20-р зуунд ганц лидерээс бүх зүйл хамаарч, амжилтанд хүргэдэг байсан байж болноо. Гэхдээ 21-р зуунд амжилт багаас шалтгаалдаг болжээ. Багийн амжилтанд нөлөөлдөг 5 хүчин зүйлийг өөрийн үзсэн харсан зүйлээс дүгнэнгээ доор сийрүүлэв, дутуу зүйл орхисон бол уучлаарай:
Хурд: ХАБЭА-н хүрээнд бид хэнтэй ч өрсөлддөггүй боловч байгууллагынхаа бизнес төлөвлөгөөтэй зохицон хувьсан өөрчлөгдөж буй шинж чанарыг нь ХАБЭА-н соёлдоо тусгадаг байх ёстой болдог. Жишээ нь: Компани тоног төхөөрөмжийн бизнес хийж байгаад хөгжөөд өөр салбар луу (барилга, хүнс, зам эсвэл худалдааны салбар ч юмуу) орж болно. Энэ тохиолдолд шинэ салбарт яаж ХАБЭА-н соёлоо хөгжүүлэх вэ? шинээр бий болсон эрсдэлүүдийг тодорхойлон, хяналтандаа авах шаардлага тулгарна. Зөв цагтаа зөв газраа байхын тулд баг бүр өөрийн хурдыг тодорхойлж, бүгд хамт алхаж чаддаг болсон байх хэрэгтэй. Жишээ нь: Шинэ сэрээт өргөгч худалдан авах л түүний үл үзэгдэх орчин, даралтат хоолойнууд, ялгаруулах СО2, явах зам, өргөх ачааны дээд хязгаар гээд олон олон эрсдэл ажлын байран дээр нэмэгддэг.
Гүйцэтгэл: Төлөвлөсөн бол хийнэ. Бүгдийг төгс хийхийн тулд зөв төлөвлөгөө боловсруулсан байх шаардлагатай. Энэ бол ажлын 50%. Бүгдийг төлөвлөж байгаа нь энэ гээд вакуум орчинд багаараа хэдэн өдрөөр суух шаардлагатай гэсэн үг биш юм. Зарим тохиолдолд Lean start-up буюу Энгийнээс эхэлж болдог, асар хүч хүн хүч, санхүү болон цаг хугацааны нөөц боломжоо шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хаяхыг оронд жижиг элементүүдийг нь эхэлж туршингаа, цаашид бага хөрөнгө хүчээр хөгжүүлж яагаад болохгүй гэж? Яагаад заавал хөтөлбөр болгоныхоо эхэнд олон хуудас журам боловсруулах шаардлагатай гэж? Хүмүүст таалагдаж байгаа хэсгүүдээ хөгжүүлсний дараа ганц хуудас журам ч байж болно, үнэний хэлэхэд журам яагаад шаардлагатай гэж? бодох л асуудал. Манай дээр гэхэд 7 хоног бүр Санхүүгийн хэлтсийнхэн ажлын байрны үзлэг хийх ёстой гэдэг журам байдаггүй, анх зүгээр л ажлын байрны үзлэг хийгээд, зааж өгөөд бөглүүлээд яваад байсан чинь хүмүүст маань дадал (рефлекс) болчихсон. Энгийнээс эхлэх заримдаа их амархан... Эхэлсэн бол заавал дуусгах хэрэгтэй.
Тогтвортой байдал: Бид нэг аргачлал (аюулыг мэдээлэх, ажлын аюулын шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, ажлын байрны үзлэг, 5 алхам, аудит...) туршиж үзээд бүтэхгүй бол хаячихдаг. Энэ нь бидний алдаа. Эхэлсэн бол хүмүүст рефлекс буюу дадал суутал нь үргэлжлүүлэх ярвигтай урт зам туулах хэрэгтэй болно гэдгийг анхнаасаа мэдэж байх нь чухал. Ер нь бол дор хаяж 6 сар. Хувь хүний ХАБЭА-н онооны систем (Safety Metrics System) нэвтрүүллээ гэж бодьё. Маргааш, нөгөөдөр нь эсвэл 2 сарын дараа бүх зүйл сайхан болчихгүй, хүмүүсээс сайн муу олон мэдээ сонсоно, хичнээн “ядаргаатай” гэж сонсож байсан ч үргэлжлүүлэх тууштай байдал бидэнд байж гэмээнэ нилээд хэдэн сарын дараа, магадгүй жилийн дараа үр дүнг нь үзнэ.
