ХАБЭА хувцас, хамгаалах хэрэгсэлтэй холбоотой зөвлөгөө

Хуулийн тайлбар:

  1. ХАБЭА-н тухай хуулийн “15.4. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч дүгнэлт гаргуулсан байна. Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд энэ заалт хамаарахгүй.” – Өөрөөр хэлбэл ОУ-ын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн, гэрчилгээтэй бүтээгдэхүүн авбал чанарын талаар мэргэжлийн байгууллагаар Ажил олгогч (Захирал) дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Гэрчилгээгүй бол Захирал худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ талаар дүгнэлт гаргуулахаар лабораториудаар гүйх шаардлагатай болно. Учир нь энэ бол хүний амь нас хамгаалдаг бүтээгдэхүүн, жирийн футболка биш билээ.
  2. ХАБЭА-н тухай хуулийн “27.3.5. Ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих үүргийг тухайн Байгууллагын ХАБЭА-н ажилтан, Зөвлөл хариуцдаг”. Өөрөөр хэлбэл ямар чанартай, сертификаттай хувцас хэдий хугацаагаар олгохыг ХАБЭА-н ажилтан эсвэл Зөвлөл шийднэ, Хангамжийн ажилтан биш.
  3. 2015 оны 6-р сарын 29-ны өдөр Засгийн газрын 269-р тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 5-р бүлгийн 5.1.6-д заасны дагуу “Осолдогчид ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон баримтын хуулбар”-ыг заавал бүрдүүлэн өгдөг бөгөөд ажлын хувцас, хамгаалах хэрэгслүүд нь дээрхи ХАБЭА-н тухай хуулийн 15.4-т заасанчлан чанарын баталгаа (стандарт хангасан тухай гэрчилгээ)-тай байна. Гэрчилгээ нь аль улсын ямар лаборатори тухайн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг ямар стандартын дагуу туршаад, шаардлага хангавал лабораторийн эрхлэгч, менежер гарын үсэг зураад олгодог бичиг баримт билээ.
  4. Хэрэв дээрхи 3 заалт мөрдөгдөөгүй бол ХАБЭА-н тухай хуулийн “27.1.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”
  5. Ослын улмаас хүн амь насаа алдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 10.15-р зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчих үндэслэлээр, хэрэв хүн амь насаа алдсан бол Эрүүгийн хуулиар Ажил олгогч эрүүгийн хуулиар хариуцлагад татагддаг.

Стандартын гэрчилгээг нь шалгаж аваарай гэдэг нь том учиртай.

  1. Бид лаборатори биш учраас ямар стандартын дагуу ямар аргачлалаар тест хийгээд уг стандартад нийцсэн эсэх гэрчилгээ өгөх ямар ч боломжгүй. Амны хаалт, маск дээр жишээ авахад: хүний уушиг гэдэг амин чухал эртхэн рүү орох ямар химийн бодисыг хэр хэмжээгээр шүүх ёстойг дэлхийн бүх улсууд стандартаараа тодорхойлоод өгсөн байдаг. Энэ стандартыг хангаж буй эсэхийг мэргэжлийн лабортори тодорхойлно...
  2. Бидний ажлын зорилго бол Хүнийг хамгаалах, Бизнесээ хамгаалах. Бизнесийг урагшлуулж, ашиг орлого бий болгон, Монгол улсад баялаг бүтээж байгааг хүнээ хамгаалах нь ХАБЭА-н ажилтны төдийгүй байгууллагын нэн тэргүүний зорилт. Хичнээн мөнгөтэй, технологитой байгаад үүнийг ажиллуулах хүн байхгүй бол ямар ч том байгууллага юу ч биш болдог.
  3. Худалдаачид юу ч гэж ярьж болно. Чихэн дээр, Цементэн дээр цэцэг ургуулж чаддаг. Харин алийг нь сонгохоо байгууллага шийддэг. Тиймээс ХАБ-ууд маань авч, ажилтан ажиллагсаддаа өгч байгаа бүтээгдэхүүн дээрээ чанарын хяналттай байгаасай. Худалдан авалтын баг үүнийг мэдэхгүй, стандарт ч ойлгохгүй, зөвхөн үнийн дүн болон нийлүүлэх хугацаа хоёрыг хардаг. Тиймээс тэднийг буруутгаж болохгүй, тэд ажлаа өөрийн хүрээндээ хийдэг. Харин бид хяналт тавьж (ХАБЭА-н тухай хуулийн 27.3.5), бүх зүйлээ биднээс асууж, шалгуулаад авдаг байхыг шаардаж болно. Олон ч байгууллагын ХАБ-ууд ингэж шаарддаг. Яагаад гэвэл Захирал мөнгөө баталсан (босс хийх зүйлээ хийсэн), харин маск авлаа гэхэд бид хэний уушиг руу хорт нэгдэл оруулах, оруулахгүйг шийддэг. Ийм асуудал дээр хүчтэй байр суурьтай байх ёстой. Хэн ч юу гэж хэлэх нь хамаагүй, таны зорилго бол хүнээ хамгаалах. Танай аль нэг ажилчин - айлын аав, ээж 5 жилийн насгүй болчихлоо гэхэд уйлах уу? уйлаад ч тэр хүнийг босгож ирж чадахгүй. Үр хүүхдээс нь уучлалт гуйх уу? Байгууллага нөхөн олговор олгох уу? Мөнгө бол хагацлын гунигийг тайтгаруулдаггүй.

Б.Ганжигүүр

HSCT ХХК