Ганц хүн бүгдийг мэддэг байх ямар ч боломжгүй. Миний хувьд би Байгаль орчны асуудал мэдэхгүй, Онцгой байдлыг мэдэхгүй, Хөдөлмөрийн эрүүл мэндийг мэдэхгүй. ХАБ-ыг бол гадарлах төдий.
Тиймээс салбар салбарын сайн мэргэжилтнүүдээс дээд зэрэглэлийн зөвлөгөө авч ажлын бүтээмж, алсын хараа, ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд тэдгээр хүмүүсийг хөлслөх мөнгийг миний хувьд төсөвтөө суулгаж өгдөг. Ном аваад уншдаг боловч надад тулгарч байгаа асуудлыг зөв тодорхойлоод, шийдлүүдийг нь гаргаж өгсөн тохиолдол тэр бүр байхгүй.
Тиймээс манай байгууллагын онцлог, цар хүрээ, ирээдүйд учирч болох төрөл бүрийн эрсдэлүүдийг сайн мэргэжилтнүүдийн тархийг ашиглан зөв тодорхойлж, үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаараа төлсөн төлбөрөөсөө ч илүү мөнгө Байгууллагадаа хэмнэж байдаг. Үүнийгээ ч нуудаггүй, Захиралдаа шударга тайлбарладаг, миний чадах зүйл энэ, чадахгүй “саарал бүс” энэ байна. Үүнийг чаддаг болохын тулд ийм ийм газраас надад энэ энэ хүн хэрэгтэй, үүнийг төлснөөр ийм асуудлаа шийдвэрлэх боломжтой гм, шийдчихвэл ийм ийм эрсдэл, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлнэ гм....
Бүгдийг ганцаараа хийх гэж оролддоггүй, чадахгүй зүйлсийг нь багийнхнаасаа шаарддаггүй. Учир нь энэ нь их хэмжээний цаг хугацаа үрэхээс гадна, асуудлаа шийдвэрлэж чадахгүй гацах мөч олон тохиодог. Бизнесд хурд бөгөөд цаг хугацаа чухал. Тиймээс цаг хэмнэх, хурдан хугацаанд Байгууллагадаа тохирсон зөв шийдэл боловсруулахад бусдын хүч, мэдлэг тус болдог. Чадварлаг мэргэжилтнүүд цаг гаргаж байгаа бол мөнгө төлөхийг хүсдэг. Энэ нь ч шударга. Байгууллагад зөвлөхийн тулд цалин авалгүй ажлаасаа чөлөө аван, гэр бүлтэйгээ өнгөрөөх цагаа хумсалж байвал нөгөө талаар Байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөө, Онцгой байдлын менежмент боловсруулах, Хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлийн судалгаанд Байгууллага төлбөр төлснөөр аль аль тал нь сэтгэл хангалуун үлддэг.
Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК