Дэлхий даяар олон байгууллага өөр өөрийн ажлын байрууд дээр эрсдэлийн үнэлгээ хийж, бизнест нь хортойгоор нөлөөлж болохуйц өндөр эрсдэлүүдээ тодорхойлон, тэдгээрийг чухалчилж авч үздэг. Жишээ нь: BHP Billiton гэхэд Fatal Risk Control Protocol, Rio Tinto-гийнхон Critical Risk Management (анх үүсэл нь АНУ-ын Кеннекот уурхайгаас нь гаралтай), зөвхөн уул уурхай гэлтгүй эрүүл мэнд, санхүү, хүнд ба хөнгөн үйлдвэрүүдийн салбарт өргөн тархжээ. Санхүүгийн салбарт гэхэд л зээлдэгч зээлээ эргэн төлөх чадваргүй болох, төгрөгийн ханш сулрах зэрэг өөр өөрийн эрсдэлүүд бий...
Өндөр эрсдэлүүдийг чухалчлах нь сайн зүйл үү? Мэдээж тийм, ингэж өндөр эрсдэлүүдээ тодорхойлсноор, тухайн эрсдэлүүд гарч буй ажилбаруудад илүү анхаарал хандуулах боломжтой болдог. Эрсдэлүүдийг хяналтандаа авч гэмээнэ, гарах ослыг бууруулна.
Гэтэл нөгөө талд нь жижиг эрсдэлүүдээ орхигдуулчих гээд байдаг асуудал тулгардаг. Жишээ нь: Хүн бүдэрч унах. Туршлагаасаа харахад 2 машин мөргөлдөх эрсдэлээс илүүтэйгээр ажилтан, ажиллагсад том чулуун дээр гишгээд (машинаасаа бууж, сууж үедээ эсвэл гэрэлтүүлэг хангалтгүй байх орчинд) шагайгаа мултлан, ажлаас чөлөөлөгдөх тохиолдлууд их гарч байдаг. Энержи Ресурст ажиллаж байхад минь нэг жилийн дотор 3 удаа ийм тохиолдол гарч байлаа... Өөрөө хэлбэл 3 Lost Time Injury гарсан гэсэн үг, өөр LTI гараагүй байхад шүү дээ.
Амьдрал дээр бид бүх эрсдэлүүдээ хяналтандаа авч чаддаг уу? Энэ боломжгүй зүйл юм. Жишээ нь: Та машин барьж яваа үед өөрөө алдаа гаргаагүй ч хажуунаас чинь машин орж ирээд мөргөчихдөг эсвэл таныг шахаад осол гаргачихдаг. Таны хүүхэд ганц ч шалбархайгүй өсөж чадсан гэж үү?
Хэрэв бид бүх эрсдэлүүдийг хяналтандаа авч чадахгүй бол тэгээд яавал дээр вэ? Дахиад хэлэхэд эрсдэлийн үнэлгээ хийлгээд, хяналтандаа авч чадах тодорхой хэдэн эрсдэлүүдэд анхаараарай л гэж хэлье. Өндөр эрсдэлүүддээ анхаарч байгаа хэдий ч жижгүүдээ бас битгий орхиорой гэж зөвлье.
Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК