Олон хүн надаас ингэж асуудаг. Миний хариулт бол энэ бүх соёл Босс-оос эхэлнэ, тиймээс удирдлагатайгаа эхлээд ажиллах хэрэгтэй сануулдаг. Удирдах ажилтан оролцохгүй бол ямар ч өөрчлөлт гарахгүй. Хүмүүс их романтик ярьдаг - Хүн бүр байгууллагын соёлд хувь нэмрээ оруулдаг, Байгууллагын соёл таниас эхэлнэ гэх мэт... Бодит амьдрал дээр - ҮГҮЙ. Байгууллагын соёл Захиралаас эхэлдэг.
Та супер сургалт хийдэг байсан ч, таны эрсдэлийн үнэлгээний чанар өндөр байсан ч, та ажилтан ажиллагсадынхаа ажлын байраа явж сайн зөвлөгөө өгдөг байсан, та ISO 45001-ээр үнэхээр мэргэжсэн байсан ч... та яаж ч ажилласан буруу цэгээсээ эхэлбэл үр дүн гарах нь бага байдаг. ХАБ-ын соёлыг бий болгоно гээд хамгийн түрүүнд ажилтан ажиллагсадтайгаа ажиллаад эхэлбэл дэмий цаг үрнэ, босс ойлгоогүй, босстой эхэлж ажиллаагүй бол үр дүнгүй болоод дуусдаг.
Удирдлагын хэлсэн үг, хийсэн үйлдэл нь үргэлж хүчтэй нөлөөлдөг. Энэ нөлөөллийг ашиглахгүйгээр, энэ нөлөөллийг засахгүйгээр хол явахгүй. Жишээ нь: Хамгаалалтын дуулга хэрэглэх тал дээр та сайн журам гаргаад, сайн дуулга худалдаж аваад ажилтан ажиллагсаддаа өгөөрэй. Ганц л өдөр Захирал талбайгаараа дуулгагүй явахад таны өмнө нь хийсэн 10 өдрийн ажил будаа болно. Захирлын буруу үлгэр дууриаллыг талбайн инженерүүд хараад дуулгаа тайлна, инженерүүдээ дууриагаад ажилчид дуулгаа тайлна. Дараа нь Захирал таниас: Яагаад манай ажилчид дуулгаа өмсөхөө больчихвоо? гэж асуудаг.
Нөлөөллийг ашиглах: Талбай дээр хамгаалалтын дуулга өмсгөхийг хүсвэл та хүмүүст хэлэх биш, Захирал энэ тухай түрүүлж дуугаран, Захирал дуулгаа өмсөж явбал таны 10 өдөр хэлж ярих ажлыг хөнгөвчилдөг. Харин та Захиралдаа яагаад дуулга өмсөх ёстойг сайн тайлбарлан, ойлгуулахад л энэ бүх бэрхшээлээс чөлөөлөгдөнө. Тиймээс миний хувьд ямар ажил өрнүүлэх гэж байгаа, Босс яаж оролцох тухай хамгийн түрүүнд Захиралтайгаа урьдчилан яриад, тохиролцоод, дараа нь нийтэд зарладаг байсан билээ.
Б.Ганжигүүр
HSCT ХХК