Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагуудад хэн нэгний ах дүү, аав ээж, хүү охин ажиллаж байгаа. Тиймээс тэднийгээ хамгаалъя гэвэл сайн хуваалцаж байгаарай. ХАБ бол Санхүү биш, үүнд нууц зүйл ширхэг ч үгүй.
Яаж сайн ХАБ болох вэ?
Сайн хуваалцах хэрэгтэй. Ингэхийн тулд 5 жилийн өмнө хийж байсан журмаа гаргаж ирээд, өөрийнхөө алдааг дахин засаж, суралцаж, маш их зүйл уншин даацтайхан хуваалцахыг хүсдэг. Энэ нь эргээд та өөрөө өөрийгөө хөгжүүлөх хөшүүрэг болдог билээ. Тогтмол ус өмхийрдөг, харин урсгал ус үргэлж ундарч байдаг.
Хурдан сайжрах
Хүн робот биш тул хэн нэгний туршлагыг шууд хуулбарлаж аваад, эсвэл тэр хүний хэмжээнд хийгээд сурчихдаггүй. Сайн болох ганц л арга зам бий: Тууштай хөдөлмөрлөх. Эрт босно, хийнэ, цайгаа уучихаад үргэлжлүүлэн хийнэ... Шүршүүрт орж байхдаа ч бодно, бясалгана. Үүнийг сайн мэддэг хүн байвал гүйж очиж уулзана, мөнгө төлж яриулна, бичиж тэмдэглэж авна, дахин бясалгана. Уржигдар орой хэвлэлийн машин засдаг нэг мундаг хүүг сураглаж байж олоод, Амударьяа ресторанд хамт суун цай уунгаа машин тоног төхөөрөмжийн талаар зөвлөгөө авсан юм. Тэр хүүд цагийн төлбөрийг нь газар дээр нь хийсэн, тэр хүү ч баярласнаа илэрхийлээд дахин туслахдаа таай байна гэсэн... Өөрөөр үүнд ямар ч нууц томъёо эсвэл хялбар арга зам үгүй.
Дэлхийн хэмжээнд гарах
Миний мэдэхээр 4 залуу гадаадад дэлхийн том том компаниудад ХАБЭА-аараа ажиллаж байна. Бид чадна, бид хэнээс ч юугаараа ч дутуу биш. Бурханд болон ээж аавдаа баярлалаа, харин цаашид хэрхэн явах нь биднээс их хамаарна. Мэдэхгүй зүйлээсээ бид айн, өөрийгөө хязгаарлахын оронд боломжгүй мэт санагдах зүйлсийг ч мөрөөдөн, төсөөллөө тэлэх хэрэгтэй.
Гомдоллохгүй байх
Хэрэв манай байгууллагын ХАБЭА муу явж байвал үүнд би л буруутай. Захирал, өөр хэлтсийн дарга эсвэл ажилтан ажиллагсадын хэн нь ч биш. Бусад руу буруугаа чихэлгүй, өөрийгөө шүүмжлэх зоригтой, сорилтыг даван туулахын тулд хөдөлмөрлөж чадвал энэ тийм ч давшгүй уул биш юм. Бусдыг зөв ятгаж байж, ХАБ-д анхаарлыг нь хандуулдаг. Яаж ятгах талаар сурч болно, заалгаж болно, гэхдээ хүн болгоны зүрхэнд хүрэх түлхүүр адилхан байдаггүй.
Өөрийгөө голохгүй байх
Хүнийг хамгийн их доош дардаг зүйл бол хувийн зан чанар. Өөрийгөө голоод байвал гараас тийм ч их зүйл гардаггүй. Голохын оронд зориг гаргаад, хийгээд үзэх хэрэгтэй. Амжилт бол анхны алхам, тууштай сэтгэл, цуцалтгүй хөдөлмөрөөс эхэлдэг. Таны нас хэд ч бай, сурсан зүйл ямар ч бай хамаагүй, суръя мэдье хийе гэвэл хэзээ ч оройтдоггүй. Тэтгэвэрт суучихаад Үндэсний ТВ-ээр гарах Англи хэлний хичээл бүрийг бичиж тэмдэглэн, өнгөрөхөөсөө өмнө ач зээ нартаа дэвтрээ үлдээж байсан эмээгээсээ харсан зүйл минь энэ.
Тэнэг зүйл битгий хий
ХАБ-аасаа гарч өөр салбарт орлоо, гадаад хар ажил хийхээр явлаа (харин ХАБ-аар ажиллахаар явлаа гэхэд улайран дэмждэг) гэж эргэн тойрны минь хүмүүс хэлэхэд би ингэж л хэлдэг "Тэнэг зүйл битгий хий". Тууштай байсан нь хүрдэг хорвоо. Маш их цаг зарцуулан хөгжүүлсэн байтал өөр салбар луу орлоо гээд явдаг хүмүүс байдаг, харин 5 жилийн дараа юунд хүрсэн үр дүнг нь харахад нөгөө л хэвээрээ. Гадаадад боолын хөдөлмөр эрхлээд баяжихгүй, харин нэг зүйлээ маш сайн сураад түүгээрээ гадаадад ч байна уу, дотоодод ч байна уу ажиллавал баяжихгүй юм гэхэд лав л хохирдоггүй билээ...
Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК