хуулаад нэвтрүүлэхээс өмнө сайн бодоорой. Та бодоход дараах асуултууд тус болж магадгүй:

- Бид энэ тэргүүн туршлагыг нэвтрүүлж чадах хэмжээнд хүртлээ төлөвшсөн үү?
- Яг өнөөдөр энэ бидэнд хэрэгтэй зүйл мөн үү?
- Хичнээн сайхан харагдах нь хамаагүй, бид үнэхээр үүнийг хүсэж байна уу?
- Би удирдлагууддаа үүнийг нэвтрүүлэх талаар ойлгуулж чадах уу?
- Бидэнд үүнийг нэвтрүүлэх хангалттай нөөц (цаг, мөнгө, хүн хүч) байгаа юу?
- Манай ХАБЭА-н алсын хараатай хэр зохицож байна вэ? Ямар үр ашиг гарах вэ?
- Манай ажилчид шинэ зүйлийг эхлээд ойлгохгүй стресстэнэ. Үүнийг илүү хялбар, амархан арга замаар хэрэгжүүлэх боломжтой юу?
- Нэвтрүүлсний дараа бид үүнийг цааш нь хөгжүүлж (монголчлох) чадах уу?

Та дээрхи асуултуудад "тийм" гэж хариулж байвал тухайн тэргүүн туршлагуудыг компанидаа нэвтрүүлэхийн тулд ЗОРИГТОЙХОН дайраарай. Хэрэв зарим асуултуудад эргэлзэж байвал хэт яарах хэрэггүй, дахин сайн бодоорой.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК