Сайн төсөвтэй байх маш чухал – ХАБЭА Менежерүүдэд зориулав

Энэ хорвоод бүхнийг чаддаг супер мэргэжилтэн гэж байдаггүй. Харин дажгүй зохион байгуулагч гэж бол байдаг. Ажлаа яаж сайн хийх вэ? - Удирдлагаас олон төрлийн үүрэг даалгавар өгдөг, үүнийг биелүүлэхийн тулд богино хугацаанд таниас олон төрлийн ур чадвар шаардагддаг. Хэрэв танд тэр бүх ур чадвар байхгүй бол байгаа хэн нэгнийг хөлсөлж ажиллуулах хэрэгтэй болно, учир нь танд сураад байх цаг хугацаа байхгүй байх үе бий. Жишээ нь:
- Эмнэлгийн үзлэг олон зуун сая төгрөг зарцуулж хүмүүсээ үзлэгт орууллаа гэж бодъё. Ийм их мөнгө зарцуулсан юм чинь ямар нэг тайлан гарах ёстой, удирдлага маань үр дүнг нь мэдэхийг хүснэ, эрүүл мэндийн асуудлаас ямар эрсдэл үүсч болохыг мэдэхийн хүснэ. Гэтэл Б.Ганжигүүрын анагаахын мэдлэг ОХУ-ын “Дадлагажигч” инээдмийн киног үзсэнээс хэтрэхгүй. Тиймээс мэддэг хүнийг хөлслөөд, ажлын байран дээр шинжилгээ хийлгэн, дүгнэлт гаргуулах, ирээдүйд 160 хүний энэ жил болон өнгөрсөн жилийн үзлэгийг нь харьцуулаад, дүгнэлт хийгээд өгөх “сайн” эмнэлгийн байгууллага эсвэл эмч хөлслөх шаардлагатай болно.
- Өргөх тээвэр хэрэгслээ бүрэн бус байна уу? үгүй юу гэдгийг Б.Ганжигүүр мэдэхгүй. Өрөмдлөгийн инженер болохоос Механик инженер биш. Тиймээс үүнийг шалгуулахын тулд чанартай үйлчилгээ үзүүлдэг, сайн байгууллага хөлсөлж авах шаардлагатай болдог. 
- Хувцас хийлгэхээр боллоо. Б.Ганжигүүр нь ШУТИС-д Хөнгөн үйлдвэрийн инженерээр ШУ-ны бакалавр хамгаалсан боловч олон жил мэргэжлээрээ ажиллаагүйгээс үүдээд онол байтугай практикаа мартсан. Тиймээс надад сайн дизайнертай оёдлын үйлдвэр хэрэгтэй.
- Байгаль орчин, маш том ухагдахуун. Ганжигүүрт энэ талаар гүнзгий мэдлэг байхгүй, тиймээс мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах шаардлагатай болно... гэх мэтчилэн маш олон асуудал тулгарахад зөвлөгөө авах, хөлслөөд ажлаа хийлгэх хэрэгтэй болдог. Үүнд мөнгө хэрэгтэй, мөнгөгүйгээр сайн мэргэжилтнээс ганц хоёр удаа үнэгүй зөвлөгөө авч болох боловч урт хугацаанд би тэр хүнээс “тархины хөлс шавхан, дээд зэрэглэлийн мэдлэг” авч чадахгүй, үнэгүй ашиглах гэж оролдох тусам тэр хүн эсвэл байгууллага миний утасны дуудлагыг авахаа больж надаас зугтана. Тиймээс төсөв дээрээ энэ бүхнээ нарийн тооцоод, Захирлаараа батлуулдаг, Захиралдаа ч шударга тайлбарладаг: Хөдөлмөрийн Аюулгүй Байдлын салбарт бол ямар ч асуудал алга, би бүгдийг нь дээд зэрэглэлийн түвшинд хийнэ, харин энэ зорилгыг биелүүлэхийн тулд энэ энэ салбарт надад нарийн мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй болно. Зах зээл дээр ийм ийм нарийн мэргэжлийн мундаг байгууллагууд байна, цагийн хөлс нь тэдэн төгрөг... Бичигдээгүй дүрэм – Аль ч салбарын сайн мэргэжилтэнг мөнгөөр хөдөлгөдөг. Тэр хүн/байгууллага надад зарцуулах хугацааг мөнгөөр л төлнө, тэр хүн үр хүүхэдтэйгээ аз жаргалтай өнгөрүүлж болох цаг хугацааг нь мөнгөөр л худалдаж авна. Бүх сайн мэргэжилтнүүдийг хөлслөөд байгууллагадаа ажиллуулъя гэж бодож болохгүй, энэ бол гэнэн бодол. Сайн нөхдүүд нэгэнт байр сууриа олсон бол "хөдлөх" дургүй байдаг, харин "хөлслөгддөг". Энэ харилцаанд миний хүлээх үүрэг бол төлбөрөө цаг тухайд нь заавал төлөх дээр маш их анхаардаг. Ингэж байж тэр сайн мэргэжилтнүүдээс урт хугацаанд мэдлэгийг нь байгууллагадаа ашиглах боломж бүрддэг. Нөгөө талаар өндөр үнэтэй тэр хүн эсвэл байгууллагыг байнга хажуудаа байлган бүрэн ашиглах чадахгүй байснаас - хэрэгтэй үедээ мөнгөө төлөөд хэрэгтэй зүйлээ авчих нь байгууллагад санхүүгийн хувьд хэмнэлттэй байдаг.

Сайн байгууллагууд хэзээ ч хямд байдаггүй, учир нь тэд аливаа ажлыг яг ёс журмаар нь гүйцэтгэдэг учир зардал нь өндөр байдаг. Жишээ нь: Манай талбай руу нэвтрэхэд каск, шил, гутал, хувцас гээд бүх НБХХ-ээ өмссөн байх ёстой, үүнийг тэр байгууллага худалдаж авна. Хямд үнээр хийе гэсэн “би чадна” нөхдүүд манай ажлыг хийхээсээ илүү осол гаргах, манай өмчийг эвдэлчих гээд байдаг, ядахдаа гутал, хувцасандаа ч мөнгө зарцуулж чаддаггүй.

Тиймээс та хэр төсөвтэй, хэр мөнгөтэй байх вэ? гэдгийг өөрөө л шийднэ. Үүнд Захирал, Санхүү, Хүний нөөц... ер нь хэн ч буруугүй. Нэг зүйлийг би ойлгож авсан юм - Би хүсэж байгаа хэмжээгээрээ л мөнгөтэй байж чаддаг юм байна. Би танахыг нь мэдсээр байж төсвөө дутуу оруулаад, улам тануулсан бол "хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ". Би атийж унтахыг хүсэхгүй байгаа бол ор худалдан авах мөнгөө төсөвлөнө, батлуулахын тулд бүх хүмүүст үүнийгээ ойлгуулна, үүнийг би хийнэ, өөр хэн ч хийхгүй.

Өөрийн баримталдаг зарчмаас хуваалцав, хэт шударга сонсогдож байвал уучлаарай, гэхдээ “Трансвест Монголиа”-ын ХАБЭАБО газрын гэрээт байгууллагууд бол бидэнтэй хамтарч ажиллахад дуртай байдаг. Хамтарч ажиллая гэсэн хүсэлтүүд ч их ирдэг, учир нь бид сайн төлдөг. Бидний төлж буй төлбөрт сэтгэл хангалуун байдаг учраас тэд маань аливаа өгсөн үүрэг даалгавар, ажлыг сэтгэлээс, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг. Тэдний гүйцэтгэл манай байгууллагын ХАБЭАБО дээр үүсэх эрсдэлийг бууруулдаг, тэдэнд төлсөн мөнгөнөөс их гарч болзошгүй ослын зардлаас Байгууллага маань сэргийлдэг билээ. Байгууллага дээрхи эрсдэл буурвал, осолд зарцуулж болох байсан мөнгө Байгууллагын маань дансанд үлдэнэ – Энэ бол манай байгууллагын хувьд АШИГ.

Төсвийн 1-р жишээ ЭНДЭЭС татаарай. 2018 оны төсөв тул үнэ өөрчлөгдсөн байгааг анхаараарай.

Төсвийн 2-р жишээ ЭНДЭЭС татаарай.

Төсвийн 3-р жишээ ЭНДЭЭС татаарай.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК