Та албан тушаал дэвшихийг хүсэж байна уу?

Тэгвэл Захиралдаа өөрийн удирдах ажилтны ур чадвараа харуулах нь чухал байдаг. Үүнд олон зүйлс багтдаг: Том зураглалаар харах, Амбицтай байх, Алсын хараагаа бүтээх, Багаа нэгтгэх, Багаа хамгаалах, Өөрийгөө таньж мэдэн хөгжүүлэх, Шийдвэр гаргах, Стрессээ удирдах, Уян хатан байх, Бусдыг дэмжих, Хариуцлагатай байх, Үлгэр дууриал үзүүлэх, Үнэнч байх, Зөв шүүмжлэх, Ажлаа тултал хийж үлгэр дууриал үзүүлэх гэх мэт... Надад олон зүйл дутуу байгаа ч өөрийн олж мэдсэн бага зэрэг зүйлээс хуваалц юу гэж оролдлоо:

  • Том зураглалаар харах – Та яг юу бүтээх, ямар амжилтанд хүрэх гээд байгаагаа багтаа урьдчилан харуулах хэрэгтэй болно. Үр дүн нь тодорхойгүй ажилд хүмүүсийн идэвх оролцоо их сул байдаг. Жишээ нь: Жилийн эцэс гэхэд ХАБЭА-н энэ уралдааны ялагч болцгоох уу? Тэгье тэгье тэгье... За бүгд зөвшөөрч байвал залуусаа бид ийм ажлууд хийж, тэдэн сарын тэдэнд тайлангаа явуулах хэрэгтэй, хамтдаа нэгтгээд цааш нь илгээе. Хэн хэн ямар ажил авмаар байна? Манай баг алийг нь хийж, алийг нь чадахгүй вэ? гээд нөөцөө төлөвлөнө. Нөөцийн хэсэгт: Цаг хугацаа, Хүн хүч, Мөнгө санхүү багтана. Танд цаг дэндүү бага, хүн хүч байхгүй эсвэл төсөв байхгүй бол ажил бүтнэ гэдэг асар хүнд, цагийн бөгөөд амны гарз болно... Аливаа нөөцийг бий болгохын тулд Захиралтайгаа өөрийн зураглалаа хуваалцана. Жишээ нь: Захиралаа, химийн бодис худалдах, импортлох лицензийг Байгаль орчны яамны зөвлөлөөс авахад бид ийм ийм ажил хийх ёстой бөгөөд бидэнд 6 сарын хугацаа, Байгаль орчны зөвлөх мэргэжлийн компани (би чинь ХАБ-ын хүн, Байгаль орчин бол түй ч мэдэхгүй гэдгээ Захиралдаа шударгаар хэлчихвэл илүү амар байдаг) болон 60 сая төгрөг хэрэгтэй байна...
  • Амбицтай байх – Энэ нь хэн нэгний дээр гишгэн албан тушаалын шатаар өгсөнө гэдэг үг биш юм. Өөрийн ур чадвараа харуулан зохих ёсны шагналаа авах ойлголт билээ. Тиймээс та ажил мэргэжлийн хувьд хаана хүрэхийг хүсэж байгаагаа тодорхойлон, өөрт байгаа боломж, тулгарах бэрхшээлүүдээ хүлээн зөвшөөр. Нэгэн нууцыг танд хэлэхэд: Хэрэв та тухайн албан тушаалдаа хэнээр ч орлуулж болохгүйгээр үнэхээр сайн зохицсон бол таныг хэзээ ч дэвшүүлэхгүй. Өөрөө дэвшихийн тулд өөрийн оронд ажиллах залуусаа маш сайн сургах хэрэгтэй... Амбиц буюу хүсэл тэмүүллийг та хаанаас бий болгож болно. Жишээ нь миний хувьд: 2005 онд BHP Billiton-ий дэлхийг хариуцсан ХАБЭА-н менежер Жон гэдэг нөхөр Монголд ирж билээ, хамтдаа Австрали, Энэтхэг, Монгол гурав суугаад “Их Монгол” ресторанд хоол идэж байхад надад төрсөн тэр мэдрэмж миний тухай үеийн амбицыг бий болгосон юм. Яг л Жон шиг болно доо... Энэ том албан тушаал дээр байгаа гэхэд дэндүү энгийн, дөлгөөн, ухаалаг нэгэн байж билээ. Бас нэгэн нууцыг задлахад: Албан тушаал авахаасаа өмнө үүнийг хэзээ нэгэн цагт бусдад хүлээлгэн өгнө гэдгээ санаж байх хэрэгтэй. Ажилд орох бол урлаг, гарах нь ч бас урлаг. Энержи Ресурс, Трансвест, Сумитомо-д нэгдээд багийнхандаа захидаг байсан: Хэзээ нэгэн цагт би явна, үүрд байхгүй, тиймээс энэ албан тушаалыг авахыг үнэхээр хүсэж байгаа хүмүүс сайн сурч авна уу.
  • Багаа сургах – Багшийн ажил бол үнэхээр хүнд. Хүн гаднаас нь харахад хүндлэгдээд, хүнээр ажил хийлгээд байгаа юм шиг гоё харагдавч, яг бодит ажил дээр coaching хийж бас өөрийнхөө ажлыг давхар амжуулна гэдэг 2 ажил зэрэг хийж байдаг билээ. Таны өөрийн ажил амжихгүй байхад бусдад тусална гэсэн үг. Таны багт 5 хүн байгаа бол тэр хирээр цаг их авна, 50 хүн байгаа бол бүр их цаг авна. Цаг хугацаанаас илүү Эрч хүч шаарддаг гэж би хэлнэ. Таны заасныг 1, 2, 3 хэлээд сурахгүй байгаа хүнтэйгээ 4 дэхь удаагаа хамт сууна, уур шатаж байгаа ч биеэ барина, их ахиц гарахгүй байгаа жижиг ажлыг нь хүртэл чин сэтгэлээсээ урамшуулаад магтчихад залуус тань сэргээд л ирдэг. Олны өмнө магтаж болно, гэхдээ шүүмжилж болохгүй. Шүүмжлэл бол өөр том ухагдахуун, тусад нь яръя, товчхондоо тухайн хүний нэр төрийг бусдын өмнө гутааж болохгүй бөгөөд та шүүмжлэхдээ тухайн хүн өөрийн нэр төрөө аварч үлдэх боломж олгож байгаарай.
  • Багаа хамгаал – Яаж хамгаалдгийг тэдэндээ харуулж, өөрийн өмөг түшгээ мэдрүүлж яваарай. Жишээ нь: Аль нэг хэлтсийн дарга танай хүнийг загнах асуудал үүсдэг. Та хүнийхээ урдуур ороод өөрийн цээжээрээ хамгаалах шаардлагатай. Хэрэв хэмжээнээсээ хэтрээд таны эзэмшил рүү халдаж байгаа бол “Эзэмшлээ хамгаалж буй чоно шиг шүд араагаа үзүүлэх” шаардлага ч тулгарна, гэхдээ энэ аргыг нөгөө хэлтсийн дарга та хоёр хоёулахнаа байхад л хийх хэрэгтэй, олны өмнө хэрэггүй. Нийтийн дунд эвтэйхэн зохицуулахын тулд та нөгөө даргадаа “Шүүмжлэл өгсөнд баярлалаа, тун бодууштай зүйл байна. Би өөрийн хүнтэйгээ ажиллая” гэхэд л болно. Та талархсан, бас анхааралдаа авч байгаагаа илэрхийллээ, энэ үед нөгөө дарга нэг их “асаад” байдаггүй, харин ганц хоёр дүрэлзсэн тохиолдол гарна, энэ үед ч бас Хоёулахнаа ярьж болох уу? гэж өөр өрөөнд оруулж байгаад “Идда минь чи хэн бэ? Хүн хэлээд байхад...” гэжуугаад асуудлаа шийдэж болдог. Багт алдаа үргэлж гарна, тэнд ажил явагдаж байна, хүн ажиллаж байна. Багийнхаа өмнөөс уучлалт гуйх нь таны үүрэг. Учир нь та удирдаж, төлөвлөж, гүйцэтгэлээ шалгаж, бүх зүйлийн өмнөөс хариуцлага хүлээж байгаа тул...

За хэт их нуршлаа, үргэлжлүүлээд дараа нь оруулъя.

Б.Ганжигүүр

HSCT ХХК