7 давхар барилгыг ганцхан өдөрт

Маш том ажлыг 1 сарын дотор хийхээр төлөвлөдөг ерөнхий алдаа их ажиглагддаг. Жишээ нь: "Аюулыг мэдээллэх хуудсыг нэвтрүүлнэ" гээд 4хөн үгийг ганц мөрөнд бичсэн ч үүний ард асар их хөдөлмөр нуугдаж байдаг билээ, тэгвэл үүнийг жижиглэж задалснаар хэр их зүйл хийхийг тайлбарлаж өгье:

1. Бусад газрууд аюулыг мэдээллэх ямар хуудсууд хэрэглэдэг талаар судалгаа хийнэ - 14 хоног
2. Тэдгээр хуудсуудтай холбоотой ямар дүрэм, журам хэрэглэдэг талаар олж мэднэ - 14 хоног
3. Өөрийн байгууллагын бүтцэд тохируулан хэрхэн өөрчилж, нэвтрүүлж болох талаар хамт ажиллагсадтайгаа ярилцана - 10 хоног.
4. Санаа оноогоо удирдлагадаа танилцуулна - 2 хоног
5. Танай удирдлага бусад хэлтэс, алба, газрын удирдлагуудад танилцуулж, зөвшөөрөл авна - 7 хоног
6. Бусад газрууд зөвшөөрсөн тохиолдолд сургалтын материалаа бэлтгэнэ - дор хаяж 14 хоног.
7. ХАБЭА-н хороогоор оруулан, Байгууллага даяар мөрдүүлэх шийдвэр гаргуулна - 1 хоног
8. Хорооны шийдвэр дээр үндэслээд шаардлагатай бол Гүйцэтгэх захирлын тушаал гаргуулна.- 1 хоног
9. Аюулыг мэдээллэх хуудсаа тоо хэмжээг нь 200%-иар тооцоод хэвлүүлнэ - 10 хоног. Цөөн тоогоор олон хэвлэснээс олон тоогоор нэг хэвлүүлэхэд зардлыг 2-3 дахин бууруулж болдог.
10. Сургалтын зараа 14 хоногийн өмнө илгээж, бусад хэлтсүүдэд хүнээ илгээх, төлөвлөх хугацаа олгоно.
11. Товлосон өдрүүддээ сургалтуудаа хийнэ. Хуваариар ажиллаж байгаа бүх хүмүүсийг хамруулахын тулд дор хаяж 3 удаа хийх шаардлагатай болдог, сургалт хийж байхдаа хүн бүрт аюулыг мэдээллэх хуудсаа тарааж өгнө - 1 сар
12. Үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд шаардлагатай бол урамшууллаар хөшүүрэгдэнэ - 1 сар.
13. 3-6 сарын туршид хяналт тавьж, мэдээлэл олгоно. Эс бөгөөс ойлгоогүй хүмүүс хэрэгжүүлдэггүй. Хяналт тавьж, заах процесс заримдаа 3 жил үргэлжилдэг. Учир нь байгууллагад хүмүүс шинээр орох тоолонд таны хийх ажил нэмэгддэг.
14. Аюулыг мэдээллээд сурсан бол хуудсыг нь багасгах эсвэл үүн дээрээ эрсдэлийн үнэлгээ хийдэг болох гэх мэтээр цаашид хөгжүүлдэг...

Дээрхи жишээний дагуу хийх ажлаа илүү жижиглэж харвал зарим төлөвлөгөөт ажлаа заасан хугацаанд амжих боломжгүй, танд илүү хугацаа хэрэгтэй байгааг мэдэх боломжтой.

Хэрэв та өөрөө төлөвлөж, хийнэ хэмээн амласан ажлаа тухайн хугацаанд хийж амжихгүй тохиолдолд Удирдлагуудаас зэмлэл ирдэг. Үүнд удирдлагуудаа бүү буруутгаарай, та л "7 давхар барилгыг 1 өдөрт багтааж барина" гэж амалсан шүү дээ.

Зөвлөгөө:

1. Төлөвлөгөөндөө юу оруулахаа сайн бод.
2. Хийх ажлаа ширхэгчлэн задалж, микроскопоор хар.
3. Өөртөө ахиу цаг олгож, ажлаа алхам алхамаар бөгөөд чанартай хий. Алдаа гарахад үүнийг засах цаг хугацаа танд байх болно.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК