Яагаад стандартын шаардлага хангасан ГЭРЧИЛГЭЭТЭЙ (СЕРТИФИКАТ, чанарын баталгаа) ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл худалдан авах шаардлагатай вэ?
Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 15.4-т “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч дүгнэлт гаргуулсан байна. Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд энэ заалт хамаарахгүй” гэж заасан байдаг.
Хэрэв таны худалдан авч байгаа ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл нь стандартын гэрчилгээ (сертификат) байхгүй бол 15.4-т заасанчлан мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах ёстой. Өөрөөр хэлбэл Монгол улсад мөрдөгдөж байгаа Толгой хамгаалах хэрэгсэл - Дуулга MNS 5621:2006, Нүд хамгаалах хэрэгсэл – Нүдний шил MNS 5389:2004, Сонсгол хамгаалах хэрэгсэл – Чихэвч, бөглөө MNS 5388:2004, Хөлний хамгаалалт – Ажлын тусгай гутал MNS 5623:2006, Ажлын тусгай хувцас – Ерөнхий шаардлага MNS ISO 13688:2000, Гарны хамгаалалт (Бээлий) MNS 5622:2006, Цахилгаан тоног төхөөрөмжтэй ажиллах үеийн хамгаалалтын багаж, хэрэгсэл, ажлын хувцас MNS 4660-98... гэх мэт стандартуудыг хангасан эсэхийг тодорхойлдог лабораторид хандаж, дүгнэлт гаргуулна гэсэн үг билээ.
Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн эсэхийг мөн л хөндлөнгийн лаборатор тухайн бүтээгдэхүүнд стандартын дагуу шинжилгээ хийгээд олгосон гэрчилгээ олгон баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл худалдан авахдаа гэрчилгээг нь шалгаж, цуглуулж байгаарай. Худалдан авалтын ажилтан цуглуулбал илүү үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл ISO 45001 стандартын 5.4.D.6 болон 8.1.4-р заалт дээр Байгууллагыг бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалт нь ХЭМАА-ны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагад нийцэн зохион байгуулагдсан үйл ажиллагаанууд байх ёстой гэж шаарддаг.
Учир нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх 269-р дүрмийн 5.1.6-т “осолдогчид ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон баримтын хуулбар” бүрдүүлэхийг шаарддаг. Өөрөөр хэлбэл Байгууллага ажилчиндаа стандарт хангасан хамгаалах хэрэгсэл, хувцас олгосон уу? гэдгийг үйлдвэрлэлийн осол гарах үед заавал шалгадаг. Хэрэв үгүй бол ХАБЭА-н тухай хуулийн 27.1-т заасанчлан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”мөн ХАБЭА ажилтан уг хуулийн 27.3.5-д заасанчлан ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавиагүй гэж үзнэ.
Таны мэдлэгт дусал нэмэх үүднээс жишээ авъя. Барилгын талбай дээрээ эрсдэлийн үнэлгээ хийгээд ажилтан хадаасан дээр гишгэж, хөлдөө гэмтэл авч болзошгүй гэж тооцоод та Portwest брэндийн ISO 20345 стандартын S3 ангилалыг (улны хамгаалалттай – хадаас зоогдохгүй) хангасан гутал авлаа гэж бодъё. Улны хамгаалалттай гэдгийг юу нотлох вэ? Стандартыг хангасан гэрчилгээ. Энэ гэрчилгээ нь Байгууллага, Ажил олгогч, ХАБЭА ажилтан хуульд заасан үүргээ биелүүлснийг нотолно.
Стандартын гэрчилгээний мэдээлэл дээр:
Хэзээ, ямар байгууллагын аль бүтээгдэхүүн дээр хаанахын лаборатори ямар аргаар шинжилгээ хийж, үр дүн нь стандартын хэмжээнд хүрсэн эсэхийг шинжилдэг. Стандартад хүрээгүй бүтээгдэхүүнд гэрчилгээ олгодоггүй. Олгосон гэрчилгээний доод хэсэгт Батламжилсан лабораторийн ажилтны гарын үсэг, огноо байна.
Танд амжилт хүсье, Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК