Энэ зургийн комментийг уншиж үзлээ... ХАБЭА-н ажилтнууд харвал Өндрөөс унах гэж байна, Өндрийн бүсгүй байна, Аюултай үйлдэл хийлээ, Өндөрт ажиллах аюулгүй ажиллагаа нь яачихсан газар вэ? гээд шуугилдав.
Харин Дизайнерууд хараад Үг үсэг нь уншигдахгүй байна, Ямар хачин дизайнтай хийгээ вэ? Фотошоп байна ш дээ, худлаа хийжээ, Амиа золиослон наасан юм нь уншигдахгүй гээд шүүмжилж байна.
Инженер хараад Ингэж тогтоохгүй ээ, хүүхдүүд. Дээрээс нь уяаад, уяагаа дээвэр дээрээ бэхэлбэл илүү дээр, Кран ашиглаад ингэж ингэж хийж болно гэж зөвлөх юм.
Нягтлан бололтой 2 бүсгүй Хэдээр хаана хийлгэсэн? Өөр тийм газар байдаг, тэрийг судалсан уу? Ийм юм хийлгэхэд арай үнэтэй байна уу? үгүй гэж шалгажээ.
Захирлууд бололтой 2 нөхөр: Хогийн хэдэн цааснаас болж амиа алдахаас ч айхгүй юм даа, Ингэж байгаад үхвэл хэнийг буруутгах бол доо? Тархиа ажиллуулаач дээ гээд мундагдсан ч харагдана.
Аливаа байгууллага Diversified буюу Олон талт байдлыг хөгжүүлэхээр зорьдог болсон. Өөрөөр хэлбэр асуудлыг олон талаас нь өөр өөрийн нүдээр харж, дүгнээд, үүнийг нэгтгэвэл зөв шийдлийг олдог. Захирал, ХАБЭА, Нягтлан, Инженер тухайн ажлыг өөр өөрийн нүдээр хараад, бие биенийхээ санааг тусгаад хийвэл төгс болдог гэсэн үг.
Энэхүү ойлголтыг ХАБЭА-н түвшинд дахин задалбал Багаа нэг төрлийн, нэг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлснээс өөр өөр төрлийн, олон талын мэргэжилтэй, суурьтай, туршлагатай хүмүүсээр бүрдүүлэх нь илүү өргөн хүрээгээр асуудлыг харж, шийдэх боломжийг олгодог. Жишээ нь: Та багаа инженер суурьтай, эмч суурьтай, хуульч суурьтай, багш суурьтай ХАБЭА-н ажилтнууд бүрдүүлбэл материал бэлтгэхэд инженер нь технологи талаас зөвлөнө, эмч нь хөдөлмөрийн эрүүл мэнд талаас, хуульч нь хууль эрх зүйн өнцгөөс, багш нь хүнд хэрхэн зөв хүргэх талаар ажилладаг. Эцэст нь технологийн хувьд зөв бичигдсэн, эрүүл мэндийн зөвлөгөө орсон, хууль эрх зүйн түвшинд хүрсэн, хүнд амархан ойлгогдох сургалтын материалтай болно.
Б.Ганжигүүр