Баяр ёслол, спортын арга хэмжээний үеэр хөдөлмөрийн аюулгүй байдал сахиулах нь зөв үү?

Байгууллагаас зохион байгуулж буй аливаа арга хэмжээний үеэр ХАБЭА ажилтныг шиг аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллуулах асуудал байгууллага бүрт л тулгардаг. Бид ч бас хүмүүс тул хамт олныхоо дунд нь орж наргиж цэнгэх, баяр хөөртэй баймаар байхад заримдаа хэн нь яачих бол? гэж харсаар байгаад байгууллагын арга хэмжээг дуусгах үе цөөнгүй.

Энэ нөхцөлд яаж ажилладаг болсон тухай өөрийн туршлагаасаа хуваалцая:

Сүүлийн 15 жил өчнөөн олон тэмцээн, уралдаан, баяр ёслолд оролцож, олон ч гэмтэл харлаа. Спортын тэмцээнд бол гар хөл хугардаг, хамраа чихүүлдэг, үсрээд буухдаа шагайгаа мултална, хуруугаа тулгана, шөрмөсөө тасална, махаа тасална, хамгийн наад зах нь гэхэд хамаг бие нь булгарчихдаг. Баяр наадам дээр согтуурхсан нөхдүүд ялихгүй зүйлээс маргалдаад бие биенээ цохино, зодно эсвэл баар рестораны 00 өрөөг дэлбэлсэн мэт болгоод гарах үе ч тохиолдоно. Дараа нь гэмтэл авсан ажилтан эмнэлэгт үзүүлэх зардлаа төлүүлэх, ажиллахгүй үеийнхээ санхүүгийн байдлыг шийдүүлэхийн тулд Үйлдвэрлэлийн ослоор тооцуулах сонирхолтой болдог. Гэхдээ энэ Үйлдвэрлэлийн осол мөн үү? Миний хувьд бол биш гэж үздэг. Шалтгаан: 1-рт Энэ бол ажлын байр биш. 2-рт Энэ бол ажлын цагаар биш. 3-рт Энэ бол удирдлагаас өгсөн ажил биш юм. Гэмтэл авсны дараа үйлдвэрлэлийн ослоор тооцохгүй бол ажилтан ажиллагсад янз бүрээр хэлж, ярих асуудал гардаг. Чи ХАБЭА ажилтан биз дээ? Би гэмтчихээд байхад чи яагаад үйлдвэрлэлийн ослоор бүртгэхгүй байгаа юм? Би хүн биш үү? гэх мэтээр сэтгэл хөдлөлдөө автан, санхүүгийн хүндрэлээ шийдүүлэхийн тулд янз бүрээр хэлж ярина. 6 жилийн өмнө нэгэн байгууллагын Нягтлан сагсан бөмбөгийн тэмцээнд хүчээр ороод (чи өндөр болохоор эмэгтэй багт заавал ор гэж хамт олон нь шахсан юм байна лээ), бөмбөгний төлөө үсрээд буухдаа санамсаргүй тохойлдуулан, хамраа чихүүлж байлаа. Мэс засал хийх шаардлагатай бол 1 сая төгрөгийн төлбөртэй болсон юм. Мэдээж Нягтлан маань шууд л над дээр ирээд Үйлдвэрлэлийн ослоор бүртгүүлэн, Нийгмийн даатгалаас төлбөр гаргуулах тухай хэлсэн юм. Би хичнээн санаа зовсон ч, үүнийг Үйлдвэрлэлийн ослоор бүртгэхгүй гэж тайлбарлаж өгч билээ. Дараа нь бараг 1 жил энэ тухай мань хүн ярьсан даа... Шинэ жилээр байгууллагынхаа баярт оролцоод, гэртээ орж чадалгүй хөлдсөн, өнгөрсөн харамсалтай явдлууд ч гардаг (эх сурвалж: http://www.bolod.mn/News/93804.html) Ийм осол, яриа гарах, хүндрэл үүсэхээс сэргийлэн аливаа арга хэмжээ, уралдаан тэмцээний өмнө ажилтан ажиллагсаддаа хэлж, шаардлагатай бол гарын үсэг зуруулан авах нь илүү дээр байдаг. Өөрөөр хэлбэл энэ бол сайн дурын үйл ажиллагаа бөгөөд ажлын байр, ажлын цаг, удирдлагаас өгсөн ажлын үүрэг биш тул үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байх нөхцлийг хүлээн зөвшөөрч байна гэдэг нөхцлийг тайлбарлана, эсвэл гарын үсэг зуруулна гэсэн үг.

Нөгөө талаар Захирал ХАБЭА-н ажилтанд аюулгүй байдлыг хангах үүрэг даалгавар өгвөл Захиралдаа үнэнийг хэлж байгаарай: Хэрэв энэ тэмцээнийг ажлын байр гэж үзээд аюулгүй байдлыг хангахаар ажиллавал хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх гол үүрэг нь ХАБЭА-н тухай хуулийн 27.1-т заасны дагуу ажил олгогч (байгууллагын эзэн) дээр бууна. Та үнэхээр энэ хариуцлагыг өөр дээрээ авмаар байна уу? Ямар ч Захирал өөрөөс нь хамаарахгүй зүйл дээр хариуцлага хүлээх сонирхолгүй байдаг.

Хэрэв ХАБЭА-г ажиллуулахгүй, Захирал арга хэмжээний үеэрх гэмтлийг хариуцахыг хүсэхгүй бол яах вэ? гэж үү... Олон арга байж болно, жишээ нь: Аливаа арга хэмжээний өмнө бүх нийтийн хурал хийж, болзошгүй эрсдэлийн талаар сануулж болгоомжтой байхыг захих. Байгууллагын арга хэмжээнд архи дарсыг тохируулан хэрэглэхийг сануулах, үйл ажиллагаа эхлэхээр нээлт хийх үед Удирдах ажилтнаар үүнийг дахин сануулах, “аливаа спортын тэмцээн, уралдаан, баяр ёслол бүгд сайн дурын оролцоотой байдаг тул оролцох сонирхолгүй бол хэлээрэй, хамт олон нь шахаж шаардах нь зохисгүй, оролцох эсэх нь хүний эрхийн асуудал” гэх мэтээр Хүний нөөцөөрөө тайлбарлуулсан ч болно.

Бидний ажлын хүрээ (scope of work) бол “хөдөлмөрийн аюулгүй байдал”-ыг сайжруулах билээ. Хөдөлмөрийн гэдэг үгийг тодорхойлбол ажлын цагаар, ажлаа хийж байгаа хүнд анхаарч ажилланаа гэсэн үг. Түүнээс биш ажлын бус цагаар, ажлын байрнаас гадуур хүн бүрийн хийж байгаа үйлдлүүдийг анхаарч, үүнийг засаж сайжруулах боломж хэнд ч байдаггүй билээ.

Б.Ганжигүүр

www.hsct.mn