Төлөвлөлт маш чухал

ХАБЭА-н аливаа бодлого, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцүүд (санхүү, хүн хүч, цаг хугацаа) аль болох эрт бэлдэж яваарай. Гүйцэтгэлийг 100% амжилттай болгохын тулд 6-12 сарын өмнөөс тооцоолж, хүмүүстэйгээ ярилцаад, нөөцөө бэлдэх нь амжилтын 50% байдаг. Товчхоноор амжилтын 50% нь төлөвлөлт юм.

Жишээ №1: Хэрэв өвлийн гуталны нийлүүлэлтийг 10-р сарын 15-нд тавих гэж байгаа бол 5-р сард эхлэх нь зүйтэй. Учир нь улирал эхлээгүй, үнэ нэмэгдээгүй, үйлдвэрүүдийн ачаалал ихдээгүй байдаг.

Үүний тулд:
1. Өмнөх оны 12-р сард төсвөө гарган батлуулахдаа үйл ажиллагаагаа 5-р сард эхлэхээр төсөвлөн, төлөвлөөд, батлуулна.
2. 5-р сар болоход Хангамжийн албандаа захиалгаа өгч өвлийн гуталны тендер зарлуулна.
3. 6-р сард тендерээ үнэлээд, ханган нийлүүлэгчээ тодруулна.
4. 7-8-р сард ханган нийлүүлэгч нь үйлдвэрүүдэд захиалгаа өгөн, оёулаад, Монголд татан авч ирнэ. Энэ үйл ажиллагаанд 2 сарын хугацаа хэрэгтэй байдаг. Үйлдвэрийн ачаалал, гааль, тээвэр, татвар мундахгүй их сорилт ажлын явцад тулгардаг. Хэрэв шаардлагатай бол “ханган нийлүүлэгчээ солих” цаг хугацаа танд үлдэнэ.
5. 9-р сард ханган нийлүүлэгчээс Байгууллагынхаа агуулахад татан авалтаа хийдэг.
6. 10-р сард өвлийн хангалтаа ажилтан ажиллагсаддаа олгоно.

9 юм уу 10-р сард аль нэг дэлгүүрээс гутал аваад ажилчиддаа олгоно гэж бодож байвал оройтсон байх болно. Учир нь бүгд л ингэж яардаг учраас лангуу хоосорчихдог, үлдсэн хэд нь таны сэтгэлд нийцэхгүй эсвэл размер нь дутдаг. Хүйтний улирал эхэлж байхад таны гутлаа үйлдвэрт захиалах гэвэл үйлдвэрүүд аль хэдийн 100% ачааллаа аваад, 1-2 сар хүлээнэ үү гэсэн хариу өгдөг.

Жишээ №2: Хэрэв аливаа ХАБЭА уралдаан, тэмцээнд оролцохоор бол 1 жилийн өмнөөс бэлтгэл ажлаа хангана.

1. Өмнөх оны 12-р сард холбогдох төсөв (санхүү, хүн хүч, шаардлагатай тусламж)-өө өргөн барьж, захирлаар батлуулна.
2. 1-р сард холбоотой бодлого, дүрэм, журмаа боловсруулна. 
3. 2-р сард шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчээ сурган, нөөцөө бүрдүүлнэ.
4. 3-р сард төлөвлөгдсөн төсөл хөтөлбөрүүдээ хуваарийн дагуу нэвтрүүлнэ.
5. 4, 5, 6-р сард хэрэгжилт дээр анхааран, жижиг алдаануудыг цаг тухайд нь засаад явна.
6. 7-р сараас тайлангаа бичиж эхэлнэ. Энэ явцад дутуу үлдээсэн, хэрэгжүүлэх шаардлагатай хөтөлбөрүүд байвал үүнийг амжуулахад 11-р сар хүртэл хангалттай хугацаа байдаг.

ЯАРАЛТАЙ, ЯГ ОДОО гэдэг үгийг аль болохоор хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй, хэрэв та болон таны ажлын найзууд үргэлж яарч байдаг бол нэг л зүйл буруу байна - ТӨЛӨВЛӨЛТ. Бачуу цаг хугацаанд амжуулсан ажил бүхэн 100% чанартай байж чаддаггүй. Бүх зүйл амьдрал дээр бэлэн биш, тиймээс үүнийг бий болгох, бүрдүүлэхэд өөртөө хангалттай цаг хугацаа олгон, алсын хараагаа 1 сараар биш 3-5 жилээр сунган, эртнээс нөөцөө бэлдэж аваад төлөвлөгөөний дагуу жигд хүчээр ажлыг удирдаж сураарай.

Өөрөөр хэлбэл хүүхдээ аль сургуульд оруулахыг 3 сарын өмнө биш, 1 жилийн өмнө шийдээд, үүнд нь зориулж конкурсэд бэлдүүлдэгтэй л адил. А төлөвлөгөө бүтэлгүйтвэл үргэлж Б төлөвлөгөөтэй байгаарай, учир нь Амьдрал баян, үргэлж санаснаар байдаггүй. В төлөвлөгөөтэй бол бүр сайн байдаг билээ.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК