Ам дамжсан буруу мэдээлэлд няцаалт өгөх нь №2

Ам дамжсан буруу мэдээлэлд няцаалт өгөх нь №2: Монгол үйлдвэрлэлийн ослоороо дэлхийд тэргүүлдэг - Худал.

Миний мэдэх уул уурхай болон туслах салбарт нь 1 сая цаг ажиллахад гарч буй Хөдөлмөрийн чадвар түр алдалтын хэмжээ дунджаар 7,00 гэсэн давтамжтай байдаг. Австралийн уул уурхайн салбарт, бүр нарийн тодорхойлбол Нүүрсний уурхайд 6,8 харин Карьер дээр 7,8, тоног төхөөрөмжийн салбар нь 8,4 байдаг. Гэтэл Оюу толгой дээр 200,000 цагт 0,93 буюу 1 сая цаг руу шилжүүлбэл 4,6 байгаа нь сайн хэрэг биш гэж үү? Трансвест-д бол 0,00 байна, сайн хэрэг биш гэж үү?

2018 оны байдлаар АНУ-ын Статистикийн газрын албан ёсны мэдээллээр (эх сурвалж: https://www.bls.gov/news.release/cfoi.t01.htm) 5,250 хүн ажлын байран дээрээ нас барсан бөгөөд 100,000 ажилтанд оногдох нас баралтын хэмжээ нь 3,5 байна. Канадад 2016 онд гэхэд 904 хүн нас барж, 100,000 ажилтанд оногдох дундаж нь 3,4 байдаг (эх сурвалж: https://www.uregina.ca/business/faculty-staff/faculty/file_download/2018-Report-on-Workplace-Fatalities-and-Injuries.pdf). 2018 онд Монгол улсын хэмжээнд үйлдвэрлэлийн ослоор 30 хүн нас барсан бөгөөд 100,000 ажилтан оногдох нас баралтын хэмжээ нь 3.00 болно (Томъёо: А= Нас барсан хүний тоо * 100,000 / нийт ажиллаж буй хүний тоо... Уг тоонд ажиллаж байгаа хүний тоог 1 сая гэж хамгийн багаар авч тооцов, үнэндээ 2018 оны статистикийн судалгаагаар ажилгүй иргэдээ хасаад, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн тоо 1,253,000 байгаа. Эх сурвалж: http://1212.mn/BookLibraryDownload.ashx?url=2018_LFS_report.pdf&ln=Mn , 31-р хуудас). Хойд Америкийн дунджаас бага хүн ажлын байран дээр нас барж байна. Харамсалтай мэдээ боловч, Монголчууд сайн байна. Нарийн тооцвол 30 нас баралт * 100,000 / 1,253,000 = 2.39 болно. Өөрөөр хэлбэл 100,000 хүнд оногдох ажлын байран дээрхи нас баралтын хэмжээ 2,39. Бид очиж биш, тэд ирж туршлага судлах ёстой юм биш үү?

Яагаад үргэлж өөрсдийгөө “доош нь хийх” хэрэгтэй гэж? 2019 онд миний бие Канад, Япон, АНУ, ОХУ, Хятад, Финлянд, Испани, Польш, Украйнаар явж ХАБЭА чиглэлээр аудит хийн, зөвлөгөө өгөөд ирлээ. Монголд байгаа асуудал тэнд ч бас ялгаагүй зөндөө байна, ослын тоо болоод давтамж нь манайхаас их байдаг, бүр аймшигтай дүр зураг ч харагдсан.

Гадаад бол сайхан, Монгол бол муухай гэдэг сэтгэхүйгээ бид өөрчлөх хэрэгтэй. Би хувьдаа Эх орон минь хөгждөг замаараа л хөгжиж байгаа гэж боддог, бахархдаг.

Б.Ганжигүүр

HSCT ХХК