ХАБЭА багийнхандаа өгсөн зөвлөгөө

2013-2020 оны хооронд Трансвест Монголиа ХХК-н ХАБЭАБО газрын даргаар ажиллах хугацаанд залуусдаа дараах зөвлөгөөнүүдийг өгдөг байсан билээ:

Туршлагатай 3 гишүүнд:

1. Эрсдэл хийх зоригтой бай. Алдаа гаргахаас бүү ай, арыг нь би даана. Удаан бодоод байлгүй зүгээр л хийгээд үз, сорилт тулгарна, даван туулж байж туршлага хуримтлуулна. Асуудал гарвал хамт хийе.

2. Аавын бийд газар үз гэдэг дээ, энд тэнд өөрийн хүслээрээ, чөлөөт цагаараа очиж ажилла. Тэр тэр ХАБЭА хороонд орж ажиллаад, өөрийн мэдлэг чадвараа эх орныхоо төлөө үнэгүй зориул. Хүмүүстэй танилц, хуваалц, тэгвэл улам задарна. Би чухал хүмүүстэй нь танилцуулаад өгье.

3. Үүрэндээ өтөлж болохгүй. Цаг нь болчихвол өөрийгөө сорин өөр компанид очиж ХАБЭА Менежерээр ажилла. Энд яаж бэлтгэгдсэн бүхнээ сана, шаардлага гарвал залгаарай.

4. Ийм байгууллагууд ХАБЭА-н чадварлаг менежер болчихоор хүн хайж байна. Саналаараа явах хүн байна уу?

Туршлагагүй 2 гишүүнд:

1. Цалингаа 2 дахин нэмүүлэхийг хүсвэл Англи хэлээ сайжруул. Өөрөө мөнгөө төлөөд сургалтын курсэд яв, бие дааж сурна гэж байхгүй, сайн бөмбөгдүүл. Үүнийг орчуул. Ямар хэцүү байгааг ойлгож байна, гэхдээ үүнээс өөр суралцах арга байдаггүй юм.

2. Туршлагаа нэмэгдүүл. Хэн юуг яаж зохицуулж байгааг сайн хар, суралц. Бие дааж сур, яваандаа би чиний ажилд оролцохгүй болно. Тиймээс өглөөний багийн хурал дээр багийнхнаасаа сайн асуугаад ав.

3. Юу хийж байгаадаа дурла. Золиос гарга, тэгвэл дараа нь баярлана. Ирэх 2 жилийн төлөвлөгөө юу байна?

Сорьсон янз бүрийн үүрэг даалгавар өгнө, ямар ч бэлтгэлгүйгээр 40 зочны өмнө гараад Зочны зааварчилгаа өгүүлнэ, Судалгаа хийлгүүлнэ, Тоо баримт харуулаад юу харж байгааг нь асууна, Эр эмгүй хөдөө угсралтаар явуулна. Хатуужил хэрэгтэй, эмэгтэй хүн эрчүүдээс огт дутахгүй, харин ч зарим талаараа илүү байдаг, үүнийг нь ойлгуулна.

Мэдээллээ сайн хуваалц, бүгд нэг хүн шиг ярьдаг болохын тулд ойлголтоо нэгтгэ. Хэрэв А төлөвлөгөө бүтэхгүй бол нөөц Б төлөвлөгөө, шаардлагатай бол Я хүртэл бүх төрлийн хувилбар шийдлүүдтэй бай...

Сэтгэлгээний хувьд “баян айлын хүүхэд” шиг бай. Боломжгүй зүйл гэж байхгүй, битгий өөрийнхөө сэтгэхүй болон төсөөллийг хязгаарла, чөлөөтэй бод, сэтгэ...

Эдгээр залуус ирээдүйд том байгууллагуудын ХАБЭА Менежерүүд болцгооно. Тиймээс өнөөдөр хөлс сайн урсгавал, маргааш төдий чинээ бага стрессдэнэ.

Б.Ганжигүүр

HSCT ХХК