Хууль, стандартыг биелүүлснээр осол буурдаггүй учир үүнээс илүүг хийх хэрэгтэй.
Бодит амьдрал дээр жишээ авахад та ямар ч хууль, стандарт гэртээ нэвтрүүлсэн ч орон дээр үсэрч байгаад унах 3 настай хүүхдээ зогсоож чадахгүй. Орон дээр дэвхэрч зугаацах нь хүүхдийн ажил гэж тооцвол үүнийг бууруулахын тулд та нэг бол ороо зөөж гаргана (аюулыг арилгана), эсвэл орыг тойруулан хаалт хашилт хийнэ (инженерчлэх), эсвэл хүүхдээ үсэрч тоглуулахгүйн тулд ямар гэмтэл авч болзошгүйг тайлбарлан (сургалт, захиргаадах), өөрөөр хөгжилдөх олон арга байдгийг зааж өгнө (аюулгүй ажиллах арга барил). Энгийнээр илэрхийлэхэд ажилтан ажиллагсдыг гэмтээх аюулыг зөв танин, түүнийг бууруулснаар (арилгах, орлуулах, инженерчлэх, захиргаадах, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл хэрэглүүлэх) гэмтлээс урьдчилан сэргийлж, ослыг бууруулдаг.
Энгийн жишээ: Авилгалтай тэмцэх хууль гарснаар авилгал буурсан уу? Үүнийг бууруулахын тулд илүү бодит арга хэмжээнүүд авах ёстой байдаг.
Зураг дээр ХАБЭА-н соёлын алхамуудыг шат хэлбэрээр үзүүлэв. Хууль дүрэм хэрэгжүүлээд боллоо гэж үздэг үе бол "Торгуулаагүй бол болоо" гэж боддог ХАБЭА-н соёлын хамгийн анхны шат билээ. Байгууллага бүр энэ үе шатуудтай нүүр тулдаг бөгөөд зарим нь зогсолтгүй сайжруулсаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг ажлынхаа нэг хэсэг болгодог байхад, зарим нь аль нэг шатанд гацаж орхидог.