ХАБЭА-н төсвийг Худалдан авалтын ажилтан эсвэл бусад Хэлтсийн хэн нэг нь шийддэг асуудал бол байж болохгүй. Үүний эцсийн хариуцлагыг Байгууллагын эзэн /Ажил олгогч/ ХАБЭА-н тухай хуулийн 27,1-т заасны дагуу хариуцдаг бөгөөд ХАБЭА-н төсвийг захиран зарцуулах эрх 27.3.5-ийн дагуу ХАБЭА-н асуудал хариуцсан бүтэц болон ажилтанд олгогдсон байдаг.
Жишээ авъя: Хамгаалах хэрэгсэл нь осол тохиолдох үед хамгаалах үүргээ гүйцэтгэж чадах эсэхийг гэрчилгээ тодорхойлдог. Гэтэл хаанаас ч хамаагүй ямар нэг гэрчилгээгүй өндрийн бүс авчихаад, үүнийг зүүсэн нэг ажилтан нь өндрөөс унахад тасарвал үүнийг хариуцлагыг Худалдан авалтын ажилтан үүрэх үү? Үгүй, Захирал үүрнэ. ХАБЭА-н тухай хуулийн 27.3.5-д зааснаар ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавиагүй гэдэг үндэслэлээр ХАБЭА-н ажилтан эсвэл бүтэц хариуцлага хүлээнэ. Ослын дараа хажуунаас олон долоон юм яриад яваад байсан Инженер, бусад хэлтсийн хүмүүс юу ч хэлээгүй, яриагүй мэт л дүмбийж суудаг.
Тиймээс хаанаас юу авахыг мэдэмхийрч, таны ажилд хөндлөнгөөс оролцоод байвал Захиралдаа хэлээрэй: “Даргаа, та бид хоёр хамгаалах хэрэгслийн чанарт ХАБЭА-н тухай хуулийн 15.4, 27.1 болон 27.3.5-ийн дагуу хариуцлага хүлээж байхад энэ нөхөр ийм юм эндээс ав гэж шахаад байх юм”... Ажил олгогч нар ухаантай, өөрт нь ямар хариуцлага хуулиар оногдож байгааг нь тайлбарлаад өгөх юм бол зөв шийдвэр гаргаж чаддаг.
Б.Ганжигүүр
HSCT ХХК