ISO 45001 стандартын талаархи хувийн үзэл бодол

Компани болгон ЗААВАЛ ISO 45001 стандартыг нэвтрүүлсэн тухай баталгаажуулж, сертификат авах шаардлагатай юу? гэж энэ талаар сонирхсон мэргэжилтнүүд асуувал би үгүй гэж хариулна. Учир нь энэ стандарт нь сайн дурын шинж чанартай бөгөөд Компани өөрөө хүссэн тохиолдолд баталгаажлуулалт хийлгэдэг. Баталгаажуулалт хийлгэх шалтгаан янз бүр байдаг...

Харин ХАБЭА-н мэргэжилтнүүд ISO 45001 стандартыг мэддэг байх ёстой юу? гэж мэргэжилтнүүд асуувал би заавал тийм гэж хариулна. Уг стандарт нь ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, зохион байгуулалтыг цэгцтэй болгож, гүйцэтгэлийг хянах систем бий болгохын зэрэгцээ эрсдэлийн менежментийг сайжруулж, ХАБЭА-н соёлыг бий болгоход тусалдаг.

Зарим хүмүүс ХАБЭА-н тухай хуульд ISO 45001 стандартыг жишиг болгон заавал мөрдөх ёстой гэж ХАБЭА-н тухай хуулийн 28.1.3-т дэлгэрүүлэн зааж өгье гэдэг байсан. Энэ тохиолдолд миний хувьд үгүй гэдэг байр суурь дээр зогсож билээ. Монголд үйл ажиллагаа явуулж буй 35,000 гаруй аж ахуйн нэгжүүдээс (талхны таван хүнтэй цехээс өгсүүлээд 500 хүнтэй сүлжмэлийн үйлдвэр, 1000 ажилчидтай уул уурхайн компаниудаас) мөнгө төлөөд баталгаажуулалт (сертификат) авч чадах нь ч бий, чадахгүй компаниуд ч олон. Чадал бүл муутай хөлөө олох гэж яваа компаниуд чирэгдэх эрсдэлтэй. Заавал ISO 45001-ийн сертификатыг компани бүр авсан байх ёстой гэж хуулиндаа зааж өгсөн улс одоогоор Дэлхийд байхгүй байгаа.

Үүнээс ч айхтар нэг тохиолдол гарсан юм. Манай дээр аудит хийн, зөвлөгөө өгч байсан эрх бүхий байгууллагын нэг мэргэжилтэн 28.1.3-т заасны дагуу ISO 45001-ийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн байх ёстой гэж тулгахад “эрүү мултрах” шахаж билээ. Уул нь уг хуулийн санал асуулгад чадан ядан оролцон, ХАБЭА-н бусад мэргэжилтнүүдтэйгээ хамт сууж ажилласан юмсан, тийм үг өгүүлбэр хуулинд байхгүй ээ гэж тайлбарласаар 10 минут барснаа санаж байна. ХАБЭА-н удирдлагын тогтолцоо гэхээр зөвхөн ISO 45001 гэж ойлгож болохгүй, үүнээс өөр бас ILO-OSH гэдэг цуврал стандартууд ч байдаг.

ISO 45001-ийн сертификатыг авснаар Компанийн нэр хүнд өсч, тендерт оролцоход илүү тохиромжтой болдог, ХАБЭА-н удирдлагын тогтолцоо сайжирдаг гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрнө. Гэхдээ уг стандартыг хэрэгжүүлснээр осол гэмтэл буурдаг гэдэгтэй санал огт нийлдэггүй. ISO 45001 аваагүй боловч доторхи үндсэн элементүүдийг нь амжилттай хэрэгжүүлэн, цаашид хөгжүүлэн (хөгжүүлэн гэдэг үгний ард их ойлголтууд байгаа шүү) ослыг бууруулсан олон амжилттай компани Монголд болон Дэлхий дахинд байна. Аливаа осол гэмтлийг бууруулахын тулд Компанийн нийт ажилтан, ажиллагсадын итгэл үнэмшлийг өөрчилж, ХАБЭА-н соёл бүрдүүлж, тогтмол сайжруулалтыг урт хугацаанд хийснээр амжилтанд хүрдэг болохоос биш хагас жилийн дотор нэг сертификат аваад бууруулчихдаггүй, энэ талаар дэлхийн бусад мэргэжилтнүүдтээ ч би LinkedIn (https://www.linkedin.com/in/ganjiguur) дээрхи нийтлэлүүдээрээ мэтгэлцдэг билээ. Хамгийн энгийн жишээгээр гэр бүлийн хүрээнд тайлбарлавал: бид үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг сайжруулахын тулд хорооноос зөвлөгөө аван, АБГД сертификат авч баталгаажуулдаг уу? эсвэл амьдрал дээр эцэг эх байхыг суралцан, найз нөхөд болон аав ээжээсээ хэрхэн яаж хүүхдийнхээ аюулгүй байдлыг сайжруулах талаар зөвлөгөө авдаг уу?

ISO 45001-ын удирдлагын тогтолцоог бүрэн нэвтрүүлчихвэл ХАБЭА-н оргилд гарсан гэсэн үг үү? гэж асуувал мэдээж үгүй гэж хариулна. Энэ стандарт бол үндсэн ойлголт, систем, аргачлалуудыг агуулсан сайн “Цагаан толгой” юм, дээр үед Австралид ISO 14001:2004 болон ISO 45001:2018-ийн аудиторын сертифит авч байхдаа уг стандартуудыг үнэхээр биширдэг байсан билээ, гэхдээ улам туршлагажих тутам уг стандартуудыг мэргэжлийн нүдээр харвал анхан шатны зүйлүүдийг зааж өгсөн байдаг юм байна даа гэж боддог болсон. Жишээ нь: Уг стандарт дотор та яг ингэж ажиллавал Ослыг Тэг болгоно гэсэн ганц ч аргачлал байхгүй, ХАБЭА-н соёлыг хэрхэн бүрэлдүүлэх талаар зааж өгөөгүй байгаа, тиймээс жижиг болон дунд хэмжээний аж ахуйн нэгжүүдэд зориулсан гарын авлага л юм гэдгийг сайн ойлгоорой. Үнэндээ ХАБЭА-н философи, олон янзын технологиудыг цуврал стандартууд ч оруулж өгөх боломжгүй юм, учир нь Компани болгоны үнэт зүйл, соёл, цар хүрээ өөр өөр байдаг, ослыг бууруулах олон ч арга, технологи бий. Эрсдэлийн менежментийн үйл явцыг гэхэд л зарим нь захиргаадах аргаар явуулна, зарим нь ятган үнэмшүүлнэ, зарим нь хослуулна, зарим нь хэт их хяналтад анхаарснаар Ослыг Бууруулдаг гэх мэт...

Эцэст нь: За, залуусаа Жигүүр ISO 45001 шаардлагагүй гэж хэлсэн гээд нийтлэлийг маань буруу ойлгон, мушгин гуйвуулж бусаддаа яриваа? Хэ хэ хэ. Огт тийм утга агуулаагүй шүү, товчхондоо базаад хэлэхэд уг стандартыг маш сайн мэддэг байх хэрэгтэй, ХАБЭА-н удирдлагын тогтолцооны талаар анхан шатны үндсэн ойлголтуудыг багтаасан сайн стандарт. Харин баталгаажуулалт буюу сертификат авах асуудлаа өөрсдөө шийдэцгээ. Хуульд яагаад суугаагүй ойлголтуудыг нь хэллээ. Уг стандартыг хэрэгжүүлчихлээ гээд цаана нь даваа байхгүй гэсэн үг биш, давааны цаана даваа гэдэг дээ... Уг стандартын дагуу зөвлөгөө өгч, баталгаажуулалт хийдэг Компаниудаасаа хувийн зүгээс бас уучлалт хүсэхгүй бол болохгүй, та бүхний бизнесийг дэмжиж байдаг бөгөөд уг нийтлэлээрээ зөвхөн ХАБЭА-н мэргэжилтнүүддээ баталгаажуулалтын цаад талд үргэлжлүүлэн хийх зүйл зөндөө байдгийг тайлбарлаж өгөхийг л чармайлаа.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК