ХАБЭА-н Онооны систем /Metrics Card/

ХАБЭА-н Онооны систем /Metrics Card/

Миний амьдралдаа үзсэн хамгийн гоё систем. Анх 2009 онд Саусгоби Сэндс-т байхдаа үйл ажиллагаанд нэвтрүүлэн, улам сайжруулан хэрэглэж байв. Миний мэдэхээр Бороо Гоулдад 2006 оноос гаралтай. Одоогоор манайд нэвтрүүлэхээр Захирлуудын түвшинд яригдаж байна, бэлтгэл ажил /сургалтын материал бэлдэх, ХАБЭА-н сургагчидаа бэлдэх, бүх ажилчдад сургалт явуулах, хуудсаа хэвлэлт/ 3 сар авна. Хэвшүүлэлт нь дахин 3-6 сар болно.

Хүн болгон ХАБЭА-д хийсэн ажил болгоноороо оноо авч, сарын стандарт оноонд хүрэх ёстой. Жишээ нь: Өглөөний нарядад оролцсон бол 1 оноо, хэрэв нарядыг удирдан явуулсан бол 5 оноо, Ажлын байрны үзлэг хийсэн бол 3 оноо, Аюулыг мэдээллэсэн бол 3 оноо, Аюулыг арилгасан бол 5 оноо, Ажлын аюулын шинжилгээ хийсэн бол 6 оноо, Ослын судалгаанд оролцсон бол 8 оноо, Галын аюулгүй байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулсан бол 2 оноо гэх мэтээр хийсэн ажилдаа оноо түүх систем юм.

Ашигтай тал:
- ХАБЭА-н хийгдэж буй ажлуудыг хэмжихүйц хэмжүүртэй болно. Хэн нь сайн, хэн нь муу оролцоод байгааг нарийн тодорхойлох боломжтой. Жишээ нь: Бат 125 оноо тухайн сард авсан бол Дорж 96 оноо авах жишээтэй.
- Бүх ажилчдыг ХАБЭА-н үйл ажиллагаанд татан оролцуулах хөшүүрэг. Сарын эцэс болоод ирэхээр босго 100 оноонд хүрэхийн тулд ажилчид байгалийн зөн совингоороо /Компаниас тавьсан 100 онооны шалгуурт би хүрэх ёстой, дарга намайг муу ажиллаж байна гэж хэлэх болно гэх айдас эсвэл 120 онооноос ахиулаад нэг урамшуулал хүртчих юмсан, хамгийн мундаг оноотой эхний 10 хүний тоонд багтчих юмсан гэх тэмүүлэл, сайшаал хүртэх гэсэн эрмэлзэл/ аюулыг олж, засахаар хайдаг болгочихдог. Бүр хаагуур юу байна, энийг ингэлээ, тэглээ гээд их идэвхтэй болно гээч. Оноо нь хүрэхгүй болчихсон Оффисийн орчуулагч хүртэл интернэтээс хайн, Сарын аяны сэдэв сайн дураараа бэлдээд, Оффисийн ажилтнууддаа өгөх жишээний. Урд нь юун ХАБЭА гэдэг байсан хүн, аюул хайгаад гүйх нь хөгжилтэй шүү... Бие биенээсээ түрүүлж мэдээллэх гэж яарна, ослын судалгаанаас зугтдаг нөхөр судалгаануудад оролцох гээд өөрөө гуйгаад явах жишээний... Их сургуульд ороход “улаан шугам” гэж байдаг, 100 оноо нь бараг “улаан шугам” болчихдог юм уу даа...
- Шагнал урамшуулалд тодорхойлоход хялбар. Бат 125 оноо авсан учраас... Бусад нь ч барьцахгүй, учир нь тэд өөрсдөө хэдэн оноо авснаа мэднэ.

Дутагдалтай тал:
- Нэвтрүүлэхэд болон системийг авч явахад жаахан хүндрэлтэй. Сар бүр хүн болгоныг оноог шалгана, хянана, дүгнэнэ. Нилээд ачаалал авна.
- Заримдаа худал бичих тохиолдол гардаг. 100 оноонд хүрэхийн тулд зарим нөхдүүд санаанаасаа зохиож бичих эрсдэл бий. Гэхдээ худлаа хийсэн нь илрэх үед баларна, систем төлөвшөөд ирэхээр асуудал бараг байхгүй болдог.
- Өдөр болгон ажилчид 5 минутын уг цаасыг бөглөхөд зарцуулна. Өдөр өдөрт нь хийсэн зүйлээ бичиж явахгүй бол мартчихаад, сарын эцэст үсээ зулгаагаад, юу хийлээ? гэж толгойгоо гашилгаж байгаа нөхдүүдтэй нэг биш удаа таарч явлаа.

Бяцхан журам:
Сар бүрийн эхэнд ахлах ажилтан нь Онооны системийн хуудсыг нь өгнө.
Өдөр бүр онооны системийн хуудсаа солилцон бие биенээ шалгаж болно. Шалгасан бол доор нь гарын үсэг зурна. Бусдын хуудсыг шалгаад өөртөө оноо авч болно.
Сарын сүүлийн өдөр ХАБЭА-н ажилтандаа хуудсаа хүлээлгэн өгнө. Өгөөгүй тохиолдолд тухайн сарын оноог 0 гэж тооцно.
Өдөр болгон хуудсаа бөглөж явах нь ашигтай, тэгэхгүй бол юу хийснээ мартчихдаг.

Зөвлөгөө:
Компаниудын бодлогоос шалтгаалан босго 100 онооноос доош авсан нөхдүүдэд сахилгын шийтгэлтэй байх уу? үгүй юу? Өөрсдөө шийдээрэй. Манайд бол байхгүй, учир нь бид үл буруутгах систем хэрэгжүүлж байна. 
Сарын эцсээр бүх хүний оноог нийтэд нээлттэй байдлаар самбарт гаргана. 100 онооноос доош авсан ажилтнуудтай удирдлага нь уулзан хэрхэн босго оноонд хүрч ажиллах талаар зөвлөлдөнө.
Галын аюулгүй байдалд хувь нэмрээ хэрхэн оруулж болох талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөрэй, хүмүүс ойлголтгүй байдаг. Жишээ нь: Өөрийн ажлын байран дахь бүх галын хорыг шалгаж, цэнэг нь дууссан галын хорыг мэдээллэх, солих гэх мэт. Гагнуур хийж байгаа хүний Өндөр хэмийн ажлын зөвшөөрлийг шалгах, Шатах болзошгүй бараа материалыг мэдээллэх, зөвлөмж хүргүүлэх гээд олон чухал ажил багтана.
Нэвтрүүлэхээс өмнө бүх үйл ажиллагааг нарийн тайлбарласан сургалт бүх ажилтан, ажиллагсадад шаардлагатай. Эс бөгөөс амжилттай хэрэгжиж чадахгүй.
Оффисийн ажилтнууд өдөр болгон наряд хийддэггүй тул сар бүр автоматаар 20 оноо нэмж өгвөл дээр байдаг.
Хуудсыг татаж авч болох байдлаар хавсаргалаа, яаж ч өөрчилж болно, онооны системийг хөнгөвчлөх, хүндрүүлэх нь та болон Захирлын дурын асуудал. Өнгө загварыг бүр чамин, тансаг, үзэмжтэй ч болгож болно. Эндээс загвар хүснэгтийг татаж авна уу.

Б.Ганжигүүр, HSCT ХХК