Шинийг санаачлах: ХАБЭА-н соёл бол оргилд нь хүрээд зогсохгүй гэдгийг л эхнээсээ бид мэдэж байх ёстой юм болов уу. 30-40 жил ажилласан ахмадуудаас ч сонсоход тэд үргэлжлүүлэн сайжруулсаар л (continuous improvement) байна гэхээс өөрийг хэлсэнгүй. Соёл бол гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй ч салхи шиг мэдрэгддэг зүйл юм. Шинэ зүйлээр соёлыг тэтгэж, галыг нь өрдөж байхгүй бол бас унтарчихдаг сулхан түүдэг гал ч юмуу. Жишээ нь: Жил бүр ХАБЭА-н сургалтаа одоо байгаа соёлын түвшнээс ахиулан шинэчлэх шаардлагатай байдаг.
Итгэлцэл: Миний арыг бусад маань дааж байгаа гэх итгэлцэл хамгийн чухал. Ямар ч муу зүйл болсон өмнөөс нь хариуцлага хүлээж чадах менежер, алдаа гаргасан зөвлөөд өгөх нөхөр, амжилт гаргахад хамт баярлах хамт олонтой байна гэдэг бол үнэндээ аз юм. Зарим хүмүүс хичнээн азтай байгаагаа мэдэхгүй байдаг. Энэ үед удирдлага нь мэдэхгүй зүйлийг нь харуулж, хэлж өгөх шаардлага тулгарна шүү. Миний хувьд ч тэр өмнө нь сайхан компаниудад ажиллаж байгаагаа тухайн үедээ анзаардаггүй, дараа нь сайн талуудыг нь олж харан харамсах тохиолдол гарч байсан учраас ийм зүйл бусдад маань бүү тохиолдог гэж боддог.
Багийн бүтцийг спортын байдлаар тайлбарлавал:
Довтлогч: Шинээр санаачласан ажлуудыг амьдрал дээр бодит болгох асуудал дээр анхаардаг. Урагшаа зүтгэх хөдөлгүүр, мөс зүсэх “танк” аль ч багт хэрэгтэй. Өөрийн туршлагад найдахаас илүү шинийг санаачлах дуртай, хайрцагнаас гадуур сэтгэдэг, магадгүй гадаад хэлний өндөр түвшинтэй, шаардлагатай үед санаачлагыг гартаа авч хэнтэй ч үзэлцэхэд бэлэн хүнийг “танк” гэж хэлээд байгаа юм. Яагаад танк гэж үү? Заримдаа шинэ зүйлс дээр багийн бусад гишүүд хэт болгоомжилж, эсвэл мэдэхгүй зүйлээ хэрэгжүүлэх/туршиж үзэхээс айдаг. Ийм үед тэдний айдсыг, бусдын бодлыг үл хэрэгсэн урагшлан, эрсдэлийг даван туулах шаардлагатай гардаг шүү дээ.
Найруулагч: Дипломат арга барилтай, хэнтэй ч харилцан, асуудлыг ойлгуулж, өөрийн талд татаж чаддаг нөхдүүдийг хөтөлбөрийн найруулагчаар тавих дуртай. Гэхдээ хүн болгон найруулан тоглогч байж чадахгүй бөгөөд хэт олон найруулагчтай байх нь эргээд багийн алдаа, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг түмэн янзын хөтөлбөрүүдтэй болгож орхидог. Найруулагч нь харилцааны өндөр ур чадвартай, бусаддаа боломжийг хуваарилан, шаардлагатай үед санаачлагыг гартаа авдаг байх хэрэгтэй.
