Сүүлийн үед АНУ болон Канадад гарч байгаа ХАБЭА-н ажлын заруудыг хараад байхад ХАБЭА-н ажилтнуудаас negotiation skill + convince буюу харилцааны ур чадвар, ятгах чадваруудыг их шаарддаг болсон байна.
Яаж харилцааны болон бусдыг ятгах ур чадварт суралцах вэ?
Танд зөвлөхөд Дэйл Карнегийн номнуудын 1-р боть “Нөхдөө хэрхэн өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх вэ?” -ийг уншихийг зөвлье. Энэ ботийг 10-р ангид байхдаа уншиж байсан боловч, огт санаанаас гардаггүй нэг зөвлөмж нь бусдыг ятгахын тулд тухайн хүнд ямар ашигтайг тайлбарлаж өгөх ёстой гэдэг зүйл байлаа.
Жишээ нь: Ажлын байрны үзлэг хийх нь танд ямар ашигтай вэ?
1. Та ажлын байраа өөрийн гараар аюулгүй болгох боломжтой.
2. Та бусдад тусалж, тэдний төлөө санаа тавьж байгаагаа найз нөхөд, хамтран ажиллагсаддаа харуулах боломж.
3. ХАБЭА-н үнэлгээн дээрээ оноо нэмж авна. Энэ нь жилийн эцэст та бонусаа авахад тустай (мөнгө бол хүнийг хөдөлгөх их хүчтэй эд дээ).
4. Өөрийн ХАБЭА-н ур чадварыг нэмэгдүүлэх, сайжруулах цаг юм.
5. Та ХАБЭА-н үйл ажиллагаанд идэвхтэй оролцох тусам албан тушаал ахих боломж нэмэгдэж, удирдлагуудад анхааралд өртөж эхэлдэг...
Хүн бүрт өөрийн эрх ашиг гэж бий, тиймээс эрх ашгийг нь хөндөж, түүнд нь тулгуурлан харилцаарай. Жишээ нь: Жолооч аюулгүй байдал гэж бодохоор машины дугуйгаа эхэлж санадаг, оффисийн ажилтан аюулгүй байдал гэж үг сонсоод хаалганы бариул, компьютерийнхээ гарны хажууд тавьсан цэвэр усаа боддог. Жолоочтой ярихдаа машин ярих бол Оффисийн ажилтантай компьютер ярьвал түргэн ойлгоно, эсрэгээр нь ярьчихвал жолооч компьютерийн хажууд байгаа цэвэр усны тухай сонсохыг ч хүсэхгүй нойрмоглох болно.
Өөрөөр хэлбэл хүүхэд хоолоо идэхгүй байвал “чи хурдан том болохгүй, тэр тавиур дээр байгаа тоглоомоо авч чадахгүй, үе тэнгийнхэн чинь том болоод л байна, чи ганцаараа жижигхэн хэвээрээ үлдэх нь” гэж та ятгахын оронд “наад хоол чинь ийм ийм амин дэмтэй, чиний биед ороод ийм урвал үзүүлж, чиний бие махбодийн өсөлт хөгжилтийг дэмжинэ” гэж ярьсантай адил юм.
Ямар ч хүн өөрт хэрэгтэй гэсэн зүйлдээ л цаг гаргадаг гэдгийг байнга санаж, эхлээд сонирхлыг төрүүлээд эрх ашгийг нь хөндөх хэрэгтэй. Жишээ нь: танд энэ бяцхан нийтлэлийг уншуулах сонирхлыг төрүүлэхийн тулд би нийтлэлээ “Яаж хүмүүсийг ятгах вэ?” гэж нэрлэсэн бөгөөд илүү мэдлэг олж авахаар тэмүүлж буй таны эрх ашгийг хөндөхийн тулд аргыг нь жишээ оруулж тайлбарлав. Ингэснээр та 387 орчим үгтэй энэ нийтлэлийг надад хэрэгтэй зүйл байна гэж бодоод уншиж дуусгалаа... Таныг энэ нийтлэлийг уншуулахаар ятгаж чадав уу? Харин үүний оронд би 387 үгтэй ЗАР тавьсан бол та дуустал нь унших уу?
Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК