Амжилтын жор: Авьяас 1%, Хөдөлмөр 99%... ба түүний дараа

Амжилтын жорыг эргэн тойрноосоо харахад л болно. Сагс үзэх дуртай бол та Леброныг хараарай, 35 настай ч 28 настай мэт тоглож байна. Спортод 35 нас бол зодог тайлдаг үе, гэтэл тэрээр үргэлж бэлтгэлээ хийж, формоо өндөр түвшинд хадгалан 17 жил NBA-д тоглож, бараг 1 тэрбум ам.доллар цуглуулж байна. Сая дууссан финалын тоглолт дээр хэний ч төсөөлөөгүй Miami Heat гарч ирэв. Жимми Батлер гэдэг тоглогчид өндөр нуруу, урт гар байхгүй, хамгийн ухаалаг нь ч биш, гэхдээ л асар хөдөлмөрч. 2020 оны улирлалд багаа чирсээр Аваргын төлөө тоглов. Бүх тоглогч нар эхнэр, хүүхэд, эсвэл ойр дотныхоо хүмүүсийг Bubble-д авч ирж байхад, Жимми “Энэ бол бизнес аялал, би энд зугаацах гэж ирээгүй, төвлөрч ялах гэж ирсэн” гэдэг үгийг нь сонсоод л нэг юм дуулгах нь дээ гэж бодсон юм. Тийм ч зүйл болсон.

Та хамгийн ухаантай нь биш байж болно, танд гадаад хэл сурах боломж олдоогүй байж болно, гэхдээ л амжилтанд хүрэхэд хэрэгтэй бүх зүйл өнөөдөр танд бэлэн байна. Цорын ганц асуулт нь: Өнөөдөр би хөдөлмөрлөхөд бэлэн үү? Үүнд л хариулж чадаад, хийж чадвал та, би, бид бүгдээрээ эрх чөлөөт Монгол орон байтугай, дэлхий ертөнцөд маш их зүйл бүтээж чадна.

Амжилтанд нэг шөнийн дотор хүрэх боломжгүй. Магадгүй танд хэн нэгэн хүн амжилтанд хялбархан хүрсэн санагдвал тэр хүн үүний төлөө дор хаяж 10-15 жил хөдөлмөрлөсөн байдаг. Амжилтыг шат, шатаар ахиж, алдаж онож байгаад хүрэхээс биш ганц алхаад хүрэх ямар ч боломжгүй. Та цуцна, шантарна, тэрбайтугай уйлна. Үүнийг хөнгөлөх цорын ганц зам нь: Та уг шатаар алхаж байхдаа дуртай байх, гишгэсэн гишүүр бүрээ хайрлах. Дурлаж хийж чадвал бүх зүйл амархан, харин үзэн ядаж хийвэл хэзээ ч 120% хийж чаддаггүй бөгөөд амжилтанд хүрэх талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Би ажилдаа дургүй, тэгэхээр яах вэ? гэж үү... Дурлах л хэрэгтэй. Анх би ХАБ болоход дуртай байгаагүй ээ, эхний 2 жил мөнгө олохын тулд хийж эхэлсэн, дараа нь харин хийж буй зүйлийнхээ сайн сайхан талуудыг харж энэ салбарт “сэтгэлээ өгсөн”.

Хөдөлмөр + Ажилдаа дурласан сэтгэлтэй бол та цуцахгүй, та зогсохгүйгээр барахгүй та баяр хөөртэйгөөр үүнийг хийдэг. Онгод орсон үедээ гэрээ цэвэрлэх, Залхуу хүрсэн үедээ аяга угаах хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй гэдэг дээр та санал нийлэх байх. Өдөржин гэрээ цэвэрлээд, ядарсан ч баяртай байдаг бол 5 аяга угаах гэж ууртай байдаг. Эцсийн үр дүнд нэг нь бүхэл бүтэн гэрээ цэвэрлэсэн, нөгөө нь чадан ядан 5 аяга угаасан. Хэрэв та захирал байсан бол аль хүнийг нь дэвшүүлэх вэ? Ингэж л амжилтанд хүрдэг.

Амжилт олон янзаар үнэлэгддэг, нэгэн хэмжүүр нь мөнгө. Хэдэн жилийн өмнө нэгэн гадаад захирал маань “Жигүүрээ, чи манай Монгол менежерүүдийн дундаж цалингаас хэд дахин илүүг авдгаа мэдэх үү?” гэж асууж билээ. Хариултыг нь “Би дундаж биш” гэж хэлэхэд Захирал маань чин сэтгэлээс нь тас тас хөхөрч билээ. Энэ бол бардамнал биш бөгөөд амжилттай ажиллах үед та өөрийн үнэ цэнээ мэддэг болдог учраас цаг хугацаагаа ч хайрлаж эхэлдэг. Манай харилцагч нар Захирал, удирдлагууддаа сургалт авахыг хүсвэл нэг цагийн 1,100,000 гэсэн үнэлгээтэйгээр хааяа хийдэг, учир нь 100 саяыг хэмнэх зөвлөгөө, мэдлэг өгдөг болохоор л тэр.

Эцэст нь: Амжилтандаа сэтгэл ханаж, түүний хоосон чанарыг ухаарч сураарай. Амжилт гэж явсаар байгаад нэг мэдэхэд хөгширчихдөг, хайртай хүмүүстээ цаг гаргаж чадаагүй байдаг тул гэртээ аль болох бүү ажиллаарай, амралтын өдрүүдэд амарч сураарай. Амраад байхаар хэдий завандаа сурах вэ? гэжүү... Амархаан, ажлын 8 цагаа аль болох бүтээмжтэй өнгөрүүлэхэд та амралтын өдрүүдэд ажиллах шаардлагагүй болчихдог. Эрүүл биед саруул ухаан оршдог тул эрт унтаж маргаашийн ажилдаа биеэ үргэлж бэлтгэж байгаарай. Яг л өдөр бүр тэмцээнд оролцож байгаа мэт.

Б.Ганжигүүр

HSCT ХХК