Хөдөлмөрийн яамнаас гаргасан “Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдлын үнэлгээ 2005-2015” тайлангийн 46-р хуудсанд нийтлэгдсэн нэгэн тоо баримт анхаарал их татлаа.
Сүүлийн 10 жилд нийт үйлдвэрлэлийн ослын 50 орчим хувийг дараах 3 шалтгаан эзэлж байна:
1. Уналт, нуралт – 20,6%
2. Тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл – 14,9%
3. Аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсан – 14,6% байна.
Миний бодлоор эдгээр 3 шалтгаанаас хамгийн түрүүнд аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсан гэдэг асуудлыг хөндөнө. Учир нь ажил олгогчдын зүгээс ажилтан ажиллагсаддаа хэрхэн аюулгүй байх, төлөвлөх, хэрэгжүүлэх, шалгах, ажиллах талаар сурган дадлагажуулж, зан төлөв болон хандлагыг нь өөрчилж чадвал үлдсэн 2 шалтгаантай холбоотой осол гарахаас ч урьдчилан сэргийлдэг.
Өндрөөс унах уналтыг алга болгох/бууруулахын тулд:
- Хүн заавал өндөрт ажиллах шаардлагатай юу? гэдгийг хичээнгүйлэн судалж, бүх боломжийг эрэлхийлэх шаардлагатай. Өндөрт ажиллуулахгүйн тулд ямар арга хэмжээ авч болох вэ? Заавал машины тэвшин дээр хүн гарч зогсоод хүрздэн буулгах шаардлагатай гэж үү дээ? Гэр барихад заавал дээр нь хүн гарч өрхийг нь засах ёстой гэж үү?
- Хэрэв зайлшгүй өндөрт ажиллахаар (жишээ нь барилга дээр) бол эрсдэлийн үнэлгээ, ажлын аюулын шинжилгээ хамтдаа хийж, аюултай бүсүүдийг тодорхойлно. Ямар арга хэмжээ авч осол гарахаас урьдчилан сэргийлэх вэ? орчин тойронд нь ямар хаалт, хамгаалалт тавьж, ямар дүрэм журам биелүүлэх ёстой вэ?
- Энэ талын сургалт, мэдлэг, мэдээллийг хэзээ, ямар давтамжтай, хэрхэн чанартай хүргэх вэ?
- Осол гарлаа гэж тооцоход хохирлын хэмжээг хэрхэн хамгийн бага байлгах вэ? Яаж аюултай бүсэд ажиллаж байгаа хүмүүсийн тоог бууруулж болох вэ?
- Ямар НБХХ заавал хэрэглэж, чанар, хэрэглээ хоёр хэрхэн хяналт тавих вэ? Өндрийн бүсээ бэхлэх бэхэлгээний цэгийг хаана хаана байрлуулах талаар боломжтой бол төсөл эхлэхээс өмнө тооцож, шийдэх хэрэгтэй.
Тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг бууруулахын тулд:
- Гэмтэлтэй тээврийн хэрэгсэл ашиглахгүй гэдэг хатуу байр сууриас эхэлнэ. Ганц толь хагарсан байсан ч гэсэн. Энэ байр суурь бүр Захирлын түвшингээс эхэлнэ.
- Хүн болгон өөрийн ашиглах тээврийн хэрэгслээ өдөр тутамдаа ашиглахаас өмнө шалгах дадлыг суулгана.
- Зохих засвар, үйлчилгээг цаг тухайд нь хийж, оношлогоонд нь оруулж байна. Бүх мөнгийг нь урьдчилаад төсөвтөө суулгаад, зарцуулалтанд нь хяналт тавьж болдог л юм.
- Мэргэжлийн байгууллагатай хамтран сургалт, семинар, дадлагажуулах хөтөлбөр, оношлогоогоо зохион байгуулж хэвшинэ. Сэрээт өргөгчийнхөө операторыг мэргэжлийн байгууллагаар сургаж байлаа гэж бодоход хэдхэн конус ашиглаад хөөрхөн дром өөрийн талбай дээр хийчихэж болно. Дром дээр нь шалгалтыг нь өгүүлээд, ХАБЭА-н ажилтан нь бас хүмүүсийнхээ ур чадварыг үнэлэх боломжтой.
- Тоног төхөөрөмжөө эвдсэн, гэмтээсэн бол зоригтойгоор мэдээлэл өгч байх талаар сургана. Зоригтой мэдээлэл өгөх орчинг нь ХАБЭА-н ажилтан бүрдүүлж өгдөг, “п...н” гээд удирдлага нь хараал урсгаад загнаад байдаг үед ажилчид аль болох нуухыг л эрмэлздэг.
- Жолооч, операторуудаа үнэмлэхжүүлж, дүрэм журмынх нь дагуу шалгалт шүүлгийг нь өгүүлэн, илүү мэргэших боломжийг нь олгох шаардлагатай байдаг. Үүний ард мөнгө санхүүгийн асуудал яригдана.
Уул нь бол сэргийлж болдог л ослууд юм даа.
Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК