Мэргэжилтэн Менежер хоёрын хооронд

Мэдээж өсөж дэвжих зөв байлгүй яахав, гэхдээ би үүнд бэлэн үү? гэдэгтээ өөрөө өөртөө хариултаа олсон байгаарай.

Мэргэжилтэн байхад процессийн дагуу сайн гүйцэтгэхэд л ажлын үзүүлэлт хангалттай сайн гарч ирдэг. Менежер болоход хэд хэдэн үзүүлэлтийг хооронд нь хольж найруулан уран зураг бүтээх шаардлагатай тулгарна.

Процессыг дагах амархан, хүн удирдах ярвигтай. Ташуур барин богино хугацаанд хурд авч болох ч алсын замд энэ зөв шийдэл биш, учир нь багийн гишүүд туйлдсанаар сүүлдээ ганцаараа хоцордог. Тархиний мэдлэгдээ хязгаарлагдан гацахаас илүү Зүрхний мэдрэмжээ даган удирдвал хүний сэтгэлийг татдаг. Олон хүнтэй болох амархан, харин сэтгэлийг нь холтголгүй хажуудаа барих хэцүү. Сэтгэлийг нь аргамжсан байхад бие нь хаашаа холдох билээ гэж өвөг дээдэс минь ярьдаг нь бас л манлайлах урлагийн нэг гол ухагдахууныг гаргууд эзэмшиж байсны нотолгоо юм даа...

Мэргэжилтэн байхад өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээнэ, Менежер болоход багийн бүх гишүүдийн өмнөөс хариуцлага хүлээнэ. Багаа манлайлна, хөгжүүлнэ, баярлуулна, нэг зорилгын төлөө нэгтгэж, сахилга баттай, сэтгэлийн хаттай байлгаж чадвал та уулыг ч эргүүлэн, усыг нураана. Чадахгүй бол өөрөө даруулна, усандаа живнэ.

Гэхдээ цагаан үстэй болохоос хэзээ ч бүү ай, зүрх тань хүсэж байвал зүтгэх хэрэгтэй.

Яаж манлайлагч болох вэ? гэдэг олон ном байдаг, гэхдээ номноос биш амьдралаас удирдагчид төрдөг юм шүү. Дэлгүүр орохоос аргагүй байдалд оруулж байгаа танай охин, хүү ч тухайн үедээ манлайлал, нөлөөгөө танд үзүүлсэн болохоор та тэднийг дагадаг, хүссэнийг нь хийдэг. Манлайлах урлагийг харь орноос хайгаад хэрэггүй, хажууд тань байна.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК