ХАБЭА-н самбарыг хэрхэн хэрэглэдэг вэ?

Найзууддаа туршлагаасаа хуваалцахад: ХАБЭА-н ажилтан ганц, ажилтан ажиллагсад олуулаа байдаг. Тэгэхээр ХАБЭА-н асуудлыг олон хүнд яаж хүртээмжтэй, тогтмол хуваалцах вэ? гэдэг бол бидний сорилт мөнөөсөө мөн. Би 100 хүнтэй нэг нэгээр нь уулзан, 100 удаа ярих уу? Нэг удаа бол нийт ажилчдын хурал дээр надад боломж олдоно, гэтэл маргааш орж ирсэн шинэ ажилтан нөгөө мэдээллээ яаж хүргэх вэ? дахиад л ярина, сүүлдээ залхдаг. 100 хүнийг өдөр бүр цуглуулж, мэдээлэл өгөх боломжийг Захирал зөвшөөрдөггүй, учир нь байгууллагын production буюу үйлдвэрлэлийг зогсоох эрх надад байхгүй.

Тиймээс би ХАБЭА-н самбараа идэвхтэй ашигладаг. Агуулгыг нь байн байн өөрчилж, нэмэлт мэдээллээ шинэчилдэг. Гэхдээ надад материал дутагддаг, тиймээс өөрөө сэтгэнэ, хийнэ, болохгүй бол орчуулна, бусдаас санаа аваад бүтээдэг. Хүмүүсийн нүд амархан дасчихдаг учир шинэлэг байлгах үүднээс ХАБЭА-н самбаруудынхаа байршлыг өөрчилж, шинэ шинэ самбар, зурагт хуудсууд нэмж хийдэг. Энэ үйл ажиллагаа маань маш их цаг авдаг байсан тул мөнгийг нь төлөөд тавьчихдаг бэлэн самбар байсан бол би ямар их цаг хэмнэж, үндсэн үйл ажиллагаандаа зарцуулах байсан бол? гэж боддог байлаа. Цаг хэмнэх үүднээс “захиалгаар” зөвхөн Трансвестэд зориулан хэд хэдэн самбар хийлгэснээ энэ группдээ санаа аваарай гэж 2 жилийн өмнө оруулж байв. Үнэндээ 5-10 жилийн өмнө, одоо ч гэсэн анхаарал татахуйц дизайнтай, зөв утга агуулгатай, өнгө үзэмжтэй ХАБЭА самбар дутагдалтай байдаг. Байгаа нь Орос машин орсон, агуулга нь хуучирсан, дээр үеийн хэдэн самбар байх юм - СССР-ын шинжлэх ухаанч байдлаар баахан тоо, томъёогоор бичигдсэн "дэд эрдэмтний десертац"-ийг 10 жилийн боловсролтой манай ажилчид ойлгохгүй шүү дээ, сайндаа л юу зурагдсан байна гэж харна. СССР-ын Хөдөлмөр Хамгааллын шинжлэх ухаан бол онц сайн, гэхдээ энгийн ажилчдад зориулагдаагүй. Иймээс танд туслах зорилгоор HSCT төрөл бүрийн сэдвээр орчин үеийн ХАБЭА философи оруулан самбар, зурагт хуудас бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ вебсайтын ХАБ-ын самбар цэсээр орон одоо бэлтгэгдсэн байгаа ХАБЭА самбар, зурагт хуудсуудыг сонирхож болох бөгөөд цаашид улам баяжуулсаар байхаа амлаж байна. Одоогоор 500 төрлийн зурагт хуудас, 200 гаруй төрлийн ХАБЭА-н самбар хийх зорилттой байна.