Ам дамжсан буруу мэдээлэлд няцаалт өгөх нь №1

Ам дамжсан буруу мэдээлэлд няцаалт өгөх нь №1: ХАБЭА-н ажилтан бэлтгэх сургалтын цаг гадаадад 500-600 цаг байдаг, Монголд 5 хоногт бэлтгэдэг – Худал.

Миний мэдэхээр АНУ, Англи, Австрали, Канад, Сингапур зэрэг улсуудад ХАБЭА-н ажилтан бэлтгэх сургалт нь 5 хоног байдаг. Уг сургалтаар Ажил олгогч, Ажилтнуудын эрх үүрэг, ХАБЭА-н хөтөлбөр, Аюул ба эрсдэл болоод тэдгээрийг хэрхэн хянах, ослын судалгааны тухай авч үздэг. Үргэлжлүүлээд ажил, амьдрал дээрээ уг аргачлалуудыг ашиглан туршлагаа баяжуулаад явдаг. Үүнээс гадна их сургуулиудад нь 2-4 семестер сурдаг бакалавр, магистр, докторын судалгааны хөтөлбөрүүд ч бий. Зөвхөн их сургуулиудын цагийг яриад, 5 хоногийн курсыг муулах нь миний хувьд их өрөөсгөл санагддаг. 2012 онд би Австралид суралцаж төгссөн, 5 хоногийн курсуудын 2 сертификатыг оруулав. Анхан шатны сайхан мэдээлэл олж авсан, үүнийг ажил дээр хөгжүүлсэн. Монголдоо OSHMI-д 5 хоногийн ХАБЭА-н менежер, сургагчийн курсэд хамрагдсан, сайхан л байсан.

ХАБЭА-н тухай мэдлэгийг 500-600 цаг сурсан ч бүрэн мэдэх боломжгүй. Учир нь Амьдрал баян билээ, алдаа болгон багш болж, хүн амьдралынхаа туршид бүх зүйлд суралцдаг. Яг л хоол хийж сурахтай адилхан. Би бууз, хуушуур, цуйван, будаатай хуурга, үхрийн мах сайхан чанах 5 хоолны технологийг ааваасаа 1-5 хоногт сураад 20 жилийн туршид өөрийнхөө технологийг сайжруулж байна. Цаашид 50 жил сайжруулах биз.

ХАБЭА-н ажилтан болгоныг Б.Ганжигүүр шиг ШУТИС-д Өрөмдлөгийн аюулгүй байдлын чиглэлээр магистр хамгаалуулж, докторантын курсэд ХАБЭА-н чиглэлээр сургах шаардлагагүй, Найзуудаа. Хэт өрөөсгөл бөгөөд цаг алдсан хэрэг. Сураад л байвал суралцаад л байна, хүний амьдралын нас богино, Монголд “сураад л байдаг биш, ажиллангаа суралцдаг” хүмүүс хэрэгтэй байна. Яасан сурч дуусдаггүй юм?

Б.Ганжигүүр

HSCT ХХК