ХАБЭА-н зөвлөл Компанид хэрэгтэй юу?

Маш их хэрэгтэй. ХАБЭА-н зөвлөлийн зорилго нь ХАБЭА-тай холбоотой асуудлуудыг СТРАТЕГИЙН ӨНДӨР ТҮВШИНД хэлэлцэн, шийдвэр гаргаж, ажилчиддаа энэ талаар танилцуулахад оршино. Стратегийн - Алсын хараатай ажиллах, түүнд хүрэх шатуудыг тодорхой болгон, төлөвлөгөө гарган үр дүнд хүрэх. Өндөр түвшиний - Батаад гутал байхгүй байна, цахилгааны залгуур хэрэгтэй байна гэх мэтийн жижиг сажиг, цаг үрсэн, Менежерүүдийн түвшинд шийддэгдэх асуудал ярихгүй гэсэн үг. Харин "Нийт ... ажилчидаас авсан судалгаагаар манай өвлийн гутал үйлдвэрлэлийн орчинд нийцэхгүй байгаа тул ийм дотортой, ийм үнийн хүрээнд, ийм чанартай гутал авмаар байна. Гишүүд санал хураалаа, Алх тас... Авна, эсвэл Авахгүй". Мөн манай Өндөрт ажиллах журмын энэ заалт амьдралд биелэхгүй байна, тэгэхээр Компани даяар бүрэн мөрдүүлэхийн тулд тэр тэр тэр өдөр тутмын хяналт, хэрэв журам зөрчигдсөн бол ийм арга хэмжээ авч баймаар байна... Гишүүд санал хураана, Алх тас...

Зөвлөлийн гишүүд бол Ажилтнууд болон Ажил олгогчидийн холбодог ГҮҮР юм. Тэд маань ажилчидийн дотор яригдаж байгаа, ХАБЭА-нхны чихэнд хүрэхгүй байгаа тэр асуудлуудыг олж, хурлаар шийдвэрлүүлж, Компанийн ХАБЭА-н соёлд үнэтэй хувь нэмэр оруулах хүмүүс юм. Зөвлөл сонгуулиа хийж, хамт олны дундаас Зөвлөлд өөрсдийг нь төлөөлж чадах гишүүнээ ажилчид сонгоно. Мэдээж ашиггүй бол хүн сонирхдоггүй тул гижигдэхийн тулд Захиралтайгаа ярьж байгаад Зөвлөлийн гишүүн болсон хүнийг ирээдүйд албан тушаал дэвшүүлэх эсвэл сарын цалин дээр нь нэмэлт бонус өгөх асуудлыг урьдчилаад шийдчихвэл Зөвлөлийн гишүүний төлөөх өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ.

ХАБЭА-н Зөвлөл бол Үйлдвэрчний эвлэлийн байгууллага биш. Үүнийг нь анхнаас нь хэлж, ойлгуулахгүй бол хурал дээр цалин пүнлүү, ээлжийн амралт ярьж хурал үймүүлдэг юм байна лээ шүү. Хүний нөөц, цалинтай холбоотой асуудал ярихгүй гэж хурлын дэгэнд оруулж өгсөн ч болно.

Зөвлөлийн хурал 2 сард 1 удаа болно (та яамаар байна, хүссэн хуваариа гаргаж болно, 126-д бол Улиралд 1-ээс доошгүй гэсэн байгаа), 2014 оны тэдэн сарын тэдэнд, ХХ:ХХ цагаас тэр өрөөнд... Бүтэн жилийн хуваарь. Захирал заавал оролцоно, амжихгүй бол төлөөллөө оруулна. Хурлын протокол хурал болсноос хойш 3 өдрийн дотор Англи, Монгол хэл дээр зэрэг хийгдэж, Зөвлөлийн гишүүд ярилцсан асуудал, шийдвэрүүдийг өөрийн нийт ажилчиддаа 48 цагийн дотор хүргэнэ. Хамгийн тохиромжтой үе нь өглөөний нарядын үеэр ажилчиддаа хэлэх... Дараагийн хурал болохоос 7 хоногийн өмнө хурлын хэрэглэгдэх протокол нь бэлэн болж, өнгөрсөн 1,5 сарын хугацаанд ямар ямар асуудлууд нь болсон, болоогүй бол яагаад, хуралд шинээр орууллуулан шийдвэрлэх асуудлаа ч мөн багтаасны дараа Зөвлөлийн гишүүд рүүгээ явуулна. Хурал дээр Гишүүд болон Захиралд дуулгах "гэнэтийн сюрприз" байх ёсгүй... Жишээ нь: Зарим компани ЭМЯ-ны сайдын 77-р тогтоолын дагуу хэвийн бус нөхцөл гээд цалин дээрээ нэмэлт аваад байна, манайх бас ингье, Захирлаа? Мэдээж зөвшөөрөхгүй эсвэл судалж үзье л гэнэ ш дээ, Захирал нь энэ талаар урьдчилан мэдээлэл аваагүй, хариулах эсвэл шийдэхэд бэлэн бус байгаа. Тиймээс хурлын протокол бүгд урьдчилан бэлтгэгдэж, ярих асуудал, сэдвүүд тодорхой байх хэрэгтэй...

Б.Ганжигүүр

HSCT ХХК