Хамгаалагч: Шинэ зүйл туршиж үзэн, практик дээр үр дүнг нь шалгаж яваа довтлогч болон найруулагчдын араас ажиллана. Хамгаалагчийн үүрэг нь маш чухал, урд яваа 2 этгээд маш их хэмжээний өгөгдөл, хур овоолгоостой цаас овоолж орхидог тул эдгээрийг системчилж, үр дүнг нь хянан, шаардлагатай үед багийн нөхдүүддээ сэрэмжлүүлж, алдааг нь засах үүрэг хүлээнэ. Хурдтай ажиллах сайхан ч, 110км/цаг хурдалбал онхолддог тул тормозны үүрэг гүйцэтгэнэ. Гярхай, хянуур зан чанар хамгаалагч нарт тохирдог.
Сэлгээ: Амьдрал дээр хэн ч ядарна, ээлжийн амралтаа авна, өвдөнө, ямар нэгэн ажиллаж чадахгүй шалтгаан үүснэ. Энэ тохиолдолд өдөр тутмын ажилд томилогдож байсан сэлгээний нөхрөө дээрхи 3 талбарын аль нэгэнд гаргаж тавина. Юу хийх, ямар тактикаар тоглохыг нь зааж өгнө. Зөвлөнө. Багийн тогтвортой байдлын үндэс нь сэлгээ байдаг, сэлгээ муу байвал тухайн хугацаанд гүйцэтгэл, хурд, шинийг санаачлах асуудал бүгд нуран унадаг.
Багийн менежер: Хэн, хэзээ, хаана, юу хийхийг хуваарилана. Багийн амжилт, алдааг өөртөө хүлээнэ. Спортын багаас ялгаатай нь Менежер нь шаардлагатай үед талбай дээр гаран довтлогч, найруулагч, тэр байтугай хойш суун процесийг араас нь ажиглах хамгаалагчийн ч байрлалд тоглодог. Талбай дээр гарсан үед Менежерээс илүү Лидер тоглогчийн үүрэг гүйцэтгэнэ гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Менежер байж бусдад ажил даалгах хэцүү, харин цаг нь болоход малгайгаа өмсөн тугаа бариад галын өөдөөс бусдыгаа дагуулан довтлох Лидер байх бүр хэцүү. Менежер хүн бол бусдын доороос гал асаадаг бол Лидер хүн бусдын зүрхэнд гал асаадаг. Зүрхэндээ галтай, нүдэндээ очтой багийг ямар ч саад бэрхшээл зогсоодоггүй билээ.
Багийн олон талт байдал (diversity): Бүгд инженер суурьтай ХАБ-ын туршлагатай хүмүүс байвал миний бодлоор - уйтгартай. Бүгд л адилхан бодно, сэтгэнэ, асуудлыг нэг л өнцгөөс харна. Эмч, эрүүл ахуйч суурьтай, хуульч суурьтай, санхүү, мэдээллийн технологи, багш суурьтай, байгаль орчин суурьтай хүмүүсээр багийнхаа хүчийг нэмэгдүүлэх нь асуудлыг 360 градусын өнцгөөс харж, хүн болгон өөрийн үзэл бодлоо илэрхийлэх үед Удирдлага хүн асуудлыг олон талаас нь тунгааж үзэх боломжтой болдог. Багш суурьтай хүн ХАБЭА-н мэдээллийг хүнд ойлгомжтой, хожим сэтгэлд хоногшохуйц байдлаар хүргэж чаддаг. Мэдээллийн технологи суурьтай мэргэжилтэн маань презентациудыг сайн хөгжүүлж компьютер, хяналтын камер, гар утастай холбоотой асуудлууд шийдэн, 21-р зуунтай хөл зэрэгцэн алхахад тусалж чаддаг. Эрүүл ахуйч суурьтай хүн илүү хөдөлмөрийн орчин нөхцлийг сайжруулахад шинэлэг санаачлага гаргадаг байх жишээтэй. Энэ бол багийн олон талт байдлын талаархи миний л бодол шүү, манайхаан. Өөр олон аргачлалаар багаа амжилттай авч явдаг эрхэмүүд зөндөө бий...
Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК