Бусдаас

Өөрөө хийх нь мэдээж сайн. Гэхдээ манай салбарт анх орж байгаа залуусдаа бид уламжлал ёсоороо тусалж байя, тусалсаар байгаа олон мундагууддаа баярлалаа. Ялангуяа шинэхэн мэргэжилтнүүддээ сайн туслаарай - Анх "А" үсэг сурч байгаа хүүхдэд "Өөрөө сур, битгий будаа ид" гэвэл юу ч сурахгүй.

Нөгөө талаар бидний хуваалцсан, заасан бүхэн энд тэндхийн ажлын байран дээр бусдын амь насыг аварна. Бусад гэж хэн бэ? - хэн нэгний аав, ах, дүү, үр хүүхдүүд... магадгүй та бидний хамаатан садан ч байх юм билүү.

ХАБЭА-д нууц байдаг уу? - Үгүй ээ, бид санхүүгийн салбар биш болохоор нууцлаад байх шаардлага байхгүй. Ажлын талбай дээр ирж байгаа хүн болгонд дүрэм, журмаа хүртэл нуулгүйгээр танилцуулдаг шүү дээ.

Үнэнийг хэлэхэд би ч бас одоо хүртэл "хуулсаар л байна". Мэдэхгүй, чадахгүй зүйл зөндөө гарна, үүнийгээ чадаж байгаа нэгнээс нь суралцаад л явна. Дэмбэрэл гишүүн шиг "Би угаасаа хуулдаг юм, хуулсаар ч байх болно". Зорилго нь аргаа зөвтгөнө - Яагаад хуулдаг юм? Суралцахын тулд.

Шинэхэн мэргэжилтнүүдэд: Хуулахад учир бий - өөрийн байгууллагын онцлог, хүрээ, соёлд тохируулан журмуудыг өөрчлөх хэрэгтэй. Бусдын том эсвэл жижиг гуталд хөлөө тохируулах гэж бүү оролдоорой - холгодог юм шүү, харин тухайн гутлыг янзалж, өөртөө тохируулан өмсөх хэрэгтэй.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК