Хамтрагчаа сонгох нь

Ажлын багаа бүрдүүлэхдээ:
- Хандлагыг нь эхлээд хар. Таньтай энэ замаар бороотойд ч, шороотойд ч, нартайд ч хамт явж чадах хүнийг л сонго. Замаасаа ухарч, шавхайтай юм байна гээд ХАБЭА-н салбараас гарсан олон хүнийг би мэднэ, бас харсан. Гэхдээ түүнээс ч олон хүнтэй өдий хүртэл хамт ажиллаж байна, тиймээс хүч, энерги, мэдлэг чадвараа тэр хүнийг хөгжүүлэхэд зарцуулахаасаа өмнө Хандлагыг нь хар.
- Ур чадварыг нь судал. ХАБЭА-н ажилтны №1 ур чадвар гэвэл би эрсдэлийн үнэлгээ гэж хэлэхгүй, ажлын туршлага ч гэж хэлэхгүй. Эдгээр нь хөгжүүлж болох ур чадварууд юм. Харин байгалиас болон хүмүүжлээс заяагдсан ур чадвар гэвэл Хэлэлцээр хийх, Сонсох, Ятгах, Багаар ажиллах, Манлайлах чадварууд орно. Зарим нь сонсох ур чадвар гэнэ үү? хачин юм ярих юмаа гэж бодож магадгүй. Үнэндээ шүүмжлүүлж, загануулж байхдаа ч үг сонсож чаддаг хүн амжилтанд хүрдэг, авах гээхийн ухаан гэх юм уу даа.
- Амьдралын зорилгыг нь хар. Хүн болгон мөрөөдлийнхөө хэмжээгээр өөртөө зорилго тавьж, түүндээ хүрэх гэж хичээдэг. Мөрөөдлийг нь хуваалцаж, түүнд хүрэхэд нь тусал. Хэрэв мөрөөдөл нь жижигхэн бол түүнийг нь томруул. Юунд хүрч болох тухай өөрийн биеэр үлгэрлээрэй.

Ажил дээрээ найзаа сонгохдоо:
- Хамтдаа хөгжиж чадах тийм хүн л хэрэгтэй. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг үг бий. Тэр хүн надаас сурч, бас надад заадаг байвал бид хамтдаа хурдан хөгждөг. Энэ компанид надад хоёр найз бий, нэг нь эрүүл амьдралынхаа хэв маягийг надад заадаг, нөгөө нь гэр бүлийн уур амьсгалаа хэрхэн зөв залах тухай үлгэр жишээ үзүүлдэг 2 хүн бий.
- Заавал олон байх албагүй. Учир нь та “доллар” биш, мөн танд бүх хүнд зарцуулах цаг ч байхгүй. Тиймээс тооноос илүү чанарыг эрхэмлээрэй.

Таалагддаггүй үгс:

Энэ зүйл Монголын хөрсөн дээр буухгүй – Шинэ технологиос айдаг, мэдлэггүй хүний үг. Don’t re-invent the wheel (Машины дугуйг дахин зохион бүтээх шаардлагагүй.) Өөрөөр хэлбэл дэлхийд аль хэдийн бий болгоод, амжилттай ашиглагдаж байгаа арга барил, технологийг заавал дахин бүтээх гэж цаг барах хэрэггүй. Жишээ нь: Гар утас, үүнийг бүтээхэд хэдэн тэрбум доллар 1986 оноос хойш олон компани зарцуулж, хөгжүүлсээр маш их хугацаа орсон. Компанидаа гар утас бүтээх гэж мунгиналгүйгээр, шууд худалдаж аваад л үр шимийг нь хүртэх хэрэгтэй, гэрлийн чийдэн хийх гэж Томас Эдисон шиг 2000 удаа оролдох шаардлагагүй. Үүн шиг ХАБЭА-н соёл, манлайлал, эрсдэлийн үнэлгээ, харилцаа холбооны арга барилуудыг заавал өөрөө бүтээх гээд цаг барж, мөнгө үрэх шаардлагагүй. Туршлагагүй бол номыг нь уншаад л, эсвэл өөр амжилттай хэрэгжүүлсэн компаниас хуулбарлаад хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг ХАБЭА-н журам гаргах гэж 20 өдөр сууж цаг алдах хэрэггүй гэсэн үг юм, адил журам байвал уншиж, өөрийн компанид тохируулан боловсруулаад л хэрэглэ. Цаг хугацааны явцад алдаа илэрвэл дор нь зас, үүнийгээ өөртөө туршлага болгон хуримтлуул, цаг нь болоход үүнийгээ бусадтайгаа өгөөмрөөр хуваалц, хамтдаа хөгж.

Чи гадаадын юм яриад байна, Монголд өөр – Миний хувьд Монголчууд Австрали, Канад, АНУ-чуудаас юугаараа өөр болохыг ойлгодоггүй. 2 хөлтэй, 2 гартай, 1 толгойтой, 2 чихтэй, 1 амтай... Өөрөөр хэлбэл Киви жимс бол Шинэ Зеландийнх, Монгол ходоодонд тохирохгүй хор болно гэж хэлж байгаатай агаар нэг. Бороо Голд, Оюу Толгой, Саусгоби Сэндс, Трансвест, Мобиком гээд олон газрууд Австрали, Америк, Канад, Япон ХАБЭА-н технологиуд амжилттай суурьшаад, тэнд ажилладаг Монголчууд хэрэглэж байна, амжилттай ажиллаж байна. Гэтэл яагаад зарим компаниуд чадахгүй байна? Учир нь дээрхи үгийг хэлдэг Аймхай, Залхуучууд тэнд байгаа болохоор тэр юм, тэд өөрчлөлтөөс болон мэдэхгүй зүйлээсээ айдаг.

Энэ 2 үгийг хэлж байгаа хүмүүсээс хол байх хэрэгтэй, учир нь тэд таны зүрхэн дэх хүслийг унтрааж, ажлыг хойш нь татан, таны ажлыг муулан нурааж байдаг.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК