Сургалт орж байхад эсвэл эрсдэлийн үнэлгээ хийлгэж байхад “Аюултай санагдсан тохиолдолд ажлаа зогсоо” гэсэн үед ажилчид мад тавих гэж асууж л байгаа биз дээ? хэ хэ.
Амьдрал дээр бид маш олон аюул, эрсдэлийг өдөр бүр хүлээн зөвшөөрч, зохицуулж амьдардаг. Жишээ нь: Гарцгүй газраар зам гарах, машин гүйцэж түрүүлэх, автобусанд чихэлдэж орох, шатны бариулаас барилгүй өгсөх/уруудах, хутгаар сонгино хэрчих гм... Хутга ашиглах аюултай гээд хоолоо хийхгүй, өлсөөд суудаггүй биз дээ? Үүнээс уялдаад эрсдэлийг хүлээн зөвшөөрөх (acceptable risk) гэдэг ойлголт гарч ирдэг. Эрсдэлийг хүлээн зөвшөөрөх түвшин, хязгаар хүн болгонд харилцан адилгүй. Жишээ нь: Гагнуурын багаж гагнуурчин хүний нүдээр “үзэг” шиг л харагддаг, харин санхүүгийн ажилтны нүдээр “галт бамбар” шиг харагдана. Гагнуурчны нүдээр санхүүгийн сарын тайлан Лев Толстойн “Дайн ба Энх” эсвэл ганц “оронтой тоо алдахад амьдралаа сүйтгэх” өндөр хариуцлага харагдана, харин Нягтлангийн нүдээр бүх зүйл хэвийн санагдана.
Тэгэхээр ажил бүхэнд аюул байгаа, харин үүнийг үнэлсэн эрсдэл нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл ажлаа зогсоо гэж тайлбарлавал дээр. Жишээ нь: Буцалсан цайг бид оочиж ууна, эсвэл хөртөл нь хүлээдэг. Энэ бол common sense буюу эрүүл ухаан. Өөрийн бие, амь насаа хамгаалах мэдрэмж бидэнд байгалиас заяагдсан байдаг. Энэ мэдрэмж эрсдэлийг хүлээн зөвшөөрөх үү? Үгүй юу? гэдгийг секундыг хэдэн мянга хуваасны нэгтэй тэнцэхүйц хугацаанд шийдэж өгдөг. Жишээ нь: Час халуун аяганд гар хүрлээ, маш хурдан гараа татаж авдаг (юу ч бодож амжихгүй). Тэр аягатай цайг барьж аваад хоолой руу цутгах үйлдлийг энэ мэдрэмж л хорьж байдаг. Мэдрэмжээ дага – таны хувьд энэ ажил “улаан шугам”-наас хэтэрсэн өндөр аюултай санагдвал зогсоо гэсэн үг юм даа.
Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК