10-аад жилийн тэртээ Аюулгүй ажиллагааны ажилтнаар (тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтанг ингэж нэрлэдэг байв) ажиллаж эхлэхэд үнэндээ бусдад үзүүлэх ширхэг цаас байтугай, цаасны тасархай ч байгаагүй юм даа.
Нэхмэлийн технологич мэргэжлийг Техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуульд 5 жил (оройгоор Евро-Ази сургуулийн Англи хэлний ангид 2 жил) суралцсан боловч илүү цалинтайг нь бодоод өрөмдлөгийн австрали компани Major Drilling-рүү урваад, орчуулагчаар ажилд орж билээ. Жил орчим ажиллаад байтал дэлхийд тэргүүлэгч уул уурхайн компани BHP Billiton Монголд ХАБЭА, Байгаль Орчин, Нийгмийн асуудал хариуцсан ажилтан авна гэсэн зар сонингоос олж хараад анкетаа явуулчихсан юмдаг. Гэтэл 2 удаа ярилцлагад ороод, дараа нь дуудаагүй болохоор нь Оюу Толгой дээр (2006 онд Ivanhoe Mines эзэмшиж байсан) байрлаж буй Major Drilling-ийн өрмийн анги руугаа явлаа. Өмнөговь аймгийн зүүн хязгаараас хамгийн баруун хязгаарт буй Гурван Тэс сум руу нүүх бэлтгэл ажил явагдаж байтал гэнэт утас дуугаран УБ хотод ярилцлаганд дуудав. Гайхаад гадаад supervisor-ууддаа хэлтэл “тийм том компаниас боломж ирнэ гэдэг үнэхээр аз. Маргааш нис, очиж ярилц” гээд хорь хорин доллар цуглуулаад өгч билээ. Хотод иртэл муу ээж минь их сандарчихсан, хамтдаа тухайн үед Голомт цамхагийн 6-р давхарт байрлаж байсан (тэр үедээ л хамгийн өндөр нь байв уу даа) гоё оффист нь очлоо, дөнгөж нээгдээд 3хан хүн ажилд авсан хирнээ бүхэл бүтэн 6-р давхрыг нь хөлсөлчихсөн, иж бүрэн засвар хийлгэчихсэн байх юм. Өмнөх ярилцлага шиг Монголчууд суугаад юм асууна даа гэж бодож байтал, 4 гадаадтай хамт хурлын өрөөнд оруулчихдаг байгаа (хожим мэдэхэд Хойд Америк, Ази, Африкийн төслүүд дээр ажилладаг ХАБЭА-н мундаг зөвлөхүүд байсан юм) Тэр үед хамаг хөлс цутгаад, гар чичирч байсныг л санаж байна. Хайгуулын өрөмдлөгө дээр ажиллаж байсан уу? ухааны юм асууж байнаа, мэддэг жаахан англи хэлээ эвлүүлж байгаад ийм ийм өрөм дээр зуны амралтаараа 7 жил туслах хийж байсан гэтэл өөдөөс насанд хүрээгүй байж труба зөөгөөд явж байсан юмуу? Битгий худлаа яриад байгаарай гэхээр нь муу ээжийгээ олон зун дагаж тостой холилдож явсан зургуудаа үзүүлэхэд гадаадууд гайхаж билээ. Хүүхэд ажиллуулдаг мөн сонин улсаа гэхээр нь жаахан дургүй хүрээд миний эх оронд асуудал нь байгаа юм бишээ, би ажил хийж сургуулийнхаа мөнгийг олох зорилгоор л насаа нэмж ажил хийсэн юм, буруу нь юу байнаа? гэхэд нөхдүүд учиргүй инээлдэж билээ. Үнэндээ англи хэл минь асар муу байсан юм шүү, ямар сайндаа Major-т байхад Ачааны машинаас труба буулгаадах гэснийг нь Контейнер цэвэрлээдэх гэж орчуулаад, баахан ажил хийлгэсний дараа өрмийн туслах ах нарт болон гадаад даргадаа бангадуулж байсан хүн шүү дээ хэ хэ... ХАБЭА-н талаар юу мэддэг вэ, үзүүлэх ямар нэг сертификат байна уу? гэхэд байхгүй ээ л гэлээ, үнэндээ тэр үед одоогийнх шиг 88 ХАБЭА-н сургалтын байгууллага байтугай олоод уншья гэхэд Монгол хэл дээрхи ном, гарын авлага ч байхгүй байсан үе. Цорын ганц байсан зүйл нь ээжийн маань хэлж байсан “аюулгүй ажиллагааны ажилтан болоорой хүү минь, Монголд энэ салбар их хөгжинө, чи үүнд л амжилт олж чадна” гэдэг захиас байсан юм. Надад ээжийн минь захиас бий, өөр юу ч алга даа л гэж хэлсэн. Гэтэл нөгөө 4 гадаад үнэхээр солиотой сонголт хийгээд, ганц ч журам бичиж үзээгүй, ХАБЭА гэж юу болохыг ч мэдэхгүй, хальт мульт англи хэлтэй 22 настай бандийг ажилд авчихсан юм. Дараа нь яагаад намайг ажилд авсан юм бэ? гээд энэтхэг даргаасаа асуухад (одоо мань хүн дэлхий даяар явуулж байгаа хайгуулуудын төслүүдийг хариуцсан ХАБЭА-н менежерээр Австралийн Мельбурн хотод ажиллаж байгаа) “Чамд хүсэл тэмүүлэл байсан юм” гэж билээ.
Сонирхолтой нь одоо хүртэл би энэ үгийг мөрддөг. Хүсэл тэмүүлэлтэй хүнийг л ажилд ав, яахав тэр чинь ХАБЭА-н сертификатгүй ч байсан болно, 10 жилээ төгсөөгүй байсан ч хамаагүй, хандлагыг нь ажилд аваад ур чадварыг нь суулга гэсэн дүрмийг 8 жил мөрдөж байна даа. Үхэн үхтлээ ч мөрдөх биз. 8 жилд олон ч хүсэл тэмүүлэлтэй залуустай ажиллалаа, тэд маань одоо ХАБЭА-н менежерүүд, газрын дарга нар болжээ. Удирдах ажилтан болох амбиц гаргалгүй, ХАБЭА-н ажилтнаа хийгээд явж байгаа мундаг нөхдүүд ч зөндөө байна. Бүр нэг эмэгтэй нь 6 жилийн дараа надтай эргэн нэгдээд, нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж байх юм, амьдрал гэдэг сонин юмаа.
Хэрвээ ХАБЭА-н сертификат биднийг ХАБЭА-н ажилтан болгодоггүй юм бол юу биднийг болгодог юм бэ? гэж та асуух буй за. Тэнэг хариулт ч санагдаж магадгүй, гэхдээ миний бодлоор:
Хийж байгаа зүйлдээ дурлах - Энэ нь ажлын амтыг бий болгодог. Сэтгэлээсээ хийгээгүй хоол нэг л амтгүй байдагтай адил. Хүсэл тэмүүлэлгүйгээр энэ салбарт хол явж чадахгүй л болов уу. Оролдоод үзье гэж битгий бод, надад үүнээс өөр зам байхгүй гээд зүтгэх хэрэгтэй. Дурлал + Шийдсэн сэтгэл = Аз жаргал. Баяр баяслыг мэдрэхгүйгээр ямар ч мэргэжлээр ажиллах хэцүү.
Хийж байгаа зүйлээ ойлгох - Мөн чанарыг нь ойлгож, хэрхэн хэрэгжүүлж болох арга замуудыг тодорхойлохоор оролд. Зүв зүгээр сууж байтал гэнэт тэнгэрээс санаа орж ирээд, мөн чанарыг нь ойлгодог гэвэл худлаа гэж би боддог. Маш олон удаа туршиж, алдаж онож явсны үндсэн дээр ингэж хийвэл илүү дээр юм байна гэсэн арга замыг хүмүүс таньж мэддэг юм байна... Таньж мэдсэнээ бусадтай хуваалцаж байж үүнийг түгээн дэлгэрүүлж чадна. Мэдлэгээрээ мөнгө олно уу, эсвэл үнэгүй тараана уу энэ бол таны л сонголт. Хамгийн гол нь илүү олон хүн илүү дээр арга замын тухай мэдэж авах болтугай.
Хийж байгаа зүйлдээ шинийг эрэлхийлэх – Харамсалтай нь энэ салбарт 2+2=4 гэдэг шиг яг таг тогтсон амжилтын томъёо гэж үгүй. ХАБЭА-г их олон янзаар хийж болно, сүүлийн үед би ХАБЭА-н соёл хөгжлийн өндөр түвшинд хүрвэл заавал цаас ашиглах ёстой юу гэж бясалгах боллоо, яагаад автомашинаа өдөр бүр шалгадаг зуршилтай болчихсон жолоочид өдөр тутмын үзлэгийн хуудас хэрэгтэй гэж? Үргэлж илүү дээр арга зам бий, шинийг эрэлхийлж бай. Бусдын болон өөрийн мэдлэгт бүү хүлэгд, эрж хай, зохио, туршиж үз, мэдсэнээ баталгаажуул.
Хийж байгаа зүйлдээ амьдралаа зориулах – Би ганц л амьдарна. Энэ ертөнцөд ирээд би юу үлдээх вэ гэдгээ одооноос эхлэн тодорхойлох шаардлагатай. Би явсны дараа үр хүүхэд минь, бусад хүмүүс юугаар нь дурсах бол? эсвэл дурсагдахгүй ч юм билүү. Гэхдээ орчлонгийн тоос хөдөлгөснийх бусдын сайн сайхан, ирээдүй хойч үеийнхээ төлөө ямар нэгэн зүйл үлдээх ёстой. Энэ нь нэгэн бодлын хүн болж төрсний үүрэг хариуцлага юм уу даа.
Бүгдийг хянах гэж бүү оролд – Асар олон эрсдэлийн хүчин зүйлийг багц болгон бүгдийг нь хянах боломжгүй. Бид үнэндээ эрсдэлийг хянаж буй мэт боловч асар олон хувьсагчийг цөөн хэд дээр л анхаарал хандуулж чаддаг. Хэрэв цөөн хэд дээр л анхаарч чадах юм бол чухал хэд дээр нь л төвлөрөх ёстой санаж яваарай.
Эцэст нь Амьдрал өөрөө хүнийг ХАБЭА-н ажилтан болгодог билээ.
Жич, базаад хэлэхэд: Та энэ чиглэлээр ажиллахаар бол заавал сургалтанд сууж сертификат авсан байх ёстой. Үүнийг би үгүйсгээгүй бөгөөд авах ч ёстой. Гэхдээ тэнд та мэдлэгийнхээ 10хан хувийг ХАБЭА-н сургалтаас (тэр байтугай энэ чиглэлээр их сургуульд 4 жил сурсан ч ялгаагүй) олж авах бөгөөд үлдсэн 90 хувийг ажил, амьдрал дээрээсээ авдаг юм байна гэдгийг хожим ойлгоно доо.
Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК