Ажлын байрны дарамт ХАБЭА-д хамаардаг уу?

Хүмүүс их ухаалаг. Ажил дээр гарсан “асуудлаа шийдүүлэх”-ийн тулд яаж ийж байгаад ХАБЭА-тай холбоод, ХАБЭА ажилтнаар Захирал эсвэл холбогдох албан тушаалтанд хэлүүлэх/ашиглах, зарим тохиолдолд хатуугаар хэлбэл “нохойд барьсан мод болгох” гээд зүтгэдэг.

- Манай дарга намайг дарамтлаад байна, би шөнө унтаж чадсангүй. Ингэж нойрмоглож байгаад осол гаргавал яана? (Хар хүний урдуур шар хүн гүйх хэрэггүй, тухайн ажилтан байгууллагынхаа журмын дагуу Хүний нөөцийн хэлтэст өргөдөл гаргах ёстой, үүнийг шийддэг бүхэл бүтэн журам, алба, хэлтэс байдаг)
- Энэ жил манай хэлтэс өвлийн 4 дугуй тавилаа, дугуй хагардаг, уул нь 6-г өгөх ёстой. Өвлийн хүйтэнд дугуйгаа нөхөх гэж байгаад гараа хайрвал яана? (Удирдлага нь шийдвэр гаргаад 4-ийг өгсөн бол өгсөн дугуйгаа л хэрэглэнэ, тэр хэлтсийн төсөв хэд, яагаад ингэж өгснийг тухайн ажилтан удирдах ажилтнаасаа өөрөө асуух ёстой. Матаад ч байгаа юм шиг, ховлоод ч байгаа юм шиг ингэж ярьдаг хүмүүс маш аюултай)
- Өвлийн дугуй өгсөнгүй, дөрвөн улирлын ийм дугуйтай явж байгаад осол гарвал гарж л байг уу? (Удирдлагатайгаа очиж ярихыг сануулна)
- Тэр муу их зэвүүн п*** байгаа юм, аюулыг мэдээллэх хуудсан дээр 2 удаа ЗОГС тэмдгийн урд зогсоогүй явсан гэж бичээд, уурхайн талбайгаас хөөлгөчихсөн... (ХАБЭА-н хэрэгслийг хэн нэгнийг ажлаас халуулах зэвсэг болгон ашиглах үе гардаг)
- ХАБЭА чи арай олон хүн таньдаг, юмыг зохион байгуулах чадвартайгаараа энэ спортын арга хэмжээг зохион байгуулчих, ийм баярын үдэшлэгийг зохион байгуулчих, ийм уралдаан явуулчих... (Уралдаан зохион байгуулах нь таны үүрэг үү? Би чадахгүй бол чадахгүй, ийм гэр бүлийн төлөвлөгөөтэй байгаа гээд хэлдэг, тэр нь ч захиралд амар байдаг)
- Сэрээт өргүүр нэг л болохгүй байна. Засварын ахлахдаа хэлэхээр тоохгүй юм, ХАБЭА-д хэлж байгаад арга хэмжээ авахуулнаа... ХАБ-аа, энэ машины хурдны хайрцаг нэг л болохгүй байгаа юм, нэг л өдөр сэрээгээрээ хаалга цөмлөх вий дээ (Засварын ахлах ажилтан үүнд арга хэмжээ авна, мэдээлэл бол удирдлагад нь дуулгаад ямар арга хэмжээ авахыг нь зөвлөх эсвэл асууж болно)
- Энэ удаа зочид ирэхэд талбайгаа сайн мэддэгээр нь чи дагуулаад явчих уу? Найз нь амжихгүй нээ (Зөв арга: Найз менежер өөр дээрээ ирсэн зочдоо өөрөө дагуулж явах ёстой.)
- Хүмүүс хөргөгчинд хоолоо үлдээгээд муутгаад байх юм, ХАБ-аа та нэг хэлээд өгөөч... (Үйлчлэгч өөрийн удирдах ажилтнаараа дамжуулан оффисийн соёл бий болгоно)

Хэрэв та ажлын хүрээгээ зөв тодорхойлж, өөрийн үндсэн ажлаа хийхгүй бол таны төлөвлөгөөт ажил урагшлахгүй, бусдын ажлыг хийсээр л байх болно. Урьд нь ч нийтлэлүүд дээрээ зөвлөж бичдэг байв, хэрэв энэ таны үндсэн үүрэгт ажил биш бол – ҮГҮЙ гэж хэлж сураарай.

Ажилчид хоорондын асуудал, байгууллагын бүхэл бүтэн соёлыг бий болгохоор Хүний нөөцийн найзууд маань ажиллаж байдаг, хэрэв таны урдуур хэн нэг нь ороод шийдвэр гаргаад, ажлыг тань хийх гээд байвал ямар санагдах вэ?. Ажилчдын маргааны дундуур орж, өөр дээрээ гал дуудах шаардлагагүй, дараа нь зодоон цохионд хүрэх асуудал гардаг юм шүү. 3 буудуулсан чоно зөвлөв.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК