ХАБЭА сургалтын талаархи бодол

2012 оны 9-р сарын 12-нд "Энержи Ресурс"-д ХАБ-н ахлах менежерээр ажиллаж байхдаа ХАБЭА-н ажилтнууддаа ингэж зөвлөн, ийм мэйл явуулж байсан байна. Магадгүй энэ зөвлөмж өнөөдөр танд ч хэрэгтэй байж болзошгүй:

Сургалтын хэлбэр маань цаашид хөгжих алсын хараагаа (vision) хуваалцаж байна, би зөнч мэргэн биш л дээ, гэхдээ өнөөдрийн байдал биднээс ийм байхыг шаардаж байна:

- Хүний сонирхол татахуйц болгох ёстой: Анимэйшн, зураг, бодлого, тоглоом оруулж, хүнд өгөх мэссэжээ тодорхой болгох хэрэгтэй. (MCS academy-ийн сургалт нойр хүрэх завгүй, сонирхолтой явагддаг, тэгвэл чадварлаг нэгнээс яагаад суралцаж болохгүй гэж?)
- Дээрхи мэссэжийн логик юунд чиглэх вэ?: Шувуугаа онож буудах: Бидний сургалт нь “таны аюулгүй байдал зөвхөн таниас шалтгаална, учир нь малгайгаа өмсөх өмсөхгүй шийдвэрийг та гаргадаг, журам зөрчих эс зөрчих шийдвэрийг та гаргадаг, хурд хэтрүүлэх хурдаа баримталж явах шийдвэрийг та л гаргадаг. Осол гаргахгүйн тулд хүн нэг бүр аюулыг таниж, түүнийг мэдээллэн, чадахаар бол өөрөө газар дээр нь арилгаж байх ёстой” гэдэг логик руу хөтлөх хэрэгтэй. Аюулыг эрсдэлийн үнэлгээгээр үнэлж, эрсдэл нь хэр байгааг үнэлж сургах нь үнэтэй. Аюулыг таних чадвар хүн болгонд бий, 5 настай хүүхэд ч халуун зуух түлдэг гэдгийг мэднэ, бид зөвхөн мэргэжлийнх нь хувьд хөгжүүлэхийг зорьж байна, мэргэжлийн сургалтууд харин ажил дээр нь гардаг аюулууд, түүнийг арилгах, багаж хэрэгсэлээ зөв эзэмшихэд чиглэх хэрэгтэй.
- Товч бөгөөд тодорхой: Манай гэрээт байгууллагад тавих шаардлага гэхэд 78 хуудас болж байна. Хуудас болгонд орсон үг, үсгийг бүгдийг пресетэйшн болгох шаардлагагүй. Гол утга санааг нь, гол өгүүлбэрүүдийг оруулахад болно. Хүн сургалтаас 20%-ийг л санадаг гэдэг алтан дүрмийг баримталбал тэр 20%-д хүн юу сурч авсан байх ёстой вэ? гэдэг ухагдахуун гарч ирнэ. Үргэлжилсэн урт үгтэй пресентэйшн, хүнийг унтуулдаг учир товч, тодорхой байхаас өөр аргагүй. Жишээ №1: гэрээт байгууллагад тавих шаардлагыг товчильё: Манай талбай дээр ажиллахад НБХХ (малгай, шил...) өмсөнө, ХАБ-ын ... журмууд байдаг, мөрдөхгүй бол таныг UHG-ээс явуулна, учир нь та өөрийгөө гэмтээж болзошгүй байна. Жишээ №2: Архи, мансууруулах бодисын журмыг товчильё: Архи уухгүй, уувал үлээлгэнэ. 0.00 дээш гарвал сахилгын хариуцлага хүлээлгэнэ. Гүйцээ.
- Сургалтын материал болон түүнийг хадгалах: Бид өнөөдөр 21-р зуунд амьдарч байгаа тул аль болох цаасан хэлбэрээс software хэлбэр лүү орох нь зүйтэй. Цаасыг архивт хийгээд, сургалтыг материал, гарын үсэг зурсан хуудсыг программд сканнердан оруулж, эргэн хайх, харахад хялбар болгох нь зөв юм. Осол гарахад осолд өртсөн хүний сургалт авсан байдал, юу ойлгосон бэ? мэдэж байсан бэ? гэдэг нь сонирхол татдаг. Мөн програмд оруулснаар хэн хэн ямар сургалтанд суусан, суух ёстой мэдээллийг харахад хялбар болно. Урьд нь Excel програмаас шүүхэд 1 цаг болдог байсан бол, программын 1 товч дараад 1 секундэд гарч ирвэл хичнээн цаг хугацаа, хөдөлмөр хэмнэх билээ?
- Үнэт зүйлтэй нь холбон ярьж, яагаад ядаргаатай санагдаж ХАБ-ын журмыг мөрдөх ёстойг тайлбарлах: Ажил бол Гэр бүл шиг нь хүний үнэт зүйл бишээ. Тиймээс эрүүл мэнд, алтан амиа алдвал гэр бүл нь тэжээгчгүй хоцроно гэдгийг их зөв (шууд биш тойруу утгаар, хүний сэтгэл зүйд сэв хийхгүйгээр) ойлгуулж чадвал, ажилчидад байдаг өнөөгийн буруу сэтгэлгээг арилгаж болно. Жишээ нь: Та яах гэж ажиллаж байгаа билээ? Мөнгө олох гэж. Хэний, юуны төлөө? Хүүхэд, гэр бүлийнхээ төлөө. Мөнгө олохын тулд та эрүүл, хөдөлмөрийн чадвартай байх ёстой юу? Тийм. Тэгвэл та эрүүл байх, хөдөлмөрийн чадвартай байх нөхцлийг юу олгож байгаа вэ? ХАБ. Тэгвэл ХАБ-ын журам (тасдагч ашиглахдаа шилээ зүү гэх мэт) зөрчвөл та эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлтэй юу? Тийм. Тэгвэл та гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө ХАБ-ын журмыг мөрдөх үү? Тийм. Найзад чинь гэр бүл байгаа, хэрэв тэр аюултай үйлдэл хийвэл та зогсоож чадах уу? Эргэлзэнэ. Та тэгвэл хэний төлөө түүнийг зогсоох вэ? Түүний гэр бүлийн төлөө. Харин та ажлаа хийж байхад зогсоовол та уурлах уу? Зарим нь тийм гэдэг учир яагаад уурлахгүй байх, яагаад баярлалаа гэж хэлэх ёстойг тайлбарлаж өгнө... Дунд нь жишээ, баримт, зураг оруулаад, энэ ойлголтонд “хүрэх” замыг нь гоё засаад өгвөл суралцагчид маань өөрсдөө бодож чадна. Хүнд “бэлэн хоол” үргэлж битгий өг, Өөрөөр нь бодуул. Өөрөө бодож олсон юмаа хүн мартдаггүй, бусдын хэлсэн зүйлийг амархан мартдаг. Харин тэр “бодлыг олох зам”-ыг нь зөв зас.
- Мэдүүлэхийн төлөө биш, ойлгуулахын төлөө ажиллах: Чихэвчээ зүүх ёстой гэж хэлэв. Харин та энэ 3 үгнээс юу “ойлгов”? хэрэв шинээр орсон над шиг ажилчинд сургагч ингэж хэлбэл би “Чихэвч зүүх ёстой юм байна” гэж мэдэж авна. Харин надад “таны ажлын нөхцөл ийм учраас чихэвч зүүснээр та 5 жилийн дараа сонсгол буурах өвчнөөс сэргийлэх болно, “ааваа би танд хайртай” гэж охиныхоо шивнэхийг сонсмоор байна уу?” гэж баримт, судалгаан дээр тулгуурлан, итгэл үнэмшилтэйгээр тайлбарлавал шинэ ажилчин би ойлгоно. Дараа нь надад ХАБ эсвэл ахлах ажилчин маань үглэх шаардлагагүй, би зүүнэ, хэний төлөө? охиныхоо төлөө (жич: олон нийтийн эрх ашиг гэж байдаггүй, зөвхөн хувийн эрх ашиг гэж бий гэдэг 1 афоризмын дагуу сэтгэвээс – эцсийн эцэст охиныхоо тэр гоё үгийг сонсож, сэтгэлийн таашаал авахын тулд ажилчин өөрийнхөө төлөө л чихэвчээ зүүдэг байхгүй юу...)
- Сургагч болон ХАБ-ын ажилтны харилцаа: Сургагч нь заагаад л байдаг, амьдрал дээр заасан зүйл нь мөрдөгдөхгүй байвал сургагч сэтгэл дундуур байдаг. Эсрэгээрээ амьдрал дээр ХАБ-ын шинэ шинэ арга аргачлал гарч хэрэглэгдээд байдаг, харин сургагч нь үүнийг заахгүй, хуучнаа заагаад байвал ХАБ-ын ажилтан сэтгэл дундуур. Тиймээс сургагчийн заасны амьдрал дээр мөрдүүлэх нь ХАБ-ын ажилтны үүрэг, ХАБ-ын ажилтнаас амьдралд хэрэгжиж байгаа шинэ шинэ арга аргачлалыг асууж, сургалтандаа оруулж заах нь сургагчийн үүрэг. Ингэснээр сургалт ч хөгжинө, ажилчид ч хөгжинө. Сургалтын материал үргэлж баяждаг, заримдаа өдөр тутам. 1 сургалтыг яг адилхан байдлаар 3 жил заавал уйтгартай, суусан сургалтандаа ажилчид дахин суух дургүй, тиймээс агуулгыг нь алдагдахгүйгээр сургалтын өнгө, үзэмж, арга барилаа өөрчилж байх шаардлагатай.
- Эргэн санахуй: Сургалтын дараа нийт яригдсан асуудлуудыг багтаасан жижиг гарын авлага өгвөл зүгээр. Хүн мартдаг, харин үүнийг сануулахын тулд poster-оор, гарын авлагаар, нарядаар сэргээж өгснөөр хүнд хоногшино. Жишээ нь: Архи ууж болохгүй. Хэт ядарсан байж болохгүй. Хурд хэтрүүлж болохгүй.

Ажил маань "гол бай"-гаа (ослын эх үндэс болсон аюул/эрсдэлийг арилгах) онохгүй бол үр дүнд нь осол гарч хүн гэмтсээр байх болно. Шарилжийг үндсээр нь зулгаахгүй бол дахиж ургадагтаа адил. Хэрэв байгаа онож байвал үр дүн нь ослын тоо ТЭГ рүү тэмүүлдэг гэдгийг та бүхэн туршлагаасаа мэдэж билээ.

Б.Ганжигүүр

HSCT ХХК