Хэдэн жилийн туршлагатай вэ? Хэр чанартай туршлагатай вэ?

Зарим ХАБ-ын ажлын байрнуудын зарыг харахад 3-аас доошгүй жилийн туршлагатай гэсэн байдаг. Туршлагыг жилээр хэмжих нь зөв үү? Зөв, гэхдээ энэ бол үнэний тал нь юм. Үүнээс цааш тэр хүн 3 жил ажиллахдаа хэр чанартай туршлага хуримтлуулсан бэ? гэдэг нь чухал гэж боддог. Том том компанид мэргэжлээрээ ажиллаж байсан гэж ярьдаг ч “гараас нь юу ч гардаггүй мэргэжилтэн”-үүдтэй та тааралдаж явсан л байх.

Монголд сайн сайн компаниуд, ТББ, сургалтын төвүүд зөндөө байна. Гэхдээ эдгээр компанид ажиллаа гээд бүхнийг сурч авна гэсэн үг биш юм, хэр чанартай туршлага олж авах нь хувь хүний хандлагаас хамаардаг.

Хувь хүний хандлагыг дотор нь задлаад харвал энэ хүн ХАБЭА-н ажилтан гэдэг мэргэжилтэй дуртай юу? гэдэг долоохон үгтэй асуултаас их зүйл шалтгаална. Учир нь хүний дур сонирхлоос (хүсэл тэмүүлэл, мэргэжилдээ дурлах, хобби гэж бас хэлж болно) хамаараад тухайн мэргэжилдээ хэр хурдан суралцах, чанартай туршлага хуримтлуулах, хөгжиж дэвших “чанарын ялгаа” гардаг билээ.

Эцсийн эцэст чанар бүгдийг тодорхойлдог юм уу даа гэж бодном. Чанартай туршлага хуримтлуулсан (чадварлаг) боловсон хүчин авахыг байгууллага болгон хүсдэг. Тиймээс байгууллага эхлээд юу хүсэж байгаагаа тодорхойлсны дараа уг хүсэж байгаа зүйлээ юугаар хэмжиж, шалгах вэ? гэдэг асуудалтай тулгардаг.

Чанартай ХАБЭА-н ажилтан олж авахын тулд миний хувьд хэрэглэдэг тактикаас дурьдвал ярилцлагын үеэр мэргэжлийн хэд хэдэн асуулт тавьдаг. Жишээ нь: ХАБЭА-н тухай хуулийг уншсан уу эсвэл мэдэх үү? Хариулт нь их олон янзаар ирдэг: Тиймээ уншсан эсвэл мэднэ гээд дуусгадаг хүн байхад, хуулийг тайлбарлаад, дотор нь задаргаа хийгээд, хуулийн зүйл анги асуухад нүдэнд харагдтал яриад, өөрийн санал бодлоо илэрхийлдэг хүн байна. Цааш нь тухайн хүний мэдлэгийг улам сорихын тулд заримдаа хууль батлагдсан огноог яриан дундуураа асуудаг. Хариулах хүн ч байна, мэдэхгүй хүн ч байна. Ганц энэ асуултаас гэхэд тухайн хүн уг хуулийг уншсан, мэдсэн, судалсан уу гэдгийг харж болдог юм билээ. Судалсан хүн бол яагаад нэмэлт өөрчлөлт нь 2015 оны 5-р сарын 14-нд орсон талаар процессыг нь ярьж өгдөг.

Чанартай туршлага хуримтлуулсан ХАБЭА-н ажилтан болохын тулд юу хийх ёстой вэ?

Маш амархан, ердөө л мэргэжилдээ дурал гэсэн ганц зөвлөгөө л хэлье. Та ямар ч ажил, мэргэжилтэй бай, зөвхөн үүндээ дуртай байхад та өөрөө ч мэдэлгүй маш хурдан хөгждөг. Жишээ нь: Манай нэг таньдаг хүн суудлын машин их сонирхдог, засдаг, задалдаг, зардаг... Машин түүний хобби гэж хэлж болно. Хэдэн цагаар ч хамаагүй машин ярьдаг хүн юм. Гэтэл тэр хүн ШУТИС-ын Механик инженерийн сургууль төгсөөгүй, харин мэдлэг болон амьдралаас олж авсан туршлага нь 3 жил ажилласан ямар ч инженертэй харьцуулшгүй байдаг. Сонин байгаа биз? Юу тэр хүнийг ийм болгов? Ердөө л түүний машин сонирхох хобби... Та тэр хүнтэй хамт яваад Да Хүрээ-гээс машин худалдан авбал юу болох вэ? Мэдээж хамгийн сайныг нь тохиромжтой үнээр авна, эсвэл одоо хэрэглэж байгаа машинаа үзүүлэхэд л юу нь болохгүй байгаа, хэрхэн засахыг хэлээд өгдөг.

Үнэндээ мэргэжлээрээ 3-5 жил ажиллаад, юу хийхээ гадарладаг, 10-аас дээш жил ажиллаад юу хийхээ мэддэг, 20-оос дээш жил ажиллаад юу хийж байгаагаа ойлгодог болсон үед хэн ч таны их сургуулийн голч дүнг асуухгүй ээ. Хэрэв асууж байвал та “би энэ компанид ажиллах нь зөв үү” гэж эргэлзэж болно. Яагаад гэвэл таны үнэ цэнэ өнөөдөр юу хийж чаддаг вэ гэдэгт оршдог, цаасан дээр бичигдсэн 3-20 жилийн өмнөх мэдээлэлд биш юм.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК