ХАБЭА-н менежерүүдэд зөвлөх зарим зүйлс

Сайн баг бүрдүүлээд “зангидсан гар” мэт зорилгодоо нэгтгэж чадвал бүх зүйлийг бүтээх боломжтой. Сайн хүн гэж хэнийг хэлэх вэ? Хийж байгаа ажилдаа дуртай, багийнхаа дотор өөрийн үүргээ гүйцэтгэж чаддаг хүнийг хэлнэ. Түүнээс биш зөвхөн 15 жилийн туршлагатай, гадаадын дотоодын олон хэл мэддэг, өчнөөн амжилт гаргасан хүнийг хэлдэггүй. Сагсан бөмбөгөөр яривал: NBA-ийн баг 15 хүнтэй байдаг, танай баг 3 супер од, 12 хар ажилдаа сайн хүнийг ажиллуулахад аваргын төлөө хангалттай сайн явна. Хэрэв танай баг 3 хүнтэй бол 1 туршлагатай хүн, 2 сэтгэлтэй залуу байгаад багаа зөв удирдаж чадвал хангалттай амжилт үзүүлнэ.

Ер нь ажиглаад байхад Монголд муу хүн гэж бараг л байхгүй. Ямар ч хүнийг хөгжүүлж болдог, хөгжүүлэхийн тулд тухайн хүний ашиг сонирхол дээр үндэслэх хэрэгтэй. Хүн болгоны ашиг сонирхол өөр өөр байдаг, жишээ нь: Цалин, албан тушаал, аюулгүй байдал (зүгээр л хэрүүл уруул байхгүй, сэтгэл амар ажиллахыг хүсдэг зөндөө хүмүүс бий), нэр хүнд, бахархал гэх мэт... Цалингийн ашиг сонирхол дээр нь үндэслэж байгаад болзол тавина: Хэрвээ чи 2 жилийн дотор Англи хэлээ IELTS-ийн 5,5 оноо авч чадахуйц хэмжээнд хөгжүүлж чадвал цалин 20% нэмнэ гэдэг ч юм уу. Нэр хүндийн ашиг сонирхол дээр: 2021 онд ХАБЭА Эрхэмлэгч Байгууллага уралдаанд оролцож түрүүлбэл танд ямар байх вэ? Тэгэхээр бид ийм ийм зүйлээ сайжруулах хэрэгтэй байна, одооноос бэлтгэцгээе... Албан тушаалын ашиг сонирхол дээр: Хэрэв хүн удирдах, цаг барих, хэлсэн амандаа хүрэх ур чадваруудыг өөртөө бий болгож чадвал Ахлах ажилтан болгоё...

Сайн хүмүүстэй болсны дараа тэдэнд зорилго өгч, багаараа хичээж чадвал юунд хүрч болдгийг харуулах нь удирдагч хүний гол үүрэг юм. Зорилгогүй, удирдагчаасаа хамгаалалтгүй, идэвхжүүлэлт байхгүй баг удахгүй нуран унадаг тул та зорилгоо биелүүлэх + багаа нэгтгэх шаардлагатай болно. Багаа нэгтгэхийн тулд гадуур гарч ресторанд хоол идэн, зангиагүй ярилцах нь үр дүнтэй, гэхдээ үргэлж ингээд байж чадахгүй тул өдөр тутмын багийнхаа хурлыг ч ашигласан болно. Өчигдөр юу хийсэн, юу сурсан, Өнөөдөр юу хийх талаар ярилцаж зөвлөгөө өгч болно. Өөрт нь туслах, өөрийг нь хамгаалах хүнтэй байгаад бүх хүмүүс талархдаг, зөвхөн та биш багийн гишүүд өөр хоорондоо мэдээлэл солилцож, бие биедээ тусалснаар илүү дотносож байдаг. Зөнгөөр нь орхивол зүгээр л “бэлчих” болно, ажил яваад байгаа мэт боловч ямар ч үр дүн гардаггүй.

Амжилт гаргасны дараа багийн гишүүдийн сэтгэл зүй ханаж эхэлдэг... Бид мундаг юм байна, бид хүрэх гэсэн бүх оргилдоо хүрчихлээ, ингээд л боллоо гэх мэт. Амжилтын төлөө өлсгөлөн байхад багийнхнаа сургах цаг нь ирлээ гэсэн үг. Дараагийн том том зорилгуудыг нь өгч, цэнэглэх шаардлагатай. Жишээ нь: Дэлхийд гарцгаая... Монголдоо чадлаа, болчихлоо, заза сурах гэсэн зүйлээ сураад авлаа, одоо өөр байгууллагад орж том албан тушаалд оръё гэсэн хүмүүсийн нүд нь сэргээд, илүү том зураглалаар хараад эхэлдэг. Тэгээд яаж дэлхийд гардгийг үзүүлнэ дээ... Магадгүй ийм зорилго тавих боломжгүй бол Өөрсдийн байгууллагын туршлагаа салбартаа түгээе гэсэн өөр зорилго ч байж болно. Гол нь багийг “үргэлж амжилтаар өлсгөлөн” байлгах хэрэгтэй. Амжилтаас амжилтанд тэмүүлж буй багийн гишүүдийг маш хурдацтай хөгждөг, дээр нь амбицтай бол хөгжлийн хурд гэрлийн хурд мэт байдаг (шууд маргааш супер болох тухай ярьсангүй. 3 жилийн дотор 10 жил ажилласан мэт хөгжихийг хэллээ).

Хөгжсөн хүмүүс илүү бүтээмжтэй байдаг. Хамгийн наад зах нь мэйл бичихэд хүртэл тоо, үсгээ олж ядан бичиж байгаа хүн 20 минут зарцуулна, харин Outlook ашиглаад сурсан хүн 3 минут зарцуулдаг. Хөгжсөн, туршлагатай хүн ХАБЭА-н сургалтаар өгөх гэсэн гол ойлголтоо 10 минутанд өгдөг, хөгжөөгүй нь огт ярихгүй эсвэл “байгаа онохгүй” 30 минут ноцолддог. Ноцолдоод байгаа онохгүй байгаа хүнтэй та тулж ажиллана гэсэн үг. Яаж хийдгийг харуулан, ур чадварыг нь сайжруулахын тулд дахин дахин хийлгэнэ, өөрөө тусална. Үнэнийг хэлэхэд ажлаа хийхийн хажуугаар хүнээ хөгжүүлнэ гэдэг 2 дахин их эрч хүч, энерги шавхсан хүн мөчүүдийг та л туулна. Халах амархан, харин хөгжүүлнэ гэдэг бол 2-3 жил өдөр бүр тасралтгүй ноцолдоноо л гэсэн үг.

Аливаа байгууллагын дотор “улс төр” үргэлж явж байдаг. Газар, хэлтсийн менежерүүд өөр өөрийн үүрэгт ажлаасаа болоод бие биедээ дургүйцэх асуудал аль ч байгууллагад байдаг, аль нэг том албан тушаалтан танай багийн гишүүд рүү “санаатай болон санамсаргүй байдлаар” дайрна, магадгүй танай хүний буруу байж болно, гэхдээ л та хамгаалах шаардлагатай. Өөрөөр хэлбэл хэн нэгэн таны эзэмшил рүү санаатай болон санамсаргүй байдлаар халдвал багаа хамгаалж өөрийн нэр сүр, нөлөөллөө үзүүлэх хэрэгтэй. Тактикийн ач холбогдол: Танай багийн гишүүд аюулгүй байдлыг мэдэрч, танд итгэх итгэл улам нэмэгддэг...

За арай урт болчихлоо, ингээд түр завсарлъя. Анхаарал тавьж, уншсан танд талархлаа.

Б.Ганжигүүр

HSCT ХХК