Үйлдвэрлэлийн ослоос үүдэх САНХҮҮГИЙН АЛДАГДАЛ

Энэ асуудлыг цэвэр санхүүгийн талаас бодож байгаад нэгэн жижиг тооцоолол хийж үзэв. Мэргэжлийн санхүүч, эсвэл Төсөвчин биш болохоор алдсан зүйл байвал уучлаарай. Ирээдүйд магистр, докторын зэрэг хамгаалах гэж байгаа хүмүүс маань дэлгэрүүлэн ажиллана гэдэгт итгэж байна.

Нэг иргэн өсгөхөд Улсаас:

Ерөнхий боловсролын сургуульд 12 жил – жилийн төлбөрийг нь улсаас нэг хүүхдэд 2,000,000 төгрөг (байр, цахилгаан, дулаан, засвар, багшийн цалин, сайн дурын үйл ажиллагаа...) гардаг гэж цээжний пан-гаар тооцвол 12 жилд 24,000,000 төгрөг.
Эрүүл мэндийн зардал жилд 500,000 – 20 жилд 10,000,000 төгрөг.
Автобус – жилд 100,000 гэвэл 20 жилд 2,112,000 төгрөг.

Нэг иргэн өсгөхөд Гэр бүлээс:

Цэцэрлэгт 3 жил – 9-р сараас 6-р сар хүртэл 9 сар сургана гэж үзээд, сарын 300,000 төгрөг гэж үзвэл 3 жилд 8,100,000 төгрөг.
Хоолны мөнгө сард 100,000 гэж үзвэл 16 жилд 19,200,000.
Их сургуульд 4 жил – нэг жилд 3,000,000 гэж тооцвол 12,000,000 төгрөг.

Нийт 75,412,000 төгрөгийг Улс болон Гэр бүл нийлж төлөөд нэг иргэнийг 20 нас хүртэл нь хамгийн багадаа зарцуулан бойжуулдаг байх нь. Үүнд: Тоглоом, хувцас хунар, ном дэвтэр, сургалт дамжаа, баяр наадам, байрны, гадагш дотогш явуулах зардал гээд олон зүйлийг оруулаагүй болно.

20 нас хүрсэн залуу маань ажилд ороод сарын 500,000 төгрөгийн цалин авдаг болжээ. Тэгвэл тэтгэвэрт гартлаа 40 жилийн турш ажиллаад 240 сая төгрөгийн орлого олно. Нөгөө талаас нь үзвэл энэ залуу 40 жилийн туршид 240 сая төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний баялаг Нийгэмдээ бүтээнэ гэсэн үг. Үүнд: Цалингийн өсөлт, албан тушаал ахилт, шинэ санаачлага, шагнал, бизнес эрхлэлт зэргийг оруулахгүйгээр “тогтмол” гэдэг байдлаар авч үзэв.

Хэрэв 20 настай залуу маань осолд орчихвол 327,700 төгрөгний тэтгэвэр (НДЕГ-ын 2013 оны тайлангаар ҮОМШӨ-ний дундаж тэтгэврийн хэмжээ) авдаг болох бөгөөд 40 жилийн туршид 157,296,000 төгрөгний тэтгэвэр (тэтгэврийн 40 жилийн туршид өөрчлөгдөх өөрчлөлтийг тооцохгүйгээр) авна. Өөрөөр хэлбэл Нийгэмдээ 240 сая төгрөгийн баялаг бүтээх байсан иргэн 157,296,000 төгрөгийн тэтгэвэр авагч болон хувирна гэсэн үг. Үүнээс гарах 40 жилийн нийт алдагдал нь 397,296,000 төгрөг (олох байсан орлого + авах тэтгэвэр) байх бөгөөд түүний тэтгэврийг нь Нийгмийн бусад татвар төлөгч гишүүд хувааж төлнө гэсэн үг.

Товчхоноор нэг иргэн осолд өртөхөд Монгол Улсын ирээдүйн 40 жилд алдах алдагдал нь хамгийн багадаа 397,296,000 + өсгөж хүмүүжүүлэхэд гаргасан 75,412,000 = 472,708.000 төгрөг болно л гэсэн үг бөгөөд энэ нь ойролцоогоор хагас тэрбум төгрөг юм. Хагас тэрбум гэдэг маань хамгийн багаар тооцоолж, олон хүчин зүйлийг тооцоолгүйгээр гаргасан тоо билээ.

Монгол Улс ганц иргэнээ гэмтээгээд хагас тэрбумын алдагдалд орсоор байх уу? эсвэл урьдчилан сэргийлэхэд мөнгө зарцуулах уу?

Б.Ганжигүүр

HSCT ХХК