Хандлага хувьсахуй + өдөөгдөхүй

Зарим хүн гайхдаг, хүний хандлага өөрчлөгдөн, хувьсах гэнэ үү? гэх байх. Тиймээ, хүний хандлага хувьсдаг, ХАБЭА-н хандлага өөрчлөгддөг.

Үүнийг хялбар жишээн дээр тайлбарлья: Та хүүхдээ болохгүй юм хийх болгонд нь зодвол тэр танд үнэнээ хэлэхээ болино. Хийсэн үйлдэл болгоноо нууж, аавын нүдэнд аль болох өртөхгүйг хичээн, харж байх үед нь аль болох дөлгөөхөн байхыг хичээдэг болно. Ажлын байран дээр энэ асуудлыг хөрвүүлбэл гаргасан аюултай үйлдэл, алдаа болгонд нь ажилчдад сахилгын шийтгэл оногдуулаад байвал тэд аюулыг мэдээллэхээ больчихдог. Цаасан дээрээс харахад ямар ч аюул илрэхгүй, мэдээллэгдэхгүй сайхан болсон юм шиг харагдаад эхэлдэг ч энэ нь хуурмаг үзэгдэл юм, учир нь нөгөө талд ослын тоо буурахгүй байгааг та харна. Хүүхдийн төлөвшилд болон Байгууллагынхаа соёлын төлөвшилд цаг гаргахгүй л бол дараа нь зовлонг нь үүрнэ гэдгээ сайтар ухамсарлаж байх хэрэгтэй. Дэлгэрүүлээд хэлэхэд гэртээ хүүхдэд, ажил дээрээ ХАБЭА-н соёлдоо “мөнгө биш цаг” гаргах хэрэгтэй. Надаас ганц нэг ХАБЭА-н ажилтнууд асуудаг: “Хичнээн төгрөг ХАБЭА-д зарцуулж байна даа?”, би эргээд асуудаг “Харин та хичнээн цаг хугацааг зориулж байна даа?”...

ХАБЭА-н уралдаан зарлачихаад юугаар шагнах вэ гэдгээс илүүтэйгээр хэнийг урамшуулах вэ гэдэг нь их цаг хугацаа авдаг = хүүхдийнхээ гаргасан мундаг үйлдэлд юу өгөхөө бодохоос илүүтэйгээр ямар үйлдлийг нь “аав нь чамаар бахархаж байна” хэмээн урамшуулах тухай билээ. Уралдаан ч мөн хандлагыг өөрчилнө, чанартай ганц “Монголчууд аюулгүй ажилладаг” уралдаан байхад хүний хандлагыг өдөөж болдог. Болсон болоогүй олон янзын уралдаан заримдаа ажилчдыг залхаадаг. Тиймээс хэзээ, ямар ХАБЭА-н уралдаан зарлахаа та эхлээд бодоорой, шаардлагатай бол 3 сар ч бодсон болно. Бодохын эцсийн шалтгаан бол Ажилчдын аюулгүй ажиллах хандлагыг нь өдөөх зорилгоор хэзээ, ямар уралдаан, яаж зохион байгуулах вэ?, аймаар их мөнгөтэй уралдаан зарлах уу? эсвэл ганц малгайгаар урамшуулсан ч үүнийг Захирал нь өөрийн биеэр бүх хамт олныхоо өмнө гардуулдаг уралдаан байх уу? аль нь байж болно, гол нь өөрт дарамтгүй хамгийн хялбар замаар, энгийн зохион байгуулалттай хийх нь л чухал.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК