МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр
ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага болон гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж
2.1.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд онцгой байдлын байгууллага, гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, иргэний оролцоог уялдуулан зохицуулах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“гамшиг” гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг;
4.1.2.“аюулт үзэгдэл” гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, хортон шавж, мэрэгч тархах зэргийг;
4.1.3.“осол” гэж үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж ноцтой эвдрэх, нурах, тээврийн хэрэгсэл осолдох, сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах, дэлбэрэлт болох зэргийг;
4.1.4.“гамшгийн эрсдэл” гэж гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг;
4.1.5.“аюул” гэж хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй аюулт үзэгдэл, осол, хүний буруутай үйл ажиллагааг;
4.1.6.“эмзэг байдал” гэж аюулд хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин өртөгдөх зэргийг;
4.1.7.“гамшгаас хамгаалах үйл ажиллагаа” гэж гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхийг;
4.1.8.“гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа” гэж гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй хохирлын хэмжээг багасгах, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг;
4.1.9.“гамшгийн зарлан мэдээлэл” гэж олон нийтэд хүргэх дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг;
4.1.10.“эрэн хайх, аврах ажиллагаа” гэж голомтын бүсэд хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйлийг эрэн хайх, аврах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх арга хэмжээг;
4.1.11.“голомтын бүс” гэж гамшиг, аюулт үзэгдэл болон ослын улмаас хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт тогтоон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах ажиллагаа явуулж байгаа обьект, нутаг дэвсгэрийг;
4.1.12.“нэрвэгдэгсэд” гэж гамшиг болон аюулд өртсөн иргэдийг;
4.1.13.“гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах” гэж эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт хүч хэрэгслийг татан оролцуулах, шаардлагатай барилга байгууламж, газрыг ашиглахыг;
4.1.14.“гамшгийн хор уршиг” гэж гамшгийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, мал, амьтан хорогдсон, эд хөрөнгө үрэгдсэн, хүрээлэн байгаа орчинд нөлөөлсөн сөрөг үр дагаврыг;
4.1.15.“гамшгийн хор уршгийг арилгах” гэж энэ хуулийн 4.1.14-д заасан үр дагаврыг багасгах, хоёрдогч аюулын шинж чанарыг бууруулах, гамшгийг гэтлэн давахад чиглэсэн хойшлуулшгүй үйл ажиллагааг;
4.1.16.“хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа” гэж гамшгийн улмаас үүссэн нөхцөлийг хэвийн байдалд оруулахад чиглэсэн шинээр босгох, сэргээн засварлах арга хэмжээг;
4.1.17.“мэргэжлийн анги” гэж сум, дүүрэг, хуулийн этгээдийн дэргэд байгуулагдсан, аврах ажлын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг гүйцэтгэхэд сургаж бэлтгэгдсэн орон тооны бус томилгоот нэгжийг;
4.1.18.“сайн дурын хэсэг” гэж сайн дурын үндсэн дээр гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцохоор зохих сургалтад хамрагдсан иргэдийг.
5 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зарчим
5.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
5.1.1.хүмүүнлэг, шуурхай, ил тод, хариуцлагатай байх;
5.1.2.мэргэжлийн нэгдмэл удирдлагатай байх;
5.1.3.шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурласан байх;
5.1.4.өмчийн хэлбэрийг үл харгалзах;
5.1.5.иргэдийн оролцоонд тулгуурлах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГАМШГИЙН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
6 дугаар зүйл. Гамшгийн өмнөх үйл ажиллагаа
6.1.Гамшгийн өмнөх үйл ажиллагаа нь дараахь төрөлтэй байна:
6.1.1.гамшгийн эрсдэлийг үнэлэх;
6.1.2.гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх;
6.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах;
6.1.4.гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах;
6.1.5.гамшгаас хамгаалах хяналтыг хэрэгжүүлэх;
6.1.6.гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах;
6.1.7.гамшгийн мэдээллийн сан бүрдүүлэх.
7 дугаар зүйл. Гамшгийн эрсдэлийг үнэлэх
7.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь өмчийн хэлбэрийг үл харгалзан гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэнэ.
7.2.Гамшгийн эрсдэлийн үнэлгээг энэ хуулийн 7.3-т заасан тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ.
7.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь шаардлагыг хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоно:
7.3.1.эрсдэлийн үнэлгээний шинжээчийн бүрэлдэхүүн нь тухайн чиглэлээр мэргэшсэн байх;
7.3.2.шаардлагатай судалгаа, шинжилгээний багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх;
7.3.3.гамшгийн эрсдэлийн үнэлгээнд шаардагдах мэдээ, баримт, өгөгдөл бүхий мэдээллийн сантай байх;
7.3.4.гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх тогтсон арга, аргачлалтай байх.
7.4.Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмыг Засгийн газар батална.
7.5.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гамшгийн эрсдэлийн үнэлгээний гүйцэтгэл, тайланд хяналт тавьж ажиллана.
7.6.Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 7.1-д заасан байгууллага өөрөө хариуцна.
8 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх
8.1.Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байна.
8.2.Гамшгаас хамгаалах төлөвлөгөө нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах удирдлагын баримт бичиг байна.
8.3.Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, аргачлалыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9 дүгээр зүйл. Гамшгийн эрсдэлийг бууруулах
9.1.Гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор энэ хуулийн 8.1-д заасан байгууллага, хуулийн этгээд дараахь арга хэмжээг авна:
9.1.1.болзошгүй гамшгийн шалтгаан, нөхцөлийг арилгах;
9.1.2.барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг улс, орон нутгийн төсөвт байгууллага, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангах;
9.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах бүтцийн болон бүтцийн бус арга хэмжээг хэрэгжүүлэх;
9.1.4.гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх;
9.1.5.хөгжлийн бодлогын төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох.
9.2.“Бүтцийн арга хэмжээ” гэж барилга байгууламж, обьект, зам, гүүр зэрэг дэд бүтэц, биет зүйлийн аюулгүй болон гамшигт тэсвэртэй байдлыг хангах арга хэмжээг ойлгоно.
9.3.“Бүтцийн бус арга хэмжээ” гэж хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөх, гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах болон бусад арга хэмжээг ойлгоно.
10 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах
10.1.Онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь гамшгаас хамгаалах бэлэн байдлын дараахь зэрэгтэй байна:
10.1.1.өдөр тутмын бэлэн байдал;
10.1.2.өндөржүүлсэн бэлэн байдал;
10.1.3.бүх нийтийн бэлэн байдал.
10.2.Гамшгийн бэлэн байдлыг хангах үзлэг, шалгалт явуулах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
10.3.Өдөр тутмын бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авна:
10.3.1.нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн зарчмаар гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах;
10.3.2.харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангах, тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд хүн амыг сургаж дадлагажуулах;
10.3.3.гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах;
10.3.4.гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний мэдээллийг түгээх;
10.3.5.гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэх;
10.3.6.гамшгийн үед дайчлан гаргах хүч хэрэгслийн бүртгэл, тооцоог гаргах.
10.4.Тодорхой нутаг дэвсгэр, обьектод гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараахь арга хэмжээг авна:
10.4.1.гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;
10.4.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;
10.4.3.гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;
10.4.4.хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;
10.4.5.гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх.
10.5.Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.
10.6.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн голомтын бүсэд эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараахь арга хэмжээг авна:
10.6.1.харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;
10.6.2.гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
10.7.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.4.1-10.4.5-д заасан арга хэмжээг нэгэн адил хэрэгжүүлнэ.
10.8.Энэ хуулийн 10.4.2-т заасан ажлын тусгай горимоор ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
11 дүгээр зүйл. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх
11.1.Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг шат дараатай зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 11.3-т заасан албан тушаалтан холбогдох шийдвэрийн дагуу өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.
11.2.Бэлэн байдлын зэрэгт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг бүрэн, эсхүл хэсэгчилсэн байдлаар, шат дараалан, эсхүл шууд шилжүүлнэ.
11.3.Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг дараахь албан тушаалтан гаргана:
11.3.1.сум, дүүргийн нутаг дэвсгэрт, эсхүл түүний зарим хэсэгт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тухайн сум, дүүргийн Засаг дарга;
11.3.2.хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед холбогдох мэргэжлийн байгууллага болон тухайн сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга;
11.3.3.улсын хэмжээнд, эсхүл аймаг, нийслэл болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар;
11.3.4.шаардлагатай тохиолдолд эрхэлсэн салбарыг гамшгаас хамгаалах улсын албаны дарга.
11.4.Энэ хуулийн 11.3-т заасан албан тушаалтны бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналд нутаг дэвсгэрээр дамжин тархсан, бүс нутгийг хамарсан, хамарч болзошгүй гамшгийн цагийн байдлын үнэлгээ, өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх үндэслэлийг тусгаж шийдвэрийн төслийг хавсаргана.
11.5.Гамшгаас хамгаалах сургалтын үед тухайн шатны Засаг даргын шийдвэрээр өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлж болно.
11.6.Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан албан тушаалтан, эсхүл түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан бэлэн байдлын зэргийг бууруулах, цуцлах шийдвэрийг гаргана.
12 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах хяналтыг хэрэгжүүлэх
12.1.Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтэд гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч хяналт тавина.
12.2.Гамшгаас хамгаалах хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг Засгийн газар батална.
12.3.Гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагч нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга байна.
13 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах
13.1.Гамшгаас хамгаалах сургалт нь төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн албан тушаалтан, ажилтан болон иргэнийг сургаж дадлагажуулахад чиглэнэ.
13.2.Гамшгаас хамгаалах сургалтыг дараахь ангиллаар явуулна:
13.2.1.удирдах албан тушаалтны;
13.2.2.онцгой байдлын байгууллагын;
13.2.3.оюутан, сурагч, сургуульд элсэхийн өмнөх насны хүүхдийн;
13.2.4.төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн албан тушаалтан, ажилтны;
13.2.5.гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн;
13.2.6.иргэний.
13.3.Гамшгаас хамгаалах сургалтыг дараахь байгууллага, албан тушаалтан зохион байгуулна:
13.3.1.онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтан, гамшгаас хамгаалах улсын алба, аймаг, нийслэлийн удирдах албан тушаалтны сургалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
13.3.2.орон нутгийн гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээд, мэргэжлийн ангийн удирдах албан тушаалтан, цэргийн албыг биеэр дүйцүүлэн алба хааж байгаа иргэний сургалтыг орон нутгийн онцгой байдлын байгууллага;
13.3.3.сум, дүүргийн мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн сургалтыг тухайн шатны Засаг дарга;
13.3.4.иргэний сургалтыг тухайн баг, хорооны Засаг дарга;
13.3.5.онцгой байдлын байгууллагын алба хаагчийн сургалтыг тухайн нэгжийн дарга;
13.3.6.оюутан, сурагч, сургуульд элсэхийн өмнөх насны хүүхдийн сургалтыг батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу тухайн шатны боловсролын байгууллага;
13.3.7.хуулийн этгээдийн ажилтны сургалтыг тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан.
13.4.Энэ зүйлийн 13.3.1-д заасан сургалтыг 2 жилд нэг удаа, 13.3.2, 13.3.3, 13.3.4, 13.3.5, 13.3.7-д заасан сургалтыг жил бүр зохион байгуулна.
13.5.Энэ хуулийн 13.2-д заасан сургалтыг зохион байгуулахад Монголын улаан загалмай нийгэмлэг эрхлэх асуудлынхаа хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.
14 дүгээр зүйл. Гамшгийн мэдээллийн сан бүрдүүлэх
14.1.Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын дүн мэдээг нэгтгэх, статистикийн мэдээллийг боловсруулах, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээ хийх, үр дүн, санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа ашиглах, мэдээлэх, нийтийн хүртээл болгох, гамшгийн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
14.2.Гамшгийн мэдээллийн сан дараахь мэдээллээс бүрдэнэ:
14.2.1.гамшгийн эрсдэлтэй нутаг дэвсгэрийн газар зүйн мэдээлэл;
14.2.2.гамшигт нэрвэгдэж болзошгүй хүн ам, дэд бүтцийн бүртгэл, мэдээлэл;
14.2.3.гамшиг, аюулт үзэгдэл, ослын болон хохирлын дүн мэдээ;
14.2.4.бусад мэдээлэл.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГАМШГИЙН ҮЕИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
15 дугаар зүйл. Гамшгийн үеийн үйл ажиллагаа
15.1.Гамшгийн үеийн үйл ажиллагаа дараахь арга хэмжээнээс бүрдэнэ:
15.1.1.гамшгийн харилцаа холбоо, зарлан мэдээллийг зохион байгуулах;
15.1.2.голомтын бүсийг тогтоох;
15.1.3.эрэн хайх, аврах;
15.1.4.хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх;
15.1.5.гамшгийн хор уршгийг арилгах.
15.2.Гамшгийн үеийн үйл ажиллагааг холбогдох дүрэм, журам, заавар, стандартын дагуу зохион байгуулна.
15.3.Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах нийтлэг журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
16 дугаар зүйл. Гамшгийн харилцаа холбоо, зарлан мэдээллийг зохион байгуулах
16.1.Гамшиг болон аюулын дохио, сэрэмжлүүлэг, гамшгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг мэдээлэх зорилгоор зарлан мэдээллийг шуурхай зохион байгуулна.
16.2.Гамшиг болон аюулын тухай мэдээ, мэдээллийг цуглуулах, холбогдох шийдвэрийг төрийн болон нутгийн захиргааны байгууллагад хүргэх, түүнчлэн улс хооронд харилцан мэдээлэл солилцоход харилцаа холбооны бүх төрлийн сүлжээг ашиглана.
16.3.Гамшиг болон аюулын дохио, сэрэмжлүүлгийг харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага өмчийн хэлбэр үл харгалзан шуурхай, үнэ төлбөргүй дамжуулах үүрэгтэй.
16.4.Голомтын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа шуурхай бүлэгтэй холбоо зохион байгуулах, мэдээлэл солилцох ажиллагааг онцгой байдлын байгууллага гүйцэтгэнэ.
16.5.Гамшгийн зарлан мэдээлэл, түүнийг дамжуулах журмыг Засгийн газар батална.
17 дугаар зүйл. Голомтын бүс тогтоох
17.1.Голомтын бүсийг доор дурдсан албан тушаалтан тогтооно:
17.1.1.аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга;
17.1.2.хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэр болон улсын онц чухал обьектод онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар.
18 дугаар зүйл. Эрэн хайх, аврах
18.1.Эрэн хайх, аврах ажиллагааг томилгоот шуурхай бүлэг гүйцэтгэнэ.
18.2.Шуурхай бүлгийн удирдагч онцгой байдлын байгууллагын алба хаагч байх ба эрэн хайх, аврах ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй.
18.3.Эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа сайн дурын хэсэг, иргэн шуурхай бүлгийн удирдагчийн зааврын дагуу үүрэг гүйцэтгэнэ.
18.4.Нэрвэгдэгсдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг эмнэлгийн байгууллага өмчийн хэлбэр үл харгалзан шуурхай үзүүлэх үүрэгтэй.
18.5.Энэ хуулийн 18.1-т заасан томилгоот шуурхай бүлгийн ажиллах журам, зааврыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
19 дүгээр зүйл. Хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх
19.1.Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед шаардлагатай тохиолдолд хүч хэрэгслийг дайчлан гаргаж, хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйлийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлнэ.
19.2.Энэ хуулийн 24.1-д заасан хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журмыг Засгийн газар батална.
20 дугаар зүйл. Гамшгийн хор уршгийг арилгах
20.1.Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд өөрөө, эсхүл үүссэн нөхцөл байдлыг харгалзан онцгой байдлын байгууллага мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
20.2.Энэ хуулийн 20.1-д заасан төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд шаардлагатай тохиолдолд үүссэн хохирол, хэрэгцээнд тулгуурлан гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
20.3.Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журмыг Засгийн газар батална.
20.4.Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХОЙШЛУУЛШГҮЙ СЭРГЭЭН БОСГОХ АЖИЛЛАГАА
21 дүгээр зүйл. Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа
21.1.Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа дараахь чиглэлтэй байна:
21.1.1.нийгмийн амьдралыг хэвийн нөхцөлд оруулах;
21.1.2.дэд бүтцийг сэргээн босгох.
21.2.Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардлыг улсын хэмжээнд Засгийн газар, орон нутгийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ.
21.3.Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг авч болно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГА
22 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт
22.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн зарчмаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулна.
22.2.Улсын хэмжээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд орон нутгийн зөвлөл /цаашид “Үндэсний болон орон нутгийн зөвлөл” гэх/-ийг байгуулна.
22.3.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, үүссэн цагийн байдалтай холбогдуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах, хяналт тавих зорилгоор Улсын онцгой комиссыг Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд орон нутгийн онцгой комиссыг тухайн шатны Засаг дарга байгуулна.
22.4.Онцгой байдлын байгууллага нь улс, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах, нутгийн захиргааны байгууллага болон хуулийн этгээдийн үйл ажиллагаа, иргэдийн оролцоог уялдуулан зохицуулна.
22.5.Үндэсний болон орон нутгийн зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэй бөгөөд орон тооны бус байна.
22.6.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор төрийн захиргааны төв болон холбогдох төрийн захиргааны байгууллагыг түшиглэн гамшгаас хамгаалах орон тооны бус улсын албыг Засгийн газар, аймаг, нийслэл, дүүрэгт орон нутгийн албыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна.
22.7.Сум, баг, хороонд нутгийн иргэдэд түшиглэн гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийг байгуулж болно.
22.8.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хуулийн этгээд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн ангитай байна.
22.9.Үндэсний зөвлөл, Улсын онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын албаны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар, мэргэжлийн ангийн ажиллах дүрмийг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
23 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага
23.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн чиглүүлж, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга удирдан зохион байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн шатны Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдэд тэдгээрийн удирдлага зохион байгуулж, хэрэгжүүлнэ.
23.2.Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн зөвлөлийг тухайн шатны Засаг дарга тэргүүлнэ.
23.3.Улсын онцгой комиссыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн онцгой комиссыг тухайн шатны Засаг дарга тэргүүлнэ.
23.4.Улсын онцгой комиссын орлогч дарга нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, орон нутгийн онцгой комиссын орлогч дарга нь орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, сумын онцгой комиссын орлогч дарга нь тухайн сумын Засаг даргын Тамгын газрын дарга байна.
24 дүгээр зүйл. Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл
24.1.Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч, техник хэрэгсэл, эрэлч нохой, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа болон цэргийн жинхэнэ алба хаасан иргэн, гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, хуулийн этгээд, түүний техник хэрэгсэл байна.
24.2.Мэргэжлийн ангийг Монгол Улсын харьяат, хөдөлмөрийн чадвартай, 18-60 хүртэлх насны эрэгтэй, 18-55 хүртэлх насны эмэгтэй иргэнээр бүрдүүлэх бөгөөд цэргийн жинхэнэ алба хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, сургуульд элсэхийн өмнөх насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэй, өрх толгойлсон эх /эцэг/ хамаарахгүй.
24.3.Монголын улаан загалмай нийгэмлэг нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн хүрээнд нэмэлт хүч болон ажиллана.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ГАМШГААС ХАМГААЛАХ УДИРДЛАГЫН БҮРЭН ЭРХ
25 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх
25.1.Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гамшиг тохиолдсон үед Монгол Улсын Их Хурал уг асуудлыг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэнэ.
25.2.Монгол Улсын Их Хурал гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын үндсийг тодорхойлно.
26 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
26.1.Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
26.1.1.Монгол Улсын гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үндэсний төсөл, хөтөлбөрийг батлах;
26.1.2.Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэл тогтоох журмыг батлах;
26.1.3.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн цэргийн байгууллагын зарим анги, салбарыг оролцуулах шийдвэрийг зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр гаргах;
26.1.4.олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд аврах багийг оролцуулах шийдвэр гаргах;
26.1.5.аюулын түвшин, нөхцөл байдлын талаар нийтэд зарлан мэдээлэх.
27 дугаар зүйл. Үндэсний болон орон нутгийн зөвлөлийн бүрэн эрх
27.1.Үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
27.1.1.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тогтвортой хөгжлийн бодлого, хөтөлбөрт гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн зорилт болон шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусгуулах талаар бодлогын зөвлөмж өгөх;
27.1.2.гамшгийн дараахь сэргээн босгох арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх, улс орны тогтвортой хөгжлийн бодлого, зорилтод уялдуулах бодлогын зөвлөмж гаргах;
27.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах;
27.1.4.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, инновацийг нэвтрүүлэх талаар чиглэл өгөх;
27.1.5.орон нутгийн зөвлөлийг бодлого, зөвлөмжөөр хангах.
27.2.Орон нутгийн зөвлөл энэ хуулийн 27.1-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
28 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
28.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
28.1.1.гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан чиглүүлэх;
28.1.2.улсын хэмжээнд, эсхүл аймаг, нийслэл болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх;
28.1.3.гамшгийн нөөцийг зохих журмын дагуу захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэлтэд хяналт тавих;
28.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, бараа, материал, тоног төхөөрөмжийг улсын нөөцөөс гаргах асуудлыг Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх;
28.1.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журам, заавар, удирдамжийг батлах;
28.1.6.гамшгийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад шуурхай мэдээлэх;
28.1.7.олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд аврах багийг оролцуулах саналыг Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх;
28.1.8.гамшгийн үед хүч хэрэгслийг дайчлан гаргах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн цэргийн байгууллагын зарим анги, салбарыг татан оролцуулах саналыг Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх;
28.1.9.онцгой байдлын байгууллагыг хөгжүүлэх бодлого болон түүний үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх;
28.1.10.барилга байгууламж, тусгай зориулалтын хувцас, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулах саналыг Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх.
29 дүгээр зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
29.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүрэгтэй:
29.1.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах, хяналт тавих;
29.1.2.Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
29.1.3.өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх удирдамжийг боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх;
29.1.4.орон нутгийн онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хяналт тавих;
29.1.5.гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон болон аюулын нөхцөл байдлын талаар хүн амд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, эсхүл шууд мэдээлэх, заавар, зөвлөмжөөр хангах;
29.1.6.шаардлагатай мэдээлэл, судалгааг гаргаж, гамшгийн цагийн байдлыг нэгтгэн дүгнэж онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулах;
29.1.7.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах хүч хэрэгслийг дайчлан оролцуулах;
29.1.8.гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэхэд гарсан зардал, нөхөн төлбөрийн талаар санал боловсруулан хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлэх;
29.1.9.Засгийн газраас олгосон бараа, материал, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг шаардлагатай газарт хүргэх, тээвэрлэх, хуваарилах ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
29.1.10.гамшгаас хамгаалах алба, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх;
29.1.11.гамшгийн нөөц бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, нөхөн сэлбэх;
29.1.12.гамшгийн мэдээллийн сан байгуулах, ашиглах;
29.1.13.гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, заавар, стандарт боловсруулах;
29.1.14.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
29.1.15.гамшгаас хамгаалах талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;
29.1.16.гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж нэгтгэн, боловсронгуй болгох саналыг эрх бүхий байгууллагад танилцуулах;
29.1.17.гамшгаас хамгаалах асуудлаар гадаад улс, олон улсын болон дотоодын байгууллагатай харилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
29.1.18.олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох багийг бүрдүүлж, чадавхжуулах ажлыг зохион байгуулах;
29.1.19.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хүн амыг сургах, бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
30 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрх
30.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
30.1.1.гамшгаас хамгаалах албаны гүйцэтгэх үүргийг тодорхойлж, мэргэжлийн удирдлагаар хангах;
30.1.2.голомтын бүсэд эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах хүч хэрэгслийг дайчлан оролцуулах;
30.1.3.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хүн амыг сургах, бэлтгэх үйл ажиллагааг чиглүүлэх;
30.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа болон онцгой байдлын байгууллагад дагаж мөрдөх дүрэм, журам, заавар, стандартыг баталж мөрдүүлэх;
30.1.5.гамшгаас хамгаалах бэлэн байдлын удирдамжийн хэрэгжилтэд хяналт тавих;
30.1.6.гамшиг болон аюулын нөхцөл байдлын талаар онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд шуурхай мэдээлэх;
30.1.7.гамшгаас хамгаалах харилцан ажиллагааны төлөвлөгөөг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран батлах;
30.1.8.онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах;
30.1.9.барилга байгууламж, тусгай зориулалтын хувцас, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хангамжийн талаархи бодлогыг боловсруулж, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулах, шийдвэрлүүлэх;
30.1.10.хүний нөөцийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг хангах;
30.1.11.онцгой байдлын байгууллагыг төлөөлж дотоод, гадаадын байгууллагатай харилцах;
30.1.12.онцгой байдлын байгууллагыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах шийдвэр гаргах;
30.1.13.онцгой байдлын байгууллагын алба хаагч, ажилтны аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
30.1.14.онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын газар, хэлтэс, харьяа нэгжийн алба хаагч болон бусад ажилтныг томилох, чөлөөлөх;
30.1.15.хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх, сахилга, ёс зүйн хариуцлага хүлээлгэх;
30.1.16.төсөв, хөрөнгийг хууль тогтоомжид заасны дагуу захиран зарцуулах;
30.1.17.үүссэн цагийн байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн цэргийн байгууллагын зарим анги, салбарыг татан оролцуулах саналыг зэвсэгт хүчний ерөнхий командлагчид шууд танилцуулан шийдвэрлүүлэх.
30.2.Орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга энэ хуулийн 30.1-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
30.3.Орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.
31 дүгээр зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
31.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
31.1.1.аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр болон гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг баталж, гүйцэтгэлд хяналт тавих;
31.1.2.гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи Засаг даргын мэдээллийг сонсох, тайланг хэлэлцэх, чиглэл өгөх;
31.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг санхүүжүүлэх сан байгуулах шийдвэр гаргах.
32 дугаар зүйл. Засаг даргын бүрэн эрх
32.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
32.1.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх;
32.1.2.нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийг байгуулах, тэдгээрийг гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох;
32.1.3.гамшиг болон аюулын үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах;
32.1.4.гамшгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дээд шатны болон онцгой байдлын байгууллагад мэдээлэх, мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгаа, дэмжлэг авах;
32.1.5.хууль тогтоомж, дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу хүмүүнлэгийн тусламжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хуваарилах ажлыг зохион байгуулах, тайлагнах;
32.1.6.нэрвэгдэгсдэд санхүүгийн болон эд материал, сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
32.1.7.гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах;
32.1.8.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
32.1.9.гамшиг болон аюулын үед нутаг дэвсгэрийн хэмжээнд хүч хэрэгслийг татан оролцуулах;
32.1.10.орон нутгийн онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг ажиллах нөхцөл, боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх;
32.1.11.харилцаа холбоо, зарлан мэдээлэх системийн байнгын бэлэн байдлыг хангах;
32.1.12.гамшгийн эрсдэлийн болон гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийлгэж, шаардлагатай арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;
32.1.13.тухайн шатны Засаг дарга нь төв, орон нутагт томилогдон ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтныг албан тушаалын орон сууцаар хангах, дэмжлэг үзүүлэх.
32.2.Баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 32.1-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
33 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах албаны чиг үүрэг
33.1.Гамшгаас хамгаалах улсын алба дараахь чиг үүрэгтэй:
33.1.1.салбарын хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
33.1.2.салбарын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох, бууруулах арга хэмжээг тусгах, хэрэгжүүлэх;
33.1.3.хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, тайлагнах;
33.1.4.салбарын онцлогт нийцүүлэн гамшгаас хамгаалах албаны бүрэлдэхүүнийг тогтоох, мэргэжлийн ангийг байгуулах, тэдгээрийн сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангах;
33.1.5.гамшиг болон аюулын үед салбарын тогтвортой ажиллагааг хангах;
33.1.6.салбарын зарлан мэдээллийн системийн байнгын бэлэн байдлыг хангах;
33.1.7.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах хүч хэрэгсэл, гамшгийн нөөцийг бүрдүүлэх;
33.1.8.орон нутгийн гамшгаас хамгаалах албыг мэргэжлийн удирдлагаар хангах;
33.1.9.гамшиг болон аюулын нөхцөл байдлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шуурхай мэдээлэх, хамтран ажиллах;
33.1.10.голомтын бүсэд ажиллах мэргэжлийн бие бүрэлдэхүүнийг шаардагдах техник, материал хэрэгслийн хамт оролцуулах;
33.1.11.хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах;
33.1.12.гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийлгэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах;
33.1.13.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны талаархи мэдээ, тайлан гаргах.
33.2.Гамшгаас хамгаалах улсын алба нь гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны албан хаагчтай байна.
33.3.Орон нутгийн гамшгаас хамгаалах алба энэ хуулийн 33.1-д заасан чиг үүргээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ХУУЛИЙН ЭТГЭЭД, ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
34 дүгээр зүйл. Хуулийн этгээдийн эрх, үүрэг
34.1.Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ:
34.1.1.гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах;
34.1.2.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө авах.
34.2.Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:
34.2.1.гамшгаас хамгаалах төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх;
34.2.2.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
34.2.3.үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн мэргэжлийн анги байгуулах, шаардагдах техник, материал, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах;
34.2.4.мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангах;
34.2.5.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, холбогдох даатгалд хамрагдах;
34.2.6.гамшгаас хамгаалах орон нутгийн нөөц бүрдүүлэх, зориулалтын дагуу захиран зарцуулах;
34.2.7.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшиг болон аюулын нөхцөл байдлын тухай мэдээг дээд шатны байгууллага болон онцгой байдлын байгууллагад цаг тухайд нь хүргэх, шаардлагатай бичиг баримт, бодит мэдээллээр хангах;
34.2.8.гамшиг болон аюулын үед өөрийн байгууллагын хэрэгцээнд ашиглах барилга байгууламж, хоргодох байрыг төхөөрөмжлөх, шаардлагатай тохиолдолд хүн амд ашиглуулах;
34.2.9.гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх.
34.2.10.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцах.
35 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын эрх, үүрэг
35.1.Төрийн бус байгууллага нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дараахь эрх, үүрэгтэй оролцоно:
35.1.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд иргэний хяналт тавих;
35.1.2.гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хууль тогтоомж, зөвлөмж, арга зүй боловсруулахад оролцох;
35.1.3.гамшгаас хамгаалах судалгаа, сургалт, сурталчилгааг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
35.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэн, сайн дурын хэсэг, бүлэг, нөхөрлөлийн оролцоог идэвхжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
35.1.5.онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллах.
36 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн эрх, үүрэг
36.1.Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг дараахь эрх, үүрэгтэй:
36.1.1.гамшгаас хамгаалах сургалтад хамрагдах;
36.1.2.гамшгийн үеийн үйл ажиллагаанд оролцоход шаардагдах багаж, хэрэгсэл, хүнсээр хангагдах;
36.1.3.онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зардал, урамшуулал авах;
36.1.4.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг биелүүлэх;
36.1.5.гамшиг болон аюулын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагад үнэн зөв, бодит, шуурхай мэдээлэл өгөх;
36.1.6.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд аюулгүй байдлаа хангаж оролцох.
36.2.Сайн дурын хэсгийн ажилтан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүнд онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ахлагчийн албан тушаалын зэрэглэлийн анхны шатлалын үндсэн цалингаар тооцон 2 жилийн, амь насаа алдсан бол түүний гэр бүлд 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
36.3.Сайн дурын хэсэг нь тухайн шатны Засаг даргад гамшгаас хамгаалах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаагаа тайлагнана.
36.4.Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
37 дугаар зүйл. Иргэний эрх, үүрэг
37.1.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ:
37.1.1.холбогдох байгууллага, албан тушаалтнаас аюулгүй байдлаа хангахад шаардлагатай арга хэмжээний талаар үнэн зөв мэдээлэл авах;
37.1.2.гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг байгуулах, гишүүнээр элсэх, гамшгаас хамгаалах дундын хөрөнгийн сан үүсгэх;
37.1.3.гамшигт өртсөн тохиолдолд шаардлагатай тусламж, дэмжлэг авах;
37.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлагдан оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь насаа алдсан бол энэ хуулийн 36.2-т заасан тусламж авах;
37.1.5.голомтын бүсэд дайчлагдан үндсэн ажлаас чөлөөлөгдөн үүрэг гүйцэтгэсэн бол цалин хөлсөө ажил олгогчоос, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нэгэн адил томилолтын зардлыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр авах.
37.2.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:
37.2.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
37.2.2.гамшгаас хамгаалах сургалтад оролцох;
37.2.3.өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах;
37.2.4.гамшиг болон аюулаас урьдчилан сэргийлэх, аврах арга, техник, багаж хэрэгслийг эзэмших, зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх;
37.2.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох;
37.2.6.гамшиг болон аюулын тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай, үнэн зөв хүргэх;
37.2.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцах.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ГАМШГААС ХАМГААЛАХ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ
38 дугаар зүйл. Дотоодын хүмүүнлэгийн тусламж
38.1.Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг Засгийн газраас баталсан журмын дагуу зохицуулна.
39 дүгээр зүйл. Олон улсын хүмүүнлэгийн тусламж
39.1.Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээг үндэслэн Улсын онцгой комисс олон улсын хүмүүнлэгийн тусламж авах саналыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ.
39.2.Олон улсын хүмүүнлэгийн тусламж үзүүлэгч тал /цаашид “тусламж үзүүлэгч тал” гэх/ өөрийн дипломат төлөөлөгчийн байгууллагаар дамжуулан гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлт гаргасан бол Засгийн газар уг тусламжийг авах эсэх талаар шийдвэр гаргана.
39.3.Тусламж үзүүлэгч тал нь тухайн улсын болон олон улсын байгууллагад бүртгүүлсэн байна.
39.4.Монголын улаан загалмай нийгэмлэг нь олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг, холбоонд хандан гамшгаас хамгаалах хүмүүнлэгийн тусламж хүсэх, хүлээж авах, бүртгэх, байршуулах, хадгалах, тээвэрлэх, хуваарилах үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ.
40 дүгээр зүйл. Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт
40.1.Олон улсын хүмүүнлэгийн тусламжийг бүртгэх, байршуулах, хадгалах, тээвэрлэх, хуваарилах үйл ажиллагааг хууль тогтоомж, заавар, удирдамжийн дагуу Улсын онцгой комисс зохицуулж, хяналт тавина.
40.2.Олон улсын хүмүүнлэгийн тусламжийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
40.3.Тусламж үзүүлэгч талын үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн хүмүүнлэгийн багийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
40.4.Тусламж үзүүлэгч тал дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
40.4.1.иргэдийг үндэс, угсаа, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах;
40.4.2.хувь хүний нууцыг задруулах;
40.4.3.гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай холбогдолгүй асуудалд оролцох, улс төрийн болон шашин шүтлэгийн байр суурийг илэрхийлэх;
40.4.4.санхүүгийн ашиг сонирхол хайх;
40.4.5.хүмүүнлэгийн тусламжтай хамааралгүй асуудлаар мэдээлэл цуглуулах;
40.4.6.олон улсын байгууллага болон гадаад улсын Засгийн газрын бодлогыг тулгах.
40.5.Тусламж үзүүлэгч талын бараа, үйлчилгээ нь Монгол Улсын хууль тогтоомж, нэрвэгдэгсдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байна.
40.6.Тусламж үзүүлэгч тал нь бараа, үйлчилгээ, тоног төхөөрөмжийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашиглахгүй болох, аюултай хог, хаягдал үүсгэх тохиолдолд дахин боловсруулж ашиглах, эсхүл байгаль орчинд ээлтэй аргаар устгах ажиллагааг холбогдох байгууллагын хяналтын доор өөрийн зардлаар гүйцэтгэнэ.
40.7.Тусламж үзүүлэгч талын мөнгөн хөрөнгөөр үзүүлэх тусламжийг хүлээн авах эсэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
40.8.Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг Улсын онцгой комисс Засгийн газарт тайлагнана.
41 дүгээр зүйл. Олон улсын хүмүүнлэгийн тусламжийг зогсоох
41.1.Улсын онцгой комиссын саналыг үндэслэн Засгийн газар тусламж үзүүлэгч талын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргана.
41.2.Засгийн газар олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зогсоохоор бол энэ тухай шийдвэрийг тусламж үзүүлэгч талд 30 хоногийн өмнө дипломат шугамаар мэдэгдэнэ.
41.3.Тусламж үзүүлэгч тал нь энэ хуулийн 40.4-д заасан үйл ажиллагааг явуулсан нь тогтоогдвол Засгийн газрын шийдвэрээр тусламжийн үйл ажиллагааг шууд зогсооно.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
42 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллага, түүний тогтолцоо
42.1.Онцгой байдлын байгууллага нь гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллага мөн.
42.2.Онцгой байдлын байгууллага мэргэжлийн, нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.
42.3.Онцгой байдлын байгууллага нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, штаб, бүсийн төв, төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбар, олон улсын болон агаарын эрэн хайх, аврах баг, соёл урлаг, спорт, судалгаа шинжилгээ, сургалт-үйлдвэрлэл, туршилтын болон бусад нэгжтэй байна.
42.4.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяа нэгжийг засаг захиргаа, нутаг дэвсгэр, газар зүйн онцлог, хүн амын нягтрал, аюулт үзэгдэл, ослын давтамж, хамрах цар хүрээг харгалзан Засгийн газрын шийдвэрээр байгуулна.
42.5.Онцгой байдлын байгууллагын төсвийг улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.
43 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын туг, бэлгэ тэмдэг
43.1.Онцгой байдлын байгууллага нь туг, бэлгэ тэмдэгтэй байна.
43.2.Онцгой байдлын байгууллагын туг, бэлгэ тэмдгийн загварыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
43.3.Онцгой байдлын байгууллагын туг, бэлгэ тэмдгийг тус байгууллагаас бусад төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, иргэн хэрэглэхийг хориглоно.
44 дүгээр зүйл. Онцгой байдлын байгууллагын үндсэн чиг үүрэг
44.1.Онцгой байдлын байгууллага нь дараахь үндсэн чиг үүрэгтэй:
44.1.1.гамшгаас урьдчилан сэргийлэх;
44.1.2.гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах;
44.1.3.гамшгийн хор уршгийг арилгах;
44.1.4.хойшлуулшгүй сэргээн босгох.
45 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагч
45.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагчаар Төрийн албаны тухай болон Цэргийн албаны тухай хуульд заасан шаардлага, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон журам, эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, боловсролын болон ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнийг авч ажиллуулна.
45.2.Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна.
45.3.Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хязгаарлалт нэгэн адил хамаарна.
45.4.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын албан тушаалд онцгой байдлын албанд 10-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан алба хаагчийг томилно.
46 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдэг
46.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан дүрэмт хувцас, цэргийн цол хэрэглэнэ.
46.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, тэргүүн дэд даргад цэргийн дээд цол олгож болно.
46.3.Онцгой байдлын байгууллагын алба хаагчид цэргийн цол олгох журам болон дүрэмт хувцасны загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч, дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг Засгийн газар тогтооно.
46.4.Онцгой байдлын байгууллагад алба хаах журам, хувийн дугаар бүхий офицер, ахлагчийн таних тэмдгийн загвар, хэрэглэх журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
46.5.Онцгой байдлын байгууллагад цэргийн цолыг хэрэглэх, олгох, бууруулах, хураан авах, сэргээх харилцааг Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу зохицуулна.
47 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх
47.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагч энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхдээ Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан нийтлэг эрхээс гадна дараахь эрх эдэлнэ:
47.1.1.гамшиг болон аюулын үед үүрэг гүйцэтгэх болон сургалт, дадлагад оролцох, жижүүрийн үүрэг гүйцэтгэх үедээ хоол, хүнс, тусгай зориулалтын хувцас, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдах;
47.1.2.гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах зорилгоор шаардлагатай обьектод саадгүй нэвтрэх.
48 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн үүрэг
48.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагч Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээс гадна дараахь үүргийг хүлээнэ:
48.1.1.гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах, оролцох;
48.1.2.аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд сахих, байгууллага, албан тушаалтан, иргэнд мэргэжлийн чиглэлээр зааварчилгаа өгч, туслалцаа үзүүлэх;
48.1.3.хариуцсан техник, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын хувцас, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах.
49 дүгээр зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид олгох тэтгэвэр, тэтгэмж
49.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авна.
49.2.Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч албан үүргээ гүйцэтгэж явахдаа хот, суурингийн дотор нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчино.
49.3.Онцгой байдлын байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно.
50 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн үүргээ биелүүлэх баталгаа
50.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн алба хаасан хугацааг тооцохдоо алба хаасан зургаан сар тутмыг найман сард дүйцүүлэн тооцно.
50.2.Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагч болон бусад төрийн цэргийн байгууллагын алба хаагчийн албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно.
50.3.Албан үүргээ зохих журмын дагуу биелүүлснээс алба хаагч болон бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг төр хариуцна.
50.4.Онцгой байдлын байгууллагын алба хаагч цацраг идэвхт, химийн хортой болон аюултай бодис, далд уурхай, усны ослын үед ажилласан тохиолдолд хордлого тайлах болон сэтгэл зүй, бие бялдрын нөхөн сэргээх, сувилах үйлчилгээнд хамрагдана.
50.5.Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин хүртэл нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн урамшуулал олгож болно.
50.6.Онцгой байдлын байгууллагын алба хаагчид амь нас, эрүүл мэнд хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэвэл мөнгөн урамшуулал олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг санхүү, төсвийн болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
50.7.Онцгой байдлын байгууллагын алба хаагчийг гэнэтийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд заавал даатгуулах бөгөөд зардлыг төр хариуцна.
50.8.Онцгой байдлын байгууллагын алба хаагч нь мэргэшлийн зэрэгтэй байх бөгөөд мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журмыг Засгийн газар батална.
50.9.Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээ албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиас доошгүй байна.
АРАВДУГААР БҮЛЭГ
ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНХҮҮЖИЛТ
51 дүгээр зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт
51.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь жил бүрийн төсвийн багцдаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, зардлыг тусгана.
51.2.Төрийн болон нутгийн захиргааны байгууллага тухайн жилийн төсвийн 1.0 хувийг, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд төлөвлөж зарцуулна.
51.3.Аймаг, нийслэл, сум дүүрэг нь тухайн жилийн төсвийн 1.0 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга хэмжээнд зарцуулна.
51.4.Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах төвлөрсөн арга хэмжээний зардлыг улсын төсвөөс, аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд зардлаа өөрөө хариуцна.
АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
52 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
52.1.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД