Манлайлал гэж юу вэ?
Бусдад нөлөөлөх чадвар юм.
Манлайлагч гэж хэн бэ?
Бусдад эерэгээр эсвэл сөргөөр нөлөөлж байгаа хүн.
Манлайллыг хэн хийж чаддаг вэ?
Хүн болгон. Сайн, эсрэгээрээ муу манлайлал ч гэж байдаг. Жишээ авья: Улаан гэрлээр нэг хүн зам гарахаар гүйдэг, араас нь хэсэг иргэд дагаад гарчихдаг. Энэ бол муу манлайлал. Эсрэгээр хэн нэг нь хог түүх аянд уриалахад түүнийг даган хотоо цэвэрлэх иргэд ч байдаг, энэ бол сайн манлайлал. Тоглоомын талбай дээр тоглож байгаа хүүхдүүдээс ч үүнийг харж болно, 2 метр өндөртэй шатан дээр бусдыгаа уриалан авирч тоглох нэг нь байхад, элсэн дээр байшин барьж, хүүхэлдэй эрхлүүлэх нэг нь байна.
Зөвхөн дарга хүн манлайлагч уу?
Манлайлал бол үлгэр жишээч байдал, үйлдэл болохоос биш албан тушаал, хэргэм зэрэг биш билээ.
Манлайллыг ХАБЭА-д ажиллаж болох уу?
Бүрэн боломжтой бөгөөд Манлайлал нь байгууллагын ХАБЭА-н соёлыг бүрдүүлэх гол 4 тулгуур баганын нэг юм. Жишээ авья: Хүн болгоныг ажлын байрны үзлэг хийж хэвшүүлэхийн тулд та манлайлагчийг нь хөдөлгөх хэрэгтэй болдог. Ажлын байран дээр хэн манлайлагч билээ? Гэдгийг асуугаад түүнээс эхэл. 5 засварчин байхад нь дунд нь зангиддаг, нөлөөтэй нэгэн удирдагч заавал байдаг. Манлайлагч нь ажлын байрны үзлэг хийж эхлэх үед түүний үг, үйлдлийг дагалдагч нар нь (ажилчид) дууриаж эхэлдэг. Яваандаа хувинд дуссан ганц дусал долгион үүсгэдгийн адил манлайлагчаас эхэлсэн үйлдэл хамт олны дунд тархаж, бүгд хийгээд байхад би яагаад хоцроод байна гэсэн ойлголтыг бүгдэд хүргэдэг. Ганц хүнээс эхэлсэн энэ хөдөлгөөн 1000 хүний хэвшил болох боломжтой юу? Бүрэн боломжтой бөгөөд гагцхүү моментум буюу уг хөдөлгөөнийг зогсоохгүй тулд байнга сэдэлжүүлэх, сануулах, хэвшил болтол нь хийлгэх ажил нь ХАБЭА-н ажилтнаас хамаардаг билээ.
Манлайллын хэлбэр үндсэн 2 янз:
1. Үгээр
2. Үйлдлээр (илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Захирал гадуур нь хаясан тамхины ишийг аваад, хогийн саванд хаяхыг харсан ажилчинд юу бодогддог бол? Гэрт бол аав, ээжүүдийн үйлдэл хүүхдүүдэд хүчтэй нөлөө үзүүлдэг – Хэнийгээ дууриахаараа ингэдэг байнаа?...)
Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК