2005 оны зун Major Drilling-д ажиллаж байхад Bob Polson дарга маань надад яг үгийг хэлж билээ. Учир нь миний хийж байгаа ажил, ХАБЭА журам хэтэрхий нүсэр, төгс төгөлдөр лүү тэмүүлсэн байсан юм. Нөгөө журмаа эргээд харахад +10 хуудас, манай өрмийн туслахууд уншихад дэндүү зузаан роман болсон байж билээ.
2012 онд Австралид суралцаж байхад BHP-ийн ХАБЭА-н менежертэй ярилцаж байв. Мань хүн:
- Уурхайн конвейер дээр аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор 700 гаруй журам боловсрууллаа, олон жил шаардсан айхтар том ажил байлаа. Би ч түүний ажил, гаргасан цаг хугацаа, хийсэн хөдөлмөрийг магтсан, харин дараа нь нэг зүйлийг сонирхож асуусан юм:
- Үүнийг 4-р ангийн боловсролтой туслах механик уншаад ойлгох болов уу?
- Үгүй байхаа,
- Тэгвэл та яагаад ингэж хийсэн юм бэ?
- Манай Австралийн хууль их нарийн л даа, бүгдийг нь журманд оруулж өгөхгүй Хуулийн байгууллага компанийг буруутгах гээд байдаг юм...
Хэрэв 700 журмыг ажилчид ойлгож, цээжилж, амьдралд хэрэгжүүлж чадахгүй бол осол гарах нь буурахгүй шүү дээ гэх маягийн зүйл дотроо бодоод, урмыг нь хугалахгүй байхаар шийдэж үгээ залгиж билээ. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд ажиллах нь зөв ч гэлээ, бидний эцсийн зорилго бол хүний амь насыг хамгаалах билээ. Хүн үүнийг ойлгохгүй бол хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхгүй бол осол гарсаар л байх болно...
ХАБЭА улам л нүсэр болсоор байна. Яагаад ослын судалгаа тал хуудас байж болохгүй гэж? Шалан дээр хальтирсан осол ус асгарснаас болсон юм бол шалтгааныг нь бичээд, үүнийг дахин гаргахгүй байхад анхаарбал болоо юм биш үү? өөрөөсөө олон дахин асуудаг боллоо. Одоо 16 жилийн дараа харж байхад 8 хуудас ослын судалгаа уншдаг байсан Удирдлагуудаа их өрөвдөх юм. Яагаад би А4 цаасны тал нүүрэнд үүнийг багтааж чадаагүй юм бол? Удирдлагынхаа цагийг ингэж үрэх гэж дээ хэмээн өөрийгөө буруутгав.
Хүмүүс том компанийн ХАБЭА-н журам, менежмент систем сайн гэж ярьдаг. Тиймээ, үнэхээр сайн бас зузаан, гэхдээ танай байгууллагын хэмжээ, онцлогт таарах уу? гэж би байнга л асуудаг. 10,000 хүнтэй нүсэр корпорацийн нарийн журам 200 хүнтэй дундаж байгууллагад тэр бүр таараад байдаггүй. 44 размерийн гутал өмсөөд хүүхэд гүйх гэж оролдвол бүдэрч унана.
Тиймээс тухайн байгууллагынхаа хэмжээ, онцлогт тохирсон цомхон, бүрэн хэрэгждэг менежмент л хамгийн сайн. Ийм менежмент бүтээхдээ байгууллагынхаа соёлыг бас нарийн тооцож байх хэрэгтэй. Мэйл бичдэг соёл байхгүй бол мэйлээр зөвшөөрөл авах тухай дурьдаж болохгүй, хүмүүс нь дуртай хувцсаа өмсдөг соёлтой технологийн компанид нэг бүрийн хамгаалах хэрэгсэл хэрэглэх журам бас л тохирохгүй. Оффист костьюм, пиджак өмс гэж шахаад ч амжилтанд хүрэхгүй. Амжилтанд хүрэх магадлал байхгүй бол угаасаа ийм оролдлого гаргаж хайран цагаа үрэх хэрэггүй...
Гоё практикуудыг хуулбарлах нь цаг хэмнэдэг, гэхдээ болгоомжтой хуулбарлах хэрэгтэй. Тохирохгүй зүйлсийг хасаад, дутуу зүйлийг нэмээд өгөхөд л болчихдог. Эцэст нь таны хийсэн зүйлийг хэн ч ашиглаж чаддаг байх ёстой (keep it simple) - энэ бол гол дүрэм. Амьдралд хэрэгжихгүй журам зүгээр л цаас болж хувирдаг.
Б.Ганжигүүр