Төлөөсийг нь төлбөл шагнал ирдэг

Төлөөсийг нь хөлс, хүч, амьдралынхаа цаг хугацаагаар төл, тэгвэл шагнал нь ирдэг.

Золиосгүй ялалт гэж үгүй. Бид аливаа амжилтанд хүрэхийн тулд “үнийг нь төлөх”-өд бэлэн байх хэрэгтэй. Жишээ нь: Манай том охин 1-р ангид орон үсэг сурч байна. Сурахын тулд гэрийн даалгавраа заавал хийнэ. Орой бүр 1-2 цаг шаарддаг. Энэ бол золиос – гадаа тоглохын оронд даалгавраа хийх цаг хугацаа, ширээний ард цомцойтол суух тэвчээр, буруу бичсэн бол дахин зөв бичиж алдаанаасаа суралцах... Шагнал нь жилийн эцэс гэхэд үсгээ цээжлээд бага ч гэсэн уншиж сурсан байх болно.

Бусдын амжилтыг хараад бид цагаахан “атаархдаг”. Нөгөөтэйгүүр тэр хүний гаргасан золиосыг би гаргахад бэлэн үү? гэж өөрсдөөсөө асууж байгаарай. Асгасан хөлс, зарцуулсан хүч, зориулсан цаг хугацааны дараа хүн гэдэг амьтан мэдлэгийг ухаарч, алдаанаасаа суралцан туршлагаждаг юм уу даа. Үсээ цайтал бодох үе гарна, би яах гэж энэ мэргэжлийг сонговоо? гэж гутрах тохиолдолд ч бий, золиос нь дөнгөж 35-тай боловч бууралтсан үс, шагнал нь ХАБЭА-н талаархи ойлголтууд.

Ямар хүн амжилтанд хүрдэг вэ? гэж нэг хүн тэртээ 10-аад жилийн өмнө асууж байсан юм. Тухайн үед би хариултыг нь мэддэг байгаагүй ээ, урсгалаараа л явж байсан. Одоо бодоход “уйгагүй, ичдэггүй” хүн амжилтанд хүрдэг юм болов уу гэсэн ойлголтын бяцхан оч тархинд минь орж иржээ. Асуухаас ичдэггүй, мэдэхгүй байгаагаа хэлэхээс ичдэггүй, мэдлэг олж авахаас ичдэггүй, алдаа гаргасан бол уучлалт гуйхаас ичдэггүй... Уйгагүй – алдаа гаргасан ч дахин дахин хийдэг, суртлаа хийдэг, хөрсөн дор юу байгааг мэдэхгүй ч ухсаар л байдаг, асуултын тэмдэгнийхээ хариуг олох гэж мэрийдэг, өөдөөс чинь цас бороо шуурч байсан ч зорьсон газар луугаа алхсаар л байдаг гэсэн үг.

Айлгах гэж үүнийг бичсэнгүй ээ, харин амжилт ойрхон, ердөө л давааны цаана байдаг, тиймээс уйгагүй урагшлаарай, бүдэрсэн ч битгий ич, тоосоо гөвж босоод урагшлаарай гэж зоригжуулахын тулд бичлээ.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК