ХАБЭА тухай хууль, тогтоомж богинохон, хэрэгжилт муу байна уу?

Б.Ганжигүүрийн хувийн үзэл бодол: Манай салбарын хууль мэндлээд 10 дахь хавартайгаа золголоо. Энэ хугацаанд нэг удаа нэмэлт өөрчлөлт орсон. 9 бүлэг, 37 зүйлтэй, 26 хуудастай цомхон хөөрхөн хууль. Алдаа байгаа юу? Байгаа. 2015 оны нэмэлт өөрчлөлт оруулж байхад олон мэргэжилтнүүд саналаа өргөн барьсан ч оруулаагүй зүйлс байдаг, УИХ дээр ямар олон боссууд суудаг гэж бодож байна?. Гэхдээ л урьдчилан сэргийлэх, төсөв, төлөвлөгөө, эрх үүргүүдийг тодорхой зааж өгсөн, дажгүй хууль. Ийм цомхон хуулийг биелүүлж чадахгүй бол бид илүү дэлгэрэнгүй, жишээ нь: 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Австралийн Queensland мужийн ХЭМАБ хууль 347 хуудастай, 1974 оны Их Британийн ХЭМАБ хууль 117 хуудастай шиг болгочихвол мөрдөн хэрэгжүүлж чадах уу? Зөвхөн Монголынх 26 хуудастай гэж маш ерөнхий гэж ойлгож болохгүй, Канадын Альберта мужийн ХЭМАБ-н тухай хууль 37 хуудастай, АНУ-ын ХЭМАБ хууль 35 хуудастай...

ХАБЭА-н тухай хуулийг задалж, их хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулснаар яг одоо гарах сөрөг үр дагавар бол:
1. ХАБЭА-н ажилтнууд өөрсдөө ч ойлгож чадахгүй их хэмжээний бичиг баримт боловсруулах үүрэг танай ажил олгогчоос танд ирнэ. Нэг удаа би Австралид суралцаж байхдаа хамт байсан BHP-ийн мэргэжилтнээс асуулаа:
- Танай хууль их дэлгэрэнгүй юм, хэр их бичиг баримт боловсруулж байна даа? Тэр хүн: 
- Манай коневейр систем (туузан дамжуулга) дээр 800 гаруй журам байдаг. Би:
- Танай хүмүүс ямар робот биш дээ, бүгдийг нь уншиж амжихгүй байлгүй... Тэр хүн:
- Харин тиймээ, сүүлдээ ХЭМАБ хуулийн заалт болгоныг биелүүлэх гэж журам бичдэг болсон, хуулиа бид өөрсдөө ч ойлгохоо болилоо, хуульдаас зөвлөгөө авдаг болов. Муусайн хуульч нар өөрсдийнхөө эрэлт хэрэгцээг ихэсгэх гэж ингэж завааруулдаг байхгүй юу... гэв (үнэн худал нь бүү мэд, Б.Ганжигүүр)...
2. Одоо цомхон хуулиа бүрэн хэрэгжүүлж чадаагүй нөхцөлд нүсэр том хуультай болгочихвол бүр хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Алхам алхамаар нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөний дараа хууль цаашид хөгждөг. Сүүлдээ бид өөрсдөө ч хуулиа ойлгохгүй, Олон Улсын Валютын Сан, ILO, OSHA-гийн хэн нэгнээс зөвлөгөө аваад сууж байх вий дээ хэ хэ. Цомхон гэдэг нь муу гэсэн үг биш л дээ, хуулийг давуулан биелүүлээд, урьдчилан сэргийлэх арга хэмжээг илүү сайнаар хийх маш олон арга замыг нээлттэй тавьж өгсөн нь цомхон хуулий давуу тал. Тиймээс хуулиа биелүүлэхийн төлөө ажиллаж байгаад олж авсан туршлага дээрээ үндэслэн хуулинд ороогүй шилдэг арга туршлагыг хөгжүүлэхийн төлөө, хууль давуулан биелүүлэхийг эрмэлзэн ажиллавал бид хөгждөг.

Хуулийн хэрэгжилт муу байна уу?

Үнэндээ хуулийн хэрэгжилт биш хуулийг хэрэгжүүлэх ёстой, Захирлуудаа ятгаж чадах хэмжээнд төлөвшсөн ХАБЭА-н хангалттай олон мэргэжилтнүүд амьдрал дээр бэлтгэгдэж амжаагүйд асуудлын учир шалтгаан оршиж байна. Энэ бол цаг хугацааны асуудал. Бүгд суралцдаг, би ч бас суралцсаар явна. Алдаа гаргаж байна, суралцаад, ойлгож авсан жижигхэн зүйлсээ түгээгээд, багийнхантайгаа, группынхэнтэйгээ бяцхан аяллаа үргэлжлүүлэн, оюуны их далайд жижигхэн завьтайгаа сэлүүрдсээр л байна. Эргээс холдох тусам далай ямар том, бид дэндүү жижиг гэдгээ мэдрэн, айдас заримдаа хүрдэг. Тиймээс хуульд биш өөрсдийнхөө мэдлэг туршлага, дотоод хандлага руу шүүмжлэлтэй хандан, өөрсдийгөө улам хөгжүүлж, энэ мэдлэгээ хуулиа цаашид боловсронгуй болгоход зориулах хэрэгтэй гэж боддог болсон доо.

Заавал надтай санал нийлэх албагүй ээ, энэ бол миний хувийн л бодол, таны өнцгөөс хараагүй зүйл их бий...

